Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна

Өнөөдөр НОБГ, НБОГ, НЭМГ, НМХГ-ууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэсгийн дарга Д.Цэнд-Аюуш, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Нийслэлийн байгаль орчин газрын ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: ” Баяр наадмын амралтын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ өдрүүдэд байнгын бороотой, аянга буух төлөвтэй байна. Зарим үед салхины хурд 16-17м/секундэд хүрнэ. Нийслэлийн иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарч, цаг агаарын мэдээллийг тогтмол авах хэрэгтэй. Гол уснаас хол байх, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Үер ус ны үеэр цахилгааны утастай харьцахгүй байх, баталгаатай гүүр, гарцаар явахыг зөвлөе. Ер нь бол тогтоол усанд орох, сэлэх, ойр байрлахыг хориглосон байгаа. Гол дагуу 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-н хүртэл завьт эргүүл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хар усан тохойгоос Нисэхийн эцэс хүртэл 50 орчим км газарт хөдөлгөөнт эргүүлийн аврах анги 105-ын завьт эргүүл, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба хаагчид Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, гол дагуу хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч байгаа. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 10 хүнийг гол усны аюулаас авран хамгаалсан. Богино хугацааны аадар бороонд голын усны түвшин эрс нэмэгдэж, энэ үед хүний амь нас секунд, минутаар хэмжигддэг учраас аврагчид байнга байх хэрэгтэй байна. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Долдугаар сарын 10-16-ны 08:00 цаг хүртэл ОБЕГ-ын 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу онцгой анхаарч ажиллана” гэлээ.

18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин: “18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Энэ нь гүн нь тодорхойгүй гол, нуур, цөөрөмд байршуулсан. Үүнд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ухагдсаас үүссэн гол нуурын байршлуудадщ мөн Туул гол дагуу байршуулсан. Хоёр байршилд түймрийн зурвасыг сэргээсэн. Энэ нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт 800 метрийн түймрийн зурвас, Шаргаморьтын дээдхэнд 1200 метр зурвасыг сэргээж гүйцэтгэсэн байна” гэв.

Баяр наадмаар 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэсгийн дарга Д.Цэнд-Аюуш: “Баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгье. Энэ үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна. Хяналт шалгалтыг Хүй 7 худаг, 13-р зуун цогцолбор, Багануур дүүргийн 40 жилийн ойн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Автотээврийн шалган нэвтрүүлэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Хэрэглэх ундны ус, оролцож буй хүмүүс байгаа тэдгээрт хэрэглэж буй хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьна. Ажиллаж буй эмнэлгийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана” гэлээ.

Баяр нааадмын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд ажилдаг журмаараа ажиллана

Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “2020 оны нэгдүгээр сарын 19-нөөс хойшхи нийт ажиглалтанд 12392 хүнийг авсан байна. Одоо тусгаарлах ажиглалт байранд нийт 2995 хүн байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр 16 галт тэргээр 6992 зорчигч, 18 нислэгээр 1232 зорчигч, авто тээврийн 225 тээврийн хэрэгслээр 6500 зорчигч хяналтанд хамрагдсан байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш гэрийн ажиглалтын тусгаарлалтад 5968 хүнийг хяналтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 757 хүн өрхийн эрүүл мэндийн төвд гэрээр хяналтад байна. 5211 хүн хугацаа нь дуусч хяналтаас гарсан байна. 115 өрхийн эрүүл мэндийн төвд гэрээр ажиглалтад байгаа хүмүүс байна. Баяр наадмын өдрүүдээр дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, дотрын кабинет, мэс заслын кабинет, гэмтлийн кабинетүүд ажиллана. Өглөө 9 цагаас 16 цагийн хооронд ажиллана. Шүд эрүү нүүрний төв бас ажиллана. Харин нэгдсэн эмнэлгүүд маань ажилдаг журмаараа ажиллана” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *