Categories
мэдээ цаг-үе

Баялгийг хөгжил болгох “харти”-тай танилц

Сэр Пол Коллир, Даниэль Кафман, Майкл Спенс нар хамтраад “Байгалийн нөөцийн харти” гэдгийг гаргажээ. Оксфордын профессор Сэр Пол Коллирыг “Адагт үлдсэн тэрбум” номын зохиогч гэдгээр нь уншигчид андахгүй. Байгалийн нөөцтэй хэрнээ хөгжиж чадахгүй байгаа орнуудын асуудлыг тусгайлан ярьдаг эрдэмтэн. Даниэль Кафман болохоор Байгалийн нөөцийн засаглалын институцийн захирлаар ажилладаг. Майкл Спенс нь Нобелийн шагналтан. Энэ гурвын “Байгалийн нөөцийн харти”-г боловсруулах болсон зорилго нь их энгийн. Манай улс шиг байгалийн баялаг ихтэй орнуудыг Африкийн улсууд, Ангол, Венесуэл шиг болгохгүй гэсэн зорилгоор бичсэн харти. Анголын байгалийн нөөцийн орлогоос гуравхан жилийн дотор 32 тэрбум ам.доллар сох дутсан гэдэг. Латин Америкт газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг Венесуэлийн иргэдийн гуравны хоёр нь ядуу амьдардаг. Ийм харамсалтай жишээнүүдийг бүхэл бүтэн улс орны байгалийн баялгийн өгөөж эрх мэдэлтэй цөөхөн хүний халаасанд орсон гэсэн тайлбар дагадаг. Чили, Норвеги, Ботсвана шиг баялгаа хөгжил болгохыг зорьж байгаа Монголын хувьд түрүүн хэлсэн гурван эрдэмтний боловсруулсан харти анхаарахгүй өнгөрч боломгүй зүйл. Нэг зүйлийг онцлоход тэд уул уурхайн чигийн ямар ч байгууллагаас санхүүждэггүй. Норвегийн хөгжлийн сан гэх мэт байгууллагаас санхүүждэг. Уул уурхайн салбараас хараат бус хүмүүс одоо тайлбарлах гэж байгаа харти-г боловсруулсан гэсэн үг.

“Байгалийн нөөцийн харти” 12 жортой. Улс орнуудын Засгийн газарт шийдвэр гаргахад нь тус болохоор жорууд гэж зохиогчид нь онцолжээ.

Засагт ажиллагсад улс төрөөс хамааралгүй байх хэрэгтэй (жор-1)

Эрдэмтэд уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгохоосоо өмнө хууль эрх зүйн орчинг нь аль болох бүрэн бүрдүүлэх учиртай гэж Засгийн газруудад зөвлөжээ. Засаг төлөөлсөн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс мэргэшсэн, чадварлаг бол зөв хуулиуд гардаг гэсэн санаа эхний жороос анзаарагдав. Засгийн газраас хамаарах хүний нөөцийн шийдвэрүүд бие даасан, улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой гэсэн эрдэмтдийн сануулга манайд бол эргэж харахаар л асуудал. Уул уурхайтай хамаатай засгийн байгууллагуудад ажилладаг хүмүүсийг харахад улс төрийн томилгоо голдуу нь нуух аргагүй үнэн. Мэргэжилтэн энэ тэр нь гээд ажлаа яг гардаж хийдэг хэсэгт нь чадварлаг, мэргэшсэн хүмүүс мэр сэр бий ч бас нэг зовлон тулгардаг гэж эрдэмтэд сануулжээ. Сайн хүмүүсээ хувийн компаниудад алдах эрсдэл өндөр байдаг аж. Монгол шиг хөгжих гэж байгаа орнуудын хөрсөнд буулгаад харвал цалин сайн биш, улс төрийн нөлөө илүү гэх мэт шалтгаан төрөөс чадварлаг, мэргэшсэн улсыг үргээдэг гэж учир мэдэх улс ярьдаг. Олборлох салбар ил тод байх ёстой гэсэн санаа нь ч бидэнд хамаатай. Манайд хэрэгжиж эхэлж буй олборлох салбарын ил тод байдлын санаачилга ер нь дэлхийн хэмжээнд тааруухан, сул байдаг гэж харти-г зохиогчид онцолжээ. Орлогын удирдлагын индексээр шинжсэн 58 улсаас ердөө арав нь л газрын тос, хий, бусад ашигт малтмалын гэрээ тусгай зөвшөөрлийг ил тод нийтэлдэг гэсэн дүн гарчээ. Гэхдээ Афганистан, Гана, Гвиней зэрэг улс сүүлийн үед зарим мэдээллээ ил болгож эхэлсэн учраас энэ тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Мөнгө зарцуулдаг төр нээлттэй байх үүрэгтэй (жор-2)

Төр бидний өмнөөс байгалийн нөөцийг захиран зарцуулах эрх эдэлдэг. Тэр утгаараа Засгийн газар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж байж л баялгаасаа олсон мөнгийг хэдхэн эрхтэн дархтаны халаасанд биш бусад салбараа хөгжүүлэхэд зарах боломж нээгдэнэ. Хоёрдугаар жорын гол санаа нь энэ. Шийдвэр гаргах бүх түвшинд мэдээллийг ил тод байлгах ёстой гэсэн гарцыг эрдэмтэд санал болгожээ. Засгийн газар шийдвэр гаргах хэлхээний талаарх бүх мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Засаг зөвхөн төлбөр зардлын мэдээллээс гадна бүх түвшинд гаргасан журмаа хүртэл ил гаргахыг эрдэмтэд зөвлөжээ. Ихэнх тохиолдолд Засгийн газрууд ийм журмуудынхаа багагүй хэсгийг томоохон гэрээ хэлцлүүдэд оруулж олны анхаарлыг сарниулдаг аж. Гэрээнд нууцлалын нөхцөл, заалт оруулахаас зайлсхийвэл зүгээр, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцдог болоход чадварлаг, бие даасан шүүхийн тогтолцоо чухал гэсэн анхаарахаар зөвлөгөө, санамжуудыг энэ хэсгээс харж болно.

Тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар “арилж” (жор-3)

Сүүлийн жилүүдэд илрүүлсэн орд газрууд мөнгөн хөрөнгө болж хөрвөх бүрэн боломжтойг Гвинейн төмрийн хүдрийн Симандаоу төсөл, Либерийн төмрийн хүдэр газрын тосны төслүүдээр жишээлжээ. Энэ төслүүд улсдаа жилд дунджаар 1.6 тэрбум ам.долларын орлого оруулж, хоёр улсын ДНБ-ий 31, 147 хувьтай тэнцэж байж.

Зөвшөөрлийн эрх хуваарилах аргуудаас нь харах зүйл их юм. Төр ямар нөхцөлөөр хайгуул, олборлолт, үйлдвэрлэл явуулахыг шийдэхдээ хувийн хэвшлийнхний хувьд хоёр аргын аль нэгийг хэрэглэвэл зүгээр гэнэ. Эхнийх нь тусгай зөвшөөрөл-тусгай зөвшөөрөл нөхцөлөөр шууд гэрээ байгуулах. Хоёр дахь нь уралдаан шалгаруулалтын үндсэн дээр хэд хэдэн хэсэгчилсэн тусгай зөвшөөрөл олгох. Өрсөлдөөнд үнэ хаялцах арга нь улсад илүү ашигтай байх боломж өгдөг аж. Ингэхийн тулд сайтар төлөвлөсөн дуудлага худалдаа илүү чухал гэж эрдэмтэд онцолжээ. Шалгаруулалтад оролцох олон улсын компаниудын талаар Засгийн газрууд сайн мэдээлэлгүй үед энэ арга илүү өгөөжтэй юм байна. Дуудлага худалдаа нь шууд гэрээ хэлцэл хийхээс мэдээллийн хувьд илүү нээлттэй учраас хайгуул олборлолтын эрхийг шаардлага хангаагүй компани, хувь хүн авах эрсдэл буурдаг байна.

Дуудлага худалдааг амжилттай явуулахад дор хаяж гурван оролцогч санал ирүүлсэн байх шаардлагатай гэнэ. Дуудлага худалдаанд хангалттай үнийн санал ирэхгүй бол Засгийн газраас техникийн хатуу тогтоосон минимум шалгуур тавьсан сонгон шалгаруулалтын урилга хэрэглэвэл зүгээр гэж харти-г зохиогчид зөвлөжээ. Ер нь ямар арга ашигласан нь хамаагүй, тусгай зөвшөөрлийн эрх олгох явцад Засгийн газрын байр суурийг бэхжүүлэхийн тулд төрөөс ил болгох мэдээллүүдийг тэд жагсаажээ. Төрөөс тусгай зөвшөөрөл олгох явц, нийт лиценз эзэмшигчдийн өмчлөлийн байдал, тусгай зөвшөөрөлтэй хамааралтай аливаа санхүүгийн хариуцлага, татварын нөхцөлийн мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Тендерийн ялагч шалгарсны дараа тэдэнтэй хожим дахин хэлцлийн нөхцөлүүдийг тохиролцохгүй байх хэмжээнд ажиллахыг эрдэмтэд Засгийн газруудад зөвлөжээ. Манайд хөрөнгө оруулагчидтай байгуулсан, тохирсон гэрээ хэлцлээсээ буцсан жишээ бий. Ингэж эргэж буцахгүйн тулд тодорхой, ил тод нөхцөл тавих, загвар гэрээ ашиглах зэрэг аргуудыг хэрэглэвэл зүгээр гэнэ.

“Засгийн газар олборлолтын эрхийн хариуд хүлээн авах тохиролцооны нэг хэсэг болсон үйлчилгээ, дэд бүтцийн үнэ цэнийг анхааралтай үнэлэх хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөлүүдийг урьдчилан таамаглах боломжгүй тохиолдолд Засгийн газар энэ төрлийн тохиролцооноос зайлсхийх нь зүйтэй. Бартерийн хэлцлүүд угаас хаалттай бөгөөд авлигал үүсэх нөхцөл бүрдүүлдэг” гэсэн орхиж боломгүй зөвлөгөө ч энэ хэсэгт багтжээ.

Төр уул уурхайн төслүүдэд хувь эзэмшихээс татгалз (жор 4-5)

Уул уурхайн компаниудтай гэрээ хийхдээ Засгийн газар юунд анхаарах ёстойг тодорхой зөвлөжээ. Татвараа хөнгөлөхөөс аль болох зайлсхийх ёстой гэсэн санаа нь анхаарал татахаар юм билээ.

“Баялгийн нөөцийн харти”-д энэ талаар онцолсон хэсгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрдэмтэд “Хөрөнгө оруулагчид нөөц илэрсэн болон илрүүлэх боломжтой улс орнуудын Засгийн газраас татвараас хөнгөлөх, чөлөөлөх, капитал зардалд нэмэгдүүлсэн нөхөн төлбөр авах, ашгийн болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг бууруулах хэлбэрээр татварын тусгай нөхцөл олгохыг шаарддаг. Засгийн газрууд ийм хөнгөлөлтүүд санал болгохоос татгалзаж байх ёстой. Хэрэв аливаа төсөл байгалийн нөөц ашигласны төлбөр эхсүл оруулсан хөрөнгөндөө ногдох татварыг төлөх чадваргүй бол энэ нь тухайн улсын хувьд сайн хөрөнгө оруулалт биш юм. Түүхий эдийн үнэ өсөх, эсвэл шинэ технологи бий болох зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд, жишээ нь эдийн засгийн үр ашиггүй гэгдэж байсан төслүүд засгийн газрын дэмжлэггүйгээр хэрэгжих боломжтой төсөл болон хувирах боломж ч бий. Тиймээс бүхий л нөөц баялгийг нэг дор, нэг цаг хугацаанд ашиглах шаардлагагүй бөгөөд зарим байгалийн нөөц хэзээ ч хөгжлийн баталгаа болохгүй байх тохиолдол бий” гэж зөвлөжээ. Импортын татвар хөрөнгө оруулалтад саад учруулахаар хэмжээнд байж болохгүй, татвараас зайлсхийх сөрөг зүйл гаргахгүй гэвэл олон улсын татварын систем рүү анхаар гэсэн харж үзмээр санаанууд энэ хэсэгт цөөнгүй байна.

Эрдэмтэд уул уурхайн төслөөс Засгийн газрын хүртэх ашгийг нэмэгдүүлэхийн тулд төрийн эзэмшлийн хувийг ашиглахаас зайлсхий гэж зөвлөжээ. Яагаад ингэж зөвлөснөө тайлбарласан хэсгийг нь мөн үг, өгүүлбэр хасахгүйгээр хүргэе. Харти-г зохиогчид “Татварын дэглэм нь Засгийн газарт баялгаас ашиг хүртэх боломж бүрдүүлдэг боловч, Засгийн газрууд хэлбэрээс нь хамааран боломжтой төслүүдэд эзэмших хувиа нэмэгдүүлэхийг зорьсоор байдаг. Энэ нь төр хувь эзэмшигчийнхээ хувьд татварын дарамттай тулгарахад хүргэдэг. Засгийн газар өөрийн эзэмшлийн хувийг бусад зорилгоор ашиглаж болно. Мэдээллийн тэгш байдал хангагдаагүй, эсвэл хяналт тавих чадвар сул тохиолдолд байгалийн нөөцийн төлбөрийн хоёр дахь хувилбар хэлбэр гэх мэт хэд хэдэн арга бий” гэж онцолжээ.

Төрийн өмчиткомпани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хийж болохгүй (жор 6)

Уул уурхайн салбартаа төрийн өмчит компаниудтай манай улсын хувьд онцгой анхаарч харах хэсэг. Төрийн өмчтэй компани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хэлцэл хийж огт болохгүй гэж зөвлөжээ. Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн Хятадын “Чалко” компаниас авсан зээлийг иргэддээ халамж болгож тараасан жишээ манай улсад бий. Уул уурхайгаараа зөв хөгжсөн орнуудын хувьд төрийн өмчит компаниудаа ийм ашиггүй хэлцэл хийхийг хуулиараа хорьдог юм байна. Засаглал нь сайн биш бол төрийн өмчит компани нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог аж. Төрийн өмчийн яг ийм шалтгаанаар баялаг бүтээхээс илүү баялгийг устгасан жишээ дэлхийд цөөн биш гэдгийг судлаачид сануулжээ. Сайн засаглалгүй цагт төрийн өмчит компаниудын хувьд бүтээмж сул, хувийн сонирхол бүхий төсөл хэрэгжүүлэгчдээр дамжин Засгийн газарт орох орлого хязгаарлагдах, эсвэл бүр алдагдал хүлээхэд хүргэдэг гэнэ.

Ирээдүйдээ хадгал, зөв зүйлд зарцуул (жор 7-10)

Баялгаасаа олсон орлогыг юунд зарах, хадгалах нь зөв эсэх зэрэгт зөвлөгөө өгчээ. Үргэлж үнийн савлагаан дунд байдаг уул уурхайн баялгаас олсон мөнгөний тодорхой хэсгийг сан байгуулж, ирээдүй үедээ хадгалсан улс элдэв хямралд өртдөггүй гэх мэт бидэнд хамаатай саналууд энэ хэсгээс олон харагдав. Норвегийн стратегийн нэг чухал хэсэг нь тогтворжилтын сан байж. Алмазаасаа өчнөөн мөнгө олсон Ботсвана “Муу өдрийн сан” гэгчийг байгуулж баялгийн үнийн савлагаанд өртөхгүй хөгжиж байгаа аж. “Баялгийн нөөцийн харти”-г орчуулж монголчуудад хүргэхэд гол нөлөөтэй Монгол Улсын сайд М.Энхсайхан гэхэд л “Зовох цагийн сан” гэж байгуулах санал гаргаж байсан гэдэг. Баялгийнхаа орлогоос ирээдүйдээ хадгалах агуулгатай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа сайн мэдээ бас бий.

Байгалийн нөөц нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг ч ядууст үр ашгаа өгөх нь ховор гэнэ. 2003-2010 онд Замбиа улсын нэг хүнд ногдох ДНБ 30 хувиар өссөн боловч нийгмийн доод давхаргын 20 хувьд ногдох орлогын хувь 6.2-оос 3.6 хувь болж буурсан статистикийг эрдэмтэд онцолжээ. Тэд баялгаас олсон мөнгөний тодорхой хувийг ядуу хэсгийн амьжиргааг дээшлүүлэхэд зарах ёстой гэж зөвлөжээ.

Баялгаас олсон мөнгийг тогтвортой хөгжилд зарцуулах хэрэгтэй гэж харти-г зохиогчид сануулж байна. Жишээ нь Нигер улс 1999 онд төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоондоо реформ хийж. Үүнээс өмнө жил бүр дунджаар 300 мянган доллар авлигын луйварт алддаг байжээ. Шинэчлэл хийснээс хойш буюу 2001-2007 оны хооронд Холбооны засгийн газраас үнийн зөрүүг багасгах замаар 1.5 тэрбум доллар хэмнэж чаджээ. Африкийн ихэнх улсын хувьд дэд бүтцийнх нь хангалтгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сул дэд бүтцээс болж үйлдвэрлэлийнх нь бүтээмж 40 хувиар буурсан байна. Чад улсын төсөвт олборлох салбараас асар их орлого орж ирдэг аж. Засгийн газрын нийт орлогын 70 хувь нь газрын тосны салбараас орж ирдэг байна. Гэсэн хэдий ч энэ хөрөнгийг хүний хөгжилд зарцуулахын оронд төсвийн 18 хувьтай тэнцэх хөрөнгийг аюулаас хамгаалах салбарт зарцуулжээ. Үр дүнд нь өр зээл нэмэгдэж, Хүний хөгжлийн индексээр дэлхийн орнуудаас 184-т бичигдсэн байна. Манай хувьд уул уурхайн салбараас олсон мөнгөө дэд бүтэц хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбараа өөд нь татахад зарцуулбал ирээдүйн эдийн засаг өнгөтэй харагдана гэж судлаачид зөвлөдөг.

Хувийн хөрөнгө оруулалтад таатай орчинг бүрдүүлэх ёстой, байгалийн баялгаа ашиглахдаа хувийн компаниудыг түлхүү оролцуулбал өгөөж нь их гэх мэт тогтож хармаар зөвлөгөөнүүдийг энэ хэсгээс харж болно. Сүүлийн хоёр жорд олон улсын засаглалд тодорхой хариуцлага хүлээх олон улсын компани, улс орнуудын Засгийн газрууд болон бусад оролцогчдоос баялгаар баян орнуудад хэрхэн тусалж, яаж хамтрах талаар зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *