Categories
мэдээ цаг-үе

Баянхайрханы бараа буюу Долгорын Нямаагийн тоонот

Түрүү жилийн намар, есдүгээр сарын аравдаар төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн нутаг Дэл Хөнжлийн (Дундговийн Өлзийт) уулсад очоод ирсэн юм. Дэлийн ханан хадны ер бусын бичээсийг үзэж, Баянхайрханы барааг сэтгэл дэнслүүлсэн намрын тунамал үдшээр нэг харахсан гэх хүсэл биелж, тэрхүү уул усны эзэн уянгат найрагчтай дөрөө харшуулан тоонотыг нь зорьсон бүлгээ. Эрхэм найрагчийн нутаг савир савир цагаан бороотой угтлаа. Есөн сарын бороо бол говийнхны хүсэн хүлээдэг эм тодын бороо ажгуу. Унаган нутаг нь, намрын хөхөмдөг говь нь ингэн тэмээний нулимс шиг асгаранхан угтахуйд Мандалговийнхоо манхайсан хөх тэнгэрийг чухам л ижийгээ санасан хүүхэд адил зүүдлэнхэн ирсэн найрагчид жигтэйхэн сайхан байгаа нь илэрхий.

Улаанбаатар хотоос нутгийн зүг хөдлөхүйд мань хүн хөг аялгуу нь орчихсон хуурын чавхдас адил уянгатай байв шүү. “Эртний домог шиг буурал тал, эргэн тойрон чимээ алдарна. Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” гэх шүлгийнхээ мөрүүдээс уншаад л. Хөөр баяраа тэгтлээ ил гаргаад байдаггүй нууцлаг хүн чинь булгийн ус шиг оргилж ундраад, бадарч өгдөг байгаа. “Оддын дунд” гэж дуудахдаа бүр нэг долгионтойгоор тэсрэмтгий хэлж байна. Яг л гайхам шүлгүүдийнхээ гүнзгий цохилт шиг оюун бодолд туяа татуулнам. Халуун сэтгэлийнх нь илэрхийлэл ч болдогсон уу, ямар чиг л байсан Дэл Хөнжлийн уул нь “эм тодын бороо”-тойгоо угтлаа. “Есдүгээр сарын сүүлч хавиар говьд бороо орж, нэг хэсэгтээ дулаарч ногоо хэнзлэх үест эм барьдаг хүмүүс говь руу бэлчинэ. Эмийн ургамал хамгийн сайн боловсордог үе л дээ” гэж төрийн шагналт Л.Хүрэлбаатарын бичсэнийг Нямаа ах номондоо оруулсан байдаг. Эм тодын бороо гэдэг ийм учиртай.

Дэл уулынхаа бэлд намаржиж буй Сумъяагийн Батбуянгийнд хүрч очлоо. Зэлнээс уяатай хэдэн ботго зүсрээ бороонд налмайтал норчихсон, салхины нойтон алгадалтад жиндүүхэн харагдана. Хонь, ямаа нь гэрийнхээ хаяанд тургилан зогсоцгооно. Ганц нэг борлон “УАЗ 469”-ийг нөмөр татан бээвийгээд, хатавч хавиар нохойн хэвтрийн нойтон эсгийг булаалдах янзтай. Ёстой л нөгөө намрын усан бороо яндан дагаад урсаж байх үест зорьсон айлынхаа босгыг дуу шуутайхан алхлаа. Батбуян гэж долгио татсан бужгар үс, нургилсан зөөлөн яриа, намуухан инээмсэглэлтэй хижээл насны эр. Гэргий Дуламсүрэн нь унд ус сайтай, үг яриа цэгцтэй, олонтой газар явж сурсан хүн шиг элбэг тэнүүн нэгэн ажээ. Тэднийх түүх дурсгалын хосгүй үнэт өв болсол Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Жанлавын Наранцацралтын удам угшил “хүүхэнүүд” овгийнхноос Дэл уулынхаа дэнж дэвсэгт тэмээн буйлаатай голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь Батбуян юм билээ. Намрын говийн тэрхүү аян замыг санаачилж, хангай газрын хүү надад халуун говио үзүүлэх л гэж элгэмсэг сэтгэлээр эрмэлзсэн нандин нэгэн бол “Дэл уулыг хамгаалах сан”-гийн тэргүүн Бичээчийн Батмөнх. Тэрээр элбэг тавиухан энгэр бэл, хормой юугаас нь зүүгдэн өсч өндийсөн унаган нутаг-Дэл уулаараа гоёж, омгорхон бахархдаг буюу. Гэхдээ зүгээр нэг цээжээ дэлдэн орилоод байлгүй ханан хадныхаа судалгаа, шинжилгээний ажлыг нарийн нягт хариуцаж, Монголын нэртэй эрдэмтэд, бичиг соёлын зүтгэлтнүүдийг ээлж дараалан Дэл ууландаа аваачиж, манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон эдийн соёлын үнэт өв болсон баялаг түүхтэй нутгаа нүдээр үзүүлж, бахархал гээчийг амсаж чаддаг нүнжигт нэгэн билээ.

Нямаа найрагч, Батмөнх тэргүүн, Батбуян гурав зулайгаа гишгэж төрсөн ах дүүс гэдгийг миний бие аяны замд мэдэрсэн. Хөнхөр гэж хүний гурван хүү ажээ. Зүс царай, үг яриа, байр байдал, аливаад хандах хандлага, тийм нэг эрхэмсэг нандин чанар нь яалт ч үгүй нэг эцгийн хүүхдүүд мөөн. Өдөр шөнийн зүсрээ бороонд гэрийн бүслүүр чивчирч чангараад хоёр багана нь сул гэгч ганхаж байна. Бага дүүгийндээ ирсэн хоёр ахын сэтгэл өрхөн дээр чимээ татуулан, өвчүүн цаана уянга эгшиглүүлэн, өлгий нутагт нь жаргал амсуулан буй усан болор рашаан шиг дэлгэр сайхан. Баянхайрханаар нутагтай, Андал гэж дал мөрөө хөдөлгөсөн хэнхгэр эр байна. Батбуянгийнхаа гэргийгээр тогоо тавиулаад, ганц нэг усаар авч галын хөх дөл бадарсан таргийн нэрмэлээс шимсэн шигээ, намрын уйтан бороонд халмагхан суугаа нь тэр. Халхын Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн Есөнзүйлийн даншигт ажнай хүлгүүдээ уралдуулж явсан аатайхан эр. Уртаа гэгч цагаан гаанс зуугаад, торгон дээл бэлхэмзэлчихсэн суугаа нь “Хүргэн хүү”-гийн хоргой Хайдав шиг харагдаж билээ. “Нямаа ах та маргааш Андалынхаараа орно биз дээ. Баянхайрханы чинь баруун суганд шүү дээ” гэв.

Найрагч эртээ босчихсон гэрийн зүүнтэйх номын хуудас шиг давхраатай нимгэн хаднуудын өндөрлөг дээрээс Баянхайрханыхаа барааг харан баясан зогсох ажгуу. Их найрагчийн шүлэг дуулалд мөнхөрч ижий аавынх нь дүрийг, багынх нь цангинасан дуутай хамт хадгалж үлдсэн хайрхан нь тэртээ өмнөдөд цайвалзан харагдана. Ууцаа үүрч, бас ч үгүй санаа алдангуй багагүй хугацаанд зогслоо. Би гэдэг хүн ботгоны зэлийг ажин, эрдэнийн гоёмсог чулуудад нүд унаган, үнэхээр л таана хэнзлэх намрыг сэтгэлдээ шингээж алхсан шигээ найрагчийг бараадан, мөрийг нь түшин зогсож буй минь энэ. “Дэл Хөнжлийн уулаас тэгтлээ холдож үзээгүй би гэнэтхэн Москвад хөл тавьж, Горькийн сургуулийн оюутан болохуйд Баянхайрхан минь үе үе санагддагсан” гэв.

Ингээд бид төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн төрсөн тоонот Хирс таван толгойн Үүдэн бууц, яруу найргийнх нь шүншиг оршсон Баянхайрханых нь зүг хөдөллөө. Замын хажуугаар хайлаас сүглийлдээд, сухай нэлдээ ягаарч харагдана. Загийн багсайлдаж байгааг хэлэх юм биш. “Манай нутаг ч үргэлж ийм байдаггүй. Өнөө жил онцгой сайхан байна. Наян хэдэн оноос хойш бараг ийм байгаагүй байх шүү” хэмээх яриа зам зуурт өрнөв. Дэлийн уулс тэр чигээрээ номын хуудас шиг нимгэн хавтгай хар хад ажээ. Хөндийг нь хуудас хэмээн нэрийдэх нь бүр чиг утга агуулгатай. Ном судраас өмнө гарсан нэр гэдэг нь тодорхой. Харанхуйн амны элгэн хаднаа дөнгөж саяхан цохиод орхисон юм шиг маанийн зургаан үсэг тодорч харагдана. Батбуян ахынхаас хөдлөн Дэлийн хадны сэжүүр бараадасхийгээд л түүх дурсгалын бичээсүүд нь угтаад авна даа. Баруунтаа Гөлий тооройн уул, урдхан Гурван ухаагийн уул харагдана. Гөлий тоорой ардын жүжигчин Нямын Дагийранзын төрсөн уул юм. Гурван ухаагийн сондуул дундуур явах мөчид “Амьдралын хүрд” киноны очир алмаазын эрдэнэс олдог тэрхүү газар нутагтай яагаад ч юм адилхан санагдаж билээ.

Ийн бодолтой зэрэгцээд л Нямаа найрагчийн “Тэнгэрийн хаяа” номынх нь хавтсан дээр ханарч байдаг Баянхайрхан дүрээрээ харагдах нь тэр. Эргэн тойрон дахь элгэн хар уулсын дунд Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цайвар өнгөөр гэрэлтэнхэн сацарна. Найрагч нэгэнтээ “Миний нутгийн онгод оргил нь энэ цагаан шаргал хайрхан” хэмээн хэлсэн байдаг. Алс баруун хязгаараас Буурал угалз (уул) хэмээх хөгшин баяны эхнэр болохоор залагдсан Хонгор бүсгүй зуур замдаа дургүй нь хүрч суун туссанаас энэ хайрхан тогтсон домогтой. Цааш явахгүй гэхдээ дээл хөнжлөөр биеэ ороосон нь эдүгээгийн Дэл Хөнжлийн уулс гэнэ. “Сүхбатын нутаг Баянхонгорын Шинэ жинстийн уулнууд цайвар шаргал өнгөтэй юм билээ. Тэндээс ирсэн байж мэдэх юм. Тэгээд Хонгор нэрээ хадгалсан байж болох” гэв. Сүхбат гэдэг нь “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй. Амбасэлмаа гуай уг найраглалын гол баатрууд болох Сүхбат, Нямаа нарыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулсан. Тэрхүү учрал ерөөлийн тухай, “Сэгс цагаан Богд”-оос улбаалж Пүрэвдорж гуайн тухай зам зуурт дурсамж дурдатгалын хуудас дэлгэгдэж явсан.

Баянхайрхан бол яалт ч үгүй барааны газраас харагдан, элэг зүрх уясуулан долгилуулж, энгэр бэлд нь төрсөн хүн байтугай эрхэмсэг дүрийг нь нэгэнтээ харсан бүхэнд хэзээд ч мартахааргүй, яруу найргийн онгод билгийн их уул юм. Сэтгэл зүрхэндээ эрдэнийн чулуу адил хадгалж явдаг найрагчийнхаа хамт, авьяас билгийнх нь шүтээн их уулсынх нь дэргэд зогсохуйд өөрийн эрхгүй Улаан хадаа мэлмэрүүлэн санаж, яруу найргийн тэнгэрлэг бодолд умбасан даа. Тэр жилийн намрын ухаа хонгор өдөр Долгорын Нямаа найрагчтай буурал Бадарчийнд нь анх танилцаж сэтгэл ойртох болсноор, дараахан нь Сулинхээрийн хязгаар Эргэлийн зоонд хамт очиж аян зам нийлсэн нь улмаар “Тэнгэрийн хаяа”-г нь гардаж ер бусын гайхамшигт ертөнцийг өөртөө дахин дахин нээсэн нь энэхүү тэнгэрлиг хайрханд нь сүслэн залбирах хувь тохиожээ хэмээн санагдсан бүлгээ. Ерөөс “Тэнгэрийн хаяа” туурвилыг нь элгэн халуун сэтгэлээр дээдэлсний шүншиг оршлоо гэж бодсон. Эл бүхнээ найрагчтай хуваалцан жүнз харшуулаад төрсөн бууцан дээр нь очсон юм.

Өмнө нь Хирс таван толгойн Үүдэн бууцанд буурал Бадарч нь хамт ирж, шүлэг найргаа дуудаж байжээ. Найрагчийн төрсөн бууц газар нутгийн хуваариар бараг л Өмнөговийн Цогтцэций рүү хэлбийж байгаа ажээ. Үүдэн бууцны урдхануур Шанхын уул ханарч, хүрэн улаан тэмээд багширна. Говь шанхын нутаг гэдэг нь энэ ажгуу. Төрсөн бууцныхаа эхийн сүү нэвчсэн зөөлөн шороон дээр хөрвөөн аргалын гал уугиулж, арц хүж сангаа тавьж, чулуун гэрээ эргэн тэмээ, ямаагаа бүртгэн “Хирс таван толгойн Үүдэн бууц” хэмээх шүлгээ дуудахдаа зэрэгцээд хэсэгтээ завсарлаад байсан бороо дахиад л асгарч эхэлсэн юм. Нямаа ах минь элбэрэлт ижийгээ дурсаж, өөрийг нь төрүүлэх гэж олон хоног дуншиж өвдсөнийг нутгийн хөгшдөөс сүүлд сонссоноо хэлж, элгэн далдуураа мэлмэрч байлаа.

Гэрийнхээ гадаа хүрэн улаан тэмээдээ багширтал хураасан айлын гадаа давхиад буутал төөрсөөр төрөлдөө гэдэг шиг Хөнхөрийн хөвүүдийн хүргэнийх байдаг байгаа. “Шижиртэн туяарах говь минь шинэхэн айл шиг өнгөтэй дөө” гэдэг шиг Цогтцэцийгийн Нэргүйбаатар гэж тэвхийсэн залуу эр гэргийн хамт угтаад авах нь тэр. Ингэний хуруу зузаан ааруул таваг дүүрэн өрж, хатавчнаасаа нэрмэл гаргаж задлаад сүрхий юм болов. Ажиг ч үгүй суутал алдарт Долгорын Нямаа ороод ирсэн нь хэрдээ л бажига авахуулах нь мэдээж. Нэргүйбаатарын нэрмэлд дөрөө чангалсан бид Хонгор хайрханы Алаг зандангийн агуйгаар орлоо. Эрт цагт сайн эрс орогнож байсан томоохон таван ханатын зайтай агуй дотор түрхэн саатаад уруудахуйд Нямаа ах Баянхайрханыхаа алтан харганыг дээжлэн барьж, бүтээл туурвилын ерөөл өргөсөнд бэлгэшээж билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *