Categories
мэдээ цаг-үе

Батцагаан цогчин дуганы нээлт боллоо

Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үеийн овог аймгуудын дунд анх дэлгэрч байжээ. Хоёр дахь үеийн түүх нь Чингисийн үеийн 32 их хаадын үед дэлгэрч байсан юм байна. Харин Түвэдийн Алтан хан болон Монголын гуравдугаар далай лам Содномжамц нар уулзсанаас хойш Монголын бурхан шашны гуравдугаар үеийн дэлгэрэлт эхэлсэн гэж үздэг юм байна. Үүнээс хойш Өндөр гэгээн Занабазарын үед хүчтэй дэлгэрч байжээ. Анх түүнийг таван настайд нь Ширээ цагаан нуурт шар усан орд өргөөг байгуулж, Өндөр гэгээнийг Богдод залж байсан юм байна. Үүнээс хойш 1654 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Сарьдгийн хийдэд анхны цогчин дуганы суурийг тавьж, хурал ном хурж эхэлжээ. Энэ нь тухайн үеийн халх ойрадуудын зөрчилдөөнөөс болж Өндөр гэгээнийг дүрвэж явах үед Сарьдгийн хийд устсан байна. Үүний дараа Батцагаан цогчин дуганы эхлэл 1706 онд Эрдэнийн Цэнхэр хэмээх газар тавигдаж байжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа нүүж Төв гандан хийдийн ойролцоо одоогийн Монголын Үндэсний их сургуулийн байранд сууриншил хэлбэрээр байх болж. Гэсэн ч хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж мөн л алга болсон байна. Харин 2006 оны үед сүсэгтнүүд болон гандан хийдийн зүгээс төрд удаа дараа хүсэлт тавьж байжээ. Энэ нь үр дүнд хүрч анхны их хурлын тогтоол 2007 онд гарч байсан юм байна. Үе үеийн Засгийн газар анхаарал тавьж ажилласнаар буддын соёл, монголчуудын өв соёлыг сурталчлах хэмжээний, 1,080 лам хурах бололцоо бүхий, Батцагаан цогчин дугана намрын эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр үүдээ нээлээ.

Батцагаан дуганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын зарим гишүүд оролцсон юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурхны шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ шүтэж бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн үйл явдал болж байна” гэж хэлсэн юм. Дуганы нээлтийг тохиолдуулан “Самвад III” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд бурхны шашинтай Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Мьянмар, Тайланд, Бангладеш зэрэг 18 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид ирж оролцсон юм. Үүнтэй холбоотойгоор төрийн тусгай хамгаалалтынхан дуганы үүдэнд хамгаалалт авчихсан байлаа. Хандив өргөсөн сүсэгтэн олон үүдээр нь ч шагайж чадахгүй буцаж байсан юм. Нээлтийн ажиллагаа нь сүсэгтэн олонд ямар ч хүртээлгүй, мандат зүүсэн гадны зочид төлөөлөгчид л бужигнасан үйл ажиллагаа болсон. Мандат олгосон цөөхөн сэтгүүлчдээ л дотогш нь оруулсан юм.

Батцагаан цогчин дуганы шил, толь болсон хоёр давхар барилга Гандантэгчинлэн хийдийн сэлүүхэн хашаанд сүндэрлэсэн байна. Дуганы үүдээр ороход хамгийн түрүүнд музейн тасалгаа нүдэнд тусна. Музейд 150-иад жилийн өмнө монгол урчуудын хийсэн шавар бурхдыг залсан харагдлаа. Эдгээр бурхдыг өмнө нь үзмэрт гаргаж байгаагүй юм байна. Мөн Өндөр гэгээний Сосорбарам гэж өөрийнх нь гоц хийцтэй бурхан шүтээнүүдийг залжээ. 1000 гаруй жилийн түүхтэй Логишир бурхныг залсан байна. Логишир бурхныг энэрэн нэгүүлсэх сэтгэлийг даасан юм байна. Мөн үе үеийн есөн Богдын өөрсдийнх нь эдэлж хэрэглэж байсан дээл хувцсыг алтан сан хөмрөгөөсөө гаргаж музейдээ залсан байна. Батцагаан цогчин дугана байгуулагдсанаар олны хүртээл болгох боломж нь нээгдсэн талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн, бурхан сангийн лам М.Ганхуяг хэлж байлаа. Мөн Сияанямбуу гавжийн 1900-1996 онд амьдарч байсан гэрийг үзмэрт байршуулсан байна. Энэхүү гэрийг Сияанямбуугийн хүүхдүүд нь музейд хандивласан гэнэ. Музейн үүдэнд бурханч лам Ч.Пүрэвбатын шавь нартайгаа хамтарч бүтээсэн макет орсон гарсан хэний ч хараа татах юм билээ.

Музейн хоёр талд олон улсын хурал зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтой заал харагдлаа. Тус бүр нь 100-120 хүний суудалтай юм байна. Энэ давхарт, лам нар болон сүсэгтэн олон тухлахад зориулагдсан кофе шопыг байршуулсан байна лээ. Харин хоёрдугаар давхарт лам нар ном хурахад зориулагдсан заал байна. Дугана, хийдэд олон хүн цуглахад тулгардаг бэрхшээл нь агааржуулалтын асуудал байдаг. Батцагаан цогчин дуганын лам нар хурдаг саруулхан зааланд агааржуулалтын асуудлыг төгс шийдэж өгсөн байна лээ. 1080 лам хурах бололцоотой гэнэ. Заалны хойморт завилж суусан хүнтэй дүйх хэмжээний том бурхныг залсан харагдлаа. Уг бурхныг Өндөр гэгээний гоц хийцтэй бурхан багшаас хэв авч бүтээсэн нь дуганы гол шүтээн болжээ. Уг бурхныг Энэтхэгийн Засгийн газраас өргөсөн юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга болон дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам нарын залсан бурхдыг хоймортоо залсан харагдлаа.


Цогчин уншлагын талаар Гандантэгчинлэн хийдийн шашны дээд сургуулийн багш, Б.Жамбалаас тодрууллаа.

-Цогчин уншлага, хурлын ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

-Даян дэлхийн хүн, амьтан амар амгалан, энх тунх байхад зориулж өдөр болгон уншдаг ном. Үүнийг Цогчин буюу өдөр тутмын уншлагын хурал гэж нэрлэдэг. Бид хүмүүсийн төлөө залбирч ном уншина гэдэг нь тухайн хуралд ирсэн хүн өөрийнхөө сэтгэлд байгаа хиртэй зүйлийг наминчилахад, бусдын сайн сайхны төлөө өөрөө залбирал үйлдэхэд, өөрийнхөө дотоод сэтгэлийг наминчилж, гадна ертөнцөд бусад сайн сайхан байхын төлөө залбирч ерөөл тавьж байгаа уншлагын дээд хэлбэр бол өдөр тутмын цогчин хурал юм.

-Ер нь буян хураах ямар арга хэлбэрүүд байдаг вэ?

-Буяныг хураах олон арга бий. Чуулсан олон улс нэгэн сайн зүйлийг залбирч бодсоны үндсэн дээр бурханлаг оршихуй буюу бүгдийг тэгшитгэдэг амгалан зүйл байдаг. Иймийн тухайд хийд орон гэж байгуулагдаад, тухайн буяныг нийтэд хамруулж зохион байгуулж байгаа хэлбэр.


-Цогчин уншлагад бичиг үсэг, соёл шингэсэн байдаг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цогчин уншлагад монголчуудын өмсөж байсан өмсгөл, хувцас соёл, хэрэглээний бичиг үсгийн соёл зэргийг шингээсэн байдаг. Энэ утгаараа Цогчин хурал гэдэг бол манайхны тусгайлан хурдаг хурал. Жишээ нь, аврал одуулах уншлага гэдэг бол Чойжил гавжийн Ламиран сэмбрээ буюу үлгэрт тайлбар гэдэг номонд “Аврал одуулах уншлагыг монголчууд гаргасан, тэр дундаа Өндөр гэгээн гаргасан” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний уншиж байгаа уншлагыг нарийндаа Түвдээр уншиж байгаа гэж хэлж байгаа боловч дотор ороод үзэхэд монголчуудын өөрсдийнх нь ахуй болсон уншлага номнууд байдаг.

-Батцагаан цогчин дуганы нээлт олон хүний анхаарал татаж байх шиг. Олныг гайхшируулахаар ямар дурсгал байдаг вэ. Сонирхуулахгүй юу?

-Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн Очирдарь шүтээн гэхэд л Батцагаан дуганы гол шүтээн нь. Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн шүтээн. Уран дархчуудтай ярьж байхад энд тэндхийн музейнүүдэд тавигдсан бүтээл солигдох тохиолдлууд гарч байна гэж хэлдэг. Харин дархчууд ирээд залагдсан шүтээнүүдийг хараад “Яг Өндөр гэгээний хийц мөн байна шүү дээ” гэж уулга алддаг.

-Музейн үзмэр тогтмол байх уу. Эсвэл буцаагаад татах уу?

-Энэ үзмэрүүд тогтмол байна. Дуганы музейд газар газрын шүтээн байгаа. Бид бүгд 21 аймаг дүүргүүдээс улбаатай улс шүү дээ. Тэр газар бүрийн нандин шүтээнүүд бүгд Ганданд бий. Бид төсөл хэрэгжүүлээд цаашаа явахаар төлөвлөсөн юм бий. Музейг одоохондоо үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Алсдаа гадаад дотоодын жуулчдад зориулсан тусгай төлбөртэй үзүүлэнтэй болох байх. Бид музейгээ цаашид 5D болгочих юм сан гэж боддог юм. Нутгийнхаа нэрээр хайхад л шүтээн нь гараад ирдэг тохиргоотой болгочихвол гэж боддог доо. Ийм технологи манайд аль түрүүн нэвтэрчихсэн шүү дээ. Гандан хийд маань гадна дотноос санхүүжилтгүй, өөрсдийнхөөрөө явж байгаа тодорхой дараалалтайгаар асуудал шийдэгдэх байх. Аль болох хүн зоныхоо сэтгэлд нь хүрсэн сайхан зүйлийг хүргэх юмсан даа гээд санаж явна.

-Батцагаан цогчин хийдийн шүтээнүүд яг юу юу даадаг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Амьтны ажил үйлсийг дээшлүүлэхийн тухайд цагаан, ногоон дарь эх, нас буяныг дээшлүүлэхийн тухайд цагаан дарь эх, үйлсийг дээшлүүлэхийн тухайд ногоон дарь эх ч гэдэг юм уу ийм үйлчилгээтэй байдаг.

Батцагаан цогчин дуганы музейд Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг орнуудын бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэлгэсэн байна. Эдгээр нь өмнө нь ямар нэгэн музейд дэлгэгдэж байгаагүй юм байна. Сонирхсон хэн бүхэнд Батцагаан цогчин хийдийн музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа ажээ. Эрт үеийн богдуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болоод хувцас хэрэглэлийг сонирхсон иргэдийн хөлд музейн танхим дарагдсан байна лээ. Сүсэгтэн олон сэтгэлээ ариусгаад гарахад таатай орчин Батцагаан хийдэд бүрдсэн байна. Энд автомашины зогсоол, зоогийн газар, бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Харин гаднаас нь харахад шил толь болсон гоёмсог барилга эгц өндөр шаттай юм билээ. Дуганыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч зорьдог. Харин тэргэнцэртэй иргэнийг шатаар түрж гаргах боломжгүй харагдсан. Тэд дотогш нэвтрэхэд түвэгтэй юм билээ. Энэ талаар иргэд ам муутай байсан. Энэ мэтчилэн сүсэгтнүүдээ бодоогүй шийдэл хэд хэд ажиглагдсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *