Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. “Жишиг сууц” төсөл 2017 онд эхэлж 8 айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшнаас 2-5 дахин хямд нэг м.кв 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.кв, 80 м.кв сонголттой 1-2 ариун цэврийн өрөөтэй өрхийн тохилог, жишиг эко сууцандаа иргэд орж байна. “Жишиг сууц” эко төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Засаг дарга Д.Баянмөнх, гүйцэтгэгч “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нарын албаныхан шинэ сууцандаа орж буй малчид, иргэд оролцлоо. Монгол улсын Зөвлөх архитектор, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Гомбожав” сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан, шийдлийг гаргаж эхний 8 айлын жишиг сууцыг барьсан юм. “Их шовх” ХХК өөрийн хөрөнгөө төрөлх нутагтаа бүтээн байгуулалтыг хийсэн нь учиртай. Түүний өвөө Ж.Шагдар Баян-Овоо сумын ихэнх байшин, барилгуудыг барьсан ахмад барилгачин юм. Нээлтийн үеэр Улсын тэргүүний Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх манай сум инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор олон айл өрх жишиг сууц, орон сууцанд орох боломж бүрдлээ. Сумын түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан тохилог сууцандаа гал голомтоо бадрааж буй айлууддаа баяр хүргэе. Аливаа ажлыг хийхэд сумаа гэсэн сэтгэл, хөөцөлдлөгөө зүтгэл хэрэгтэйг хэлж, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаярт талархал илэрхийлж, Баян-Овоо сумын иргэд сумандаа сайхан амьдарч, жишиг тохилог сууцтай болоорой гэв.