Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Бээжингээс Улаанбаатар хүртэлх нислэгийн суудал наадам дуустал дүүрсэн байна

Холбоотой Зураг

Зуны урин дулааны улирал, аялал жуулчлалын ид үед онгоцны билет өндөр үнэтэй байдаг. Үүнээс гадна суудал олддоггүй. Саяхан Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас тийзний үнэ буурахаар боллоо гэсэн мэдээлэл хийсний улмаас онгоцны тийз хямдарна гэсэн хүлээлт хаа хаанаа үүсээд байгаа билээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар тодруулахад, онгоцны тийз хямдраагүй, үнэтэй хэвээрээ байна. Үнэ буурах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэдгийг билет борлуулдаг газрууд хэлж байна. Түүнчлэн олон улсын нислэгийн суудал дүүрсэн, билетийн олдоц муу байгаа аж. Тухайлбал, Бээжингээс Улаанбаатар хүртэлх нислэгийн билет олдохгүй, пиг дүүрсэн байв. “Айр Маркет”-аас лавлахад “Бээжингээс Улаанбаатар суудал байхгүй байна. Яг хэзээ суудал гарахыг хэлж мэдэхгүй. Лав Үндэсний их баяр наадам хүртэл суудал байхгүй байна. Суудал нэгэнт тавигдаагүй учраас үнэ хараахан гараагүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Сөүл-Улаанбаатар чиглэлд гэхэд энгийн суудал байхгүй, хүлээлгэнд үнэ арай өндөртэй суудлыг хэд хоногийн дараагаар захиалж болохоор байна гэж хэлж байв. Ийнхүү аялал жуулчлалын оргил үед гадагшаа нисэх болон Монгол руу ирэх хүмүүст билет олдоц муутай байдалтай байгаа юм.

Чингис хаан нисэх буудал зурган илэрцүүд

Нислэгийн үнэ хэдийнээс эхлэн буурах талаар албаны хүмүүсээс тодруулахад “Манай улс БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөсөн байгаа” гэж мэдэгдэв. Энэ нь ирэх долоо хоногт болох уулзалтын үр дүнгээс шалтгаалж, хэзээнээс эхлэн ямар үнээр буурах эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ зундаа багтан онгоцны билетийн үнэ буурна гэсэн итгэл алга байна. Учир нь олон улсын чанартай нислэгүүдийн хувьд агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд ярилцаж шийдэгддэг учраас шууд тухайн цаг үед нийцсэн шийдвэр гарах бололцоогүй гэсэн үг юм. Дашрамд дурдахад, манай улсад олон улсын нислэгийг БНСУ-ын “Корейн эйр”, МИАТ гэсэн хоёр л компани нислэг үйлдэж байгаа билээ.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *