АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийснээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцлээ.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ гишүүн Т.Аубакир, Баян-Өлгий ИТХ , ЗДТГ төлөөлөл оролцлоо.Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чадавхийг сайжруулснаар Монгол улсын өмнө тулгамдаж буй Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал” илэрхийллээ.
2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.