Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга иргэдийг тусдаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийг зуны энэ цагт хашаандаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт ковидын халдвар батлагдсан 64 иргэн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 765 иргэн гэрийн тусгаарлалтад буй. Энэ аюулт өвчнийг даван туулахад зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, төр, захиргааны байгууллагынхан бус иргэн, өрх гэр бүрийн оролцоо, сэтгэл, хандлага маш чухал байна. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр сахиулан хорьж, шахаж шаардуулах бус хүн бүрийн ухамсар, хариуцлага халдварыг алдахгүй байхад чухал үүрэгтэй боллоо.

Гэрийн тусгаарлалтын дэглэм сахихгүй, гадуур дотуур хэнэггүй явж буй хүмүүс ч байна. Хотоос ирсэн хүмүүстээ бид шаардлага тавьж, гарч ороход нь яагаад саад тавьж, хэлж ярьж болохгүй байна вэ. Халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн энэ үед гэрийн тусгаарлалт, ажиглалтад буй иргэн Та олны газраар ганц ч алхаж болохгүй гэдгийг хатуу хэлье. Үүнд гэр бүл, найз нөхөд нь ч хяналт тавих хэрэгтэй.

Мөн түүнээс гадна гэрийн тусгаарлалтад гэж буй боловч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. Ингэхээр гэр бүлийн бүх гишүүд эрсдэлд орж байгаа гэсэн үг. Халдвар тээж буй эсэх нь хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан илрэх шинж тэмдэг, хугацаа янз бүр байгааг Та бүхэн мэдэж байгаа. Хэд хоногийн дараа өөрөө өвдөж, гэр бүлээрээ өвчлөх жишээтэй.

Тиймээс Та бүхэндээ хандаж, халдвараас хамгаалах нэг боломжийг уриалж байна. Эдүгээ урин дулаан цаг ирж, хашаа, хороондоо гэр бараагаа барихад даарч, зутархааргүй боллоо. Тиймээс гэрийн тусгаарлалт, ажиглалтад байх хүмүүсээ айл өрх бүр хашаандаа гэр барьж, тусад нь 7-10 хонуулж, өрхийн бүх гишүүдээсээ тусгаарлахыг хүсч байна. Өлгийчүүд та бүхэн маань гэртээ бус гэр барьж тусгаарлагдахыг хүсье” хэмээн уриалга гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *