Categories
гадаад мэдээ

Бээжингийн марафонд оролцогчид амны хаалттай гүйжээ

34 дэх удаагийн Бээжингийн олон улсын марафон өчигдөр боллоо. Тяньаньмэний талбайд эхэлсэн тус гүйлтийн тэмцээнд оролцогчид хотын утааны улмаас амны хаалт зүүхээс аргагүйд хүрсэн хэмээн РИА Новости мэдээлж байна.

Олон улсын марафон гүйлтийн тэмцээний өдөр агаарын бохирдлын индекс маш өндөр байсан бөгөөд хүүхэд, ахмад настан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг зайлшгүй шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг сануулжээ.

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар өчигдөр Бээжин хотын агаарын бохирдлын индекс 344-д хүрчээ. Харин ДЭМБ-аас тогтоосон стандартаар агаарын бохирдлын хэмжээ шоо метр тутамд дунджаар 25 микрограммаас давах ёсгүй аж.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид тэмцээнд оролцогчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, тамирчид биеэ арчихад нь зориулж 140 мянган ширхэг нойтон хөвөн бэлджээ.

Бээжингийн олон улсын марафонд дэлхийн олон орны 30 мянга орчим тамирчин оролцсон. Гэвч өтгөн утааны улмаас зарим тамирчид тэмцээнийг дундаас нь орхиход хүрчээ.

БНХАУ-ын агаарын бохирдол 2013 оноос хойш эрс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хятадын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар АНУ, ОХУ тэргүүтэй олон улсын мэргэжилтнүүд ирэх сард Бээжинд хуралдаж, санал солилцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *