Categories
мэдээ спорт

“Бээжин 2022” наадамд Япон улсаас 20 ах дүү тамирчин өрсөлдөж байна

Ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар

Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Бээжин 2022 өвлийн олимпын наадамд Япон улсаас 10 хос ах дүү тамирчин оролцож байгааг Киодо агентлаг мэдээлжээ.

Тэдний зарим нь хоорондоо өрсөлдөж байгаа бол зарим нь хамтдаа нэг зорилгын төлөө өрсөлдөх юм байна.

Өнгөрсөн зуны Токио 2020 наадамд Японоос оролцсон 583 тамирчны дотор 11 хос ах дүү байсан бол энэ удаа оролцож буй 124 тамирчны зургаан тамирчин тутмын нэг нь төрсөн ах дүү, эгч дүүтэйгээ хамт оролцож байгаа ажээ.

Тухайлбал сноубордын төрөлд медалийн найдварт тооцогдож буй Руки Томита “Олимпын наадамд эгчтэйгээ хамт оролцох болсондоо би үнэхээр баяртай байна. Гэхдээ бид бол өрсөлдөгчид, миний ялахыг хүсэж буй хүмүүсийн нэг эгч маань юм” гэж тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Түүний эгч Сена Томита “Бид хамтдаа олимпын наадамд оролцохыг мөрөөддөг байсан нь биелж байна. Гэхдээ бидний хэн хэн нь ялагдах дургүй. Би дүүдээ ялагдахыг хүсэхгүй байна. Би бэлдсэн бүх зүйлээ энд гаргаж, харамсах юм үлдээлгүй өрсөлдөх болно” гэж ярьжээ.

Сноубордын төрөлд бас ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар хоорондоо өрсөлдөхөөр Бээжинд ирээд байна.

Тэднээс гадна 2018 оны Пёнчаны олимпым наадмаас Япон улсын анхны кёрлингийн хүрэл медалийг зүүсэн эгч дүү Чинами болон Юрика Ёшида нар энэ удаа медалийн өнгөө өөрчлөхийн төлөө хамтдаа өрсөлдөхөөр ирээд байгаа юм.

Бас Японы эмэгтэй хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд Токо, Ямашита, Шига овогтой гурван хос эгч дүүс өрсөлдөхөөр иржээ.

Одоогийн байдлаар Япон улс өвлийн олимпын наадмуудаас нийтдээ 58 медаль авсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *