Categories
мэдээ цаг-үе

Бат хааны Увек хот

Увек хотын гаднах байдал

Эзэн Чингэс хааны ач Бат хааны байгуулсан Увек хотын туурийг ОХУ-ын Ижил мөрний сав газраас олж илрүүлсэн нь түүхчдийн хувьд ойрд сонсоогүй гайхалтай мэдээ байлаа. Бат хааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл нь Сарай-Бат. Сарай-Бат хотын талаар элдэв сонирхолтой мэдээ, сэлт, үүх түүх ном, судруудад олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сарай-Бат хотыг алтадсан шовх оройтой сүм дуган, барилгууд, цайз, цамхаг, ордон, шилтгээнүүдээр дүүрсэн, холоос алтран шаргалтан харагддаг байсан тухай түүхийн сурвалжуудад дурдсан нь бий.

1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж дэлхийд зарлагдан шаваа тавьсан уг хот маш богинохон хугацаанд худалдаа, соёл, цэрэг дайны өндөр ач холбогдолтой газар болон хувирсан байдаг. Хотын гайхалтай архитектуртой барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг төрх нь өрнө, дорнын худалдаачид, жуулчид, хаад ноёд, хатдыг дуу алдуулдаг байж. Тус хотоос Европ, Азийн соёлын гайхалтай нийлэмж, өгүүлэмжийг олж хардаг байсан гэнэ. Уг хотыг нүдээр үзэж биширсэн олон хүмүүс энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1333 онд Ижил мөрнөөр аялсан Арабын Ибн-Батутга Сарай-Бат хотын гайхамшгийг бишрээд бишрээд бараагүй байдаг. Тэрээр “Сарай хот бол ертөнц дээрх хамгийн гоёмсог хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам, зээлээр хүмүүс дүүрэн хөлхөлдөнө. Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд хотын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд, кыпшак, черкешүүд орос, византчууд христийг эрхэмлэх аж. Үндэстэн бүр өөрийн хороололтой. Тэндээ мөн өөрсдийн захтай болой. Ирак, Египет, Сириэс ирсэн худалдаачид, гадаад улсын иргэд өөр аймагт орших ба худалдаачдын агуулахын гадуур өндөр хэрэм хүрээлэх амой” хэмээсэн бол 1300-гаад оны үед тус хотод хөл тавьсан Аль-Омари “Алтан хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар тунгалаг ус урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид байх ба харшийн оройд кынтар (дундад зууны хүндийн хэмжүүр. Таван кг орчим) хэмжээтэй цул алтан шинэхэн cap гялалзана. Хааны ордныг шадар сайдуудын нарын орд гэр, цамхаг хэрэм хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл амьдарна” гэсэн байдаг.

Энэ бүгдээс Бат хааны байгуулсан Сарай-Бат хот ямархуу төрхтэй байсан нь анзаарагдана. Бат хаан зөвхөн Сарай хотыг байгуулаад зогсоогүй, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотыг байгуулж, католик шашны нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашныг аварч үлдээсэн гэдэг. Эдгээр хот нь Сарай хотын дэргэд хэмжээгээр жижиг боловч зарим улсын нийслэлтэй харьцуулбал хөгжил нь дээгүүрт тооцогддог байж.

Бат хааны байгуулсан Увек хот нь түүний зуны сууцтай ойролцоо оршдог байжээ.

Увек хот болон ойр орчимд нь 2005 оноос хойш малтлага, судалгаа хийж байгаа Саратов мужийн Орон нутгийн өвийг хамгаалах музейн ажилтнууд, Археологийн төвийн газрын мэргэжилтнүүд “Бид саяхныг хүртэл жижиг хэмжээний, цөөн тооны эд өлгийн зүйл л олдог байсан. Гэтэл хэд хоногийн өмнө эртний Увекийн буюу Алтан ордны улсын хамгийн том хотын нэгийнх нь туурийг оллоо. Энэ бол том үйл явдал” хэмээгээд байгаа юм.

Увек хотын нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг нь хувийн өмчид хамаарагдаж байгаа учир малтлагаа гүйцээх боломжгүй байгаа нь археологичдын өмнө тулгарсан хамгийн том саад болоод байгаа аж. “Хэрэв хувийн олон эзэмшилд нэвтэрч, гүнд нь байгаа бүхнийг ил гаргавал олон улсад шагшигдах хосгүй нээлт болно” гэж судалгааны багийн ахлагч Д.А.Кубанкина ярьжээ.

Увек хот нь ислам, христ, бөөгийн шашныг хослуулсан олон соёлын өлгий байсан нь хотын тууриас олдсон эд өлгийн зүйлсээс тодорхой болжээ. Хотын тууринаас Бат хааны ноёрхол дор амьдарч байсан Христийн шашинт хүмүүсийн суурин, хоёр сүм олдсон байна. Эндээс Бат хааны ивээл дор Христийн шашинтнууд элбэг хангалуун амьдарч байсныг гэрчлэх олон зүйлс олджээ. Христийн сууринаас олдсон эд өлгийн зүйлсийн зарим нь хотын элитүүдийн эдэлдэг зүйлс байсан аж. Тухайлбал, Христийн сууринаас үсний хятад хатгуур, луугийн зурагтай хагархай таваг, модон бариул зэрэг олджээ. Архелогичдын үзэж байгаагаар хоёр сүмийн нэг нь 1280 онд баригдаж, 14 дүгээр зууны эхэн үед устгагдсан гэнэ. Христийн сүм нь вааран дээвэртэй, ханыг нь зургаар чимэглэсэн, гадна, дотногүй сийлбэртэй байжээ. Харин хоёр дахь сүмийг 1330 онд байгуулсан нь 1350 он хүртэл оршин тогтносон байна. Христийн сүмийн агуулахад торгоны замын худалдаачдын эд зүйлсийг хадгалдаг байжээ. Агуулахын хэсгээс Византын эзэнт гүрнээс авчирсан таваг, вааран савнууд гээд чамин тансаг эд бараа олдсон байна.

Увек хот нийслэл Сарай болоод Ижил мөрний болгарчуудын нийслэл хот Болгар хоёрын дунд байсан, стратегийн онц ач холбогдолтой, бүс нутгийнхаа худалдааны гол бүс байжээ. Бат хааны зуны өргөөг бараадуулан байгуулсан уг хотыг Доголон Төмөр хааны их цэрэг 1395 онд дахин сэргэхээргүй болтол сүйтгэсэн гэдэг түүхтэй. Судалгааны багийн ахлагч малтлагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа “Хэрвээ малтлагаа үргэлжлүүлбэл яг л Орос нутгийг эзлэн сууж байсан монголчуудын түүх шиг археологийн дундаршгүй баялаг өв олдох юм” гэсэн байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *