Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант 1-р баг аймгийн төвөөс зүүн урагш 30 км “Адгийн мөргөцөг” гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан хээрийн түймрийг энэ сарын 22-ны 04:00 цагт бүрэн унтраажээ. Тус хээрийн түймрийн мэдээг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13:40 цагт Аймгийн Онцгой байдлын газрын шуурхай дугаарын утсанд хүлээн авч, Онцгой байдлын газраас 4 бүлэг, 42 албан хаагч, 6 автомашин, 30 үлээгч аппарат бусад багаж зэвсэглэмжтэй, Хэрлэн сумаас 6 бүлэг, Баянхутаг сумаас 5 бүлэг гарч ажилласан байна.
Салхины хүч их байснаас түймрийн тархалт эрчимтэй явагдаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 2, Мөнххаан сумаас 3, Түвшинширээ сумаас 2, Галшар сумаас 2 бүлгийг тус тус татан оролцуулж, Улаанбаатар хотын Аврах тусгай ангийн 1 бүлгийг дайчлан ажиллуулсан байна. Түймрийн голомтонд түймэр унтраах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал зохион байгуулж, нийт 341 хүн, 47 автомашин, 67 үлээгч, түймэр унтраах бусад багаж зэвсэглэмжтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Түймэрт шатсан талбайн хэмжээг урьдчилсан байдлаар тогтооход өргөн нь 15 орчим км, урт нь 40 орчим км бөгөөд одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ, түймэр гарсан шалтгаан тогтоогдоогүй байна. Иймд хаврын хуурайшилт их, цаг агаарын байдал тогтворгүй, салхи шуургатай байгаа энэ үед хээрийн түймэр гарах эрсдэлтэй тул ард иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз,тамхины цогийг бүрэн унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй, тагтай саванд хийж занших, машины янданг оч баригчтай байлгах, бага насны хүүхдийг шүдэнз болон асаагууртай явуулахгүй байх, айл болгон түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.