Categories
мэдээ нийгэм

Бээжин 2022 наадмын бамбарыг уйгар гаралтай тамирчин асаалцжээ

Өчигдөр орой болж өнгөрсөн Бээжин 2022 өвлийн олимпын наадмын нээлтийн арга хэмжээний үеэр олимпын бамбарыг эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин асаасан билээ.

Тэдний нэг болох эрэгтэй нь Хятадын үндэсний цөөнхийн нэг төлөөлөл болох уйгар гаралтай тамирчин байсныг Бээжингээс мэдээлжээ.

Бамбар асаалцсан тамирчныг Динигер Иламужян гэдэг бөгөөд Шинжааны уйгар гаралтай гүйлтийн цанын тамирчин юм байна.

Энэ удаагийн олимпын наадам өрнөдийн орнуудын дипломат бойкотын дор зохион байгуулагдаж байгаа.

Хятадын эрх баригчид Шинжаанд уйгар үндэстнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг нь зөрчиж байгааг буруутгасан АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд Бээжингийн олимпын наадмын нээлтэд албаны болон дипломат төлөөлөгчөө илгээгээгүй юм.

Human Rights Watch байгууллагын тайланд өгүүлснээр Хятадын засгийн газар нэг сая орчим уйгар үндэстнийг улс төрийн боловсрол олгох хуарангуудад хорьж буй гэсэн мэдээлэл бий.

Харин Хятадын тал үүнийг няцаадаг бөгөөд олимпын бамбарыг уйгар гаралтай тамирчнаар асаалгасан нь өрнөдийн орнуудын бойкотод өгсөн хариулт болж байна.

Баасан гарагт Эмнести Интернэйшнл байгууллагаас Бээжин 2022 олимпын наадамтай холбогдуулан гаргасан мэдэгдэлд “Хүний эрхийн зөрчлийг спортоор угаах боломжгүй” хэмээн анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *