Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлохыг эсэргүүцлээ

Баянхонгор аймгийн Галуут, Бууцагаан сумын иргэд тус суманд “Тулгажаргалант” ХХК хууль бусаар алт олборлох гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа. Уг компани олборлолт явуулах газар нь дэрс, эмийн ургамал ихтэй газар гэдгийг онцлов.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суман дахь Байдраг голын сав дагуу нийт 25 уурхай ажилладаг бөгөөд эдгээр уурхайг иргэд өнөөг хүртэл дэмжсээр иржээ. “Тулгажаргалант” компани олборлолтоо эхэлбэл Жаргалантын голд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж нутгийн иргэд үзэж байгаа бөгөөд энэ гол нь Галуутын хавцалд цутгадаг гэнэ. Мөн нэн ховордсон амьтан болох ирвэсийн тоо толгойд нөлөөлөх эрсдэлтэй түүнчлэн ирвэсийн нутагт ажиллаад эхэлбэл айлын мал руу дайрдаг аюултай ажээ.

Эдгээр иргэд Ерөнхийлөгч, БОАЖЯ, аймгийн удирдлагууд, Баянхонгор аймгийг төлөөлөн УИХ-д ажилладаг М.Билэгт, Н.Занданшатар, Л.Элдэв-Очир нарт гомдол саналаа хүргүүлсэн ч хариу аваагүй тул олон нийтэд мэдээлэл түгээхээр болжээ. Иргэд Галуут сумын газар нутгийг ухах биш, улсын хамгаалалтанд авах нь зүйтэй хэмээн аймгийн удирдлагуудадаа хандахад элдэв үг яриа гаргалаа гэж Зөрчлийн тухай хуулиар айлган сүрдүүлэх болжээ.

Сумын ИТХ-ын дарга, зарим багийн дарга болон иргэд хэвлэлийн хуралд оролцон, хууль бусаар алт олборлохыг эсэргүүцлээ. Хууль бус гэдэг нь Галуут сумын онгон дагшин газарт буюу өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй газарт дээрх компани нөхөн сэргээлт хийнэ хэмээн машин техникээ долдугаар сард байрлуулж эхэлжээ. Одоогоор компанийн 11 гэрт ажилчид нь төвхнөсөн аж. Сумын ИТХ, тухайн газрын багийн дарга нар компанийн удирдлагуудтай уулзахад “Бид А лицензтэй, зохих зөвшөөрлийг аймаг, нийслэл дэх байгууллагаас авсан. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ” гэжээ. Гэвч лиценз гэх бичиг баримтуудаа үзүүлээгүй тул нийт хэчнээн га газарт үйл ажиллагаа явуулахыг мэдэхгүй байгаа юм байна.

“Уг нь орон нутагт уурхай эрхлэх бол юуны өмнө тухайн багийн иргэдийн саналыг сонсож, багийн иргэдийн хурлаар хэлэлцэн батлуулах ёстой. Гэтэл Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн дарга Ц.Батсайхан хууль бусаар ИНХ-ыг зарлан явуулсан гэв. Уг нь багийн иргэдийн нийтийн хуралд сонгуулийн насны иргэд оролцдог хуультай. Мөн дөрвөн өрх тутмаас нэг өрхийн гишүүн хуралд суух ёстой гэж заажээ. Гэтэл дээрх компани олон хүнтэй өрхүүдийг зориуд сонгон хуралд авчирсан, мөн нутгийн бөхчүүдийг айлуудаар явуулж, иргэдийг ятгаж, гарын үсэг цуглуулсан тул хурлыг хүчингүй гэж үзэж байгаа гэнэ.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *