Categories
гадаад мэдээ

Бээжинд Зика вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Хятад улсын нийслэл Бээжин хотноо зика вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр Бээжин хотын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Дээрх мэдэгдлээс үзэхэд өвчтөн 29 настай, эмэгтэй бөгөөд Хятадын зүүн нутагт оршдог Шаньдун мужаас гаралтай юм байна.

Тэрээр Венесуэл улсад зорчоод энэ сарын 13-нд эх орондоо эргэн иржээ. Тус эмэгтэйг Венесуэлд байх хугацаанд халуурах, арьсан дээр нь тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар түүнийг Хятадад эргэн ирсний дараа эрүүл мэндийн албаныхан шинжилгээ хийхэд зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Эрх баригчдын өгсөн мэдээллээр өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэн, эмчилгээ хийж эхэлсэн байна. Энэ удаагийн тохиолдлоос үүдэн Бээжин хотод зика вирусын халдвар тархах магадлал харьцангуй бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Үүнтэй зэрэгцэн Хятадын Гуандун мужид зика вирусын халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ. Хятадын иргэн, 37 настай эрэгтэй Венесуэл улс руу яваад, өнгөрсөн сарын 28-нд эргэж ирсэн байна. Харин тус эрэгтэй зика вирусын халдвар авсан болохыг өнгөрсөн бямба гарагт албан ёсоор тогтоожээ. Ингэснээр Гуандун мужид бүртгэгдсэн зика вирусын халдварын тохиолдол 12-т хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *