Бат инженер хэмээх нэрээр твиттерт алдаршсан Ц.Бат-Монголын шvvх жиргээг “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-д тооцох эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ… хэмээн жиргэсэн байна лээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс мань жиргээчийг 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн болохоор өчигдрөөс эхлээд жиргээ “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-д тооцогдсон бололтой. Түүнийг баривчлагдсаны дараа цөөнгүй жиргээчид хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг гүйцэтгэдэг эсэхдээ дүгнэлт хийцгээв. Бат инженерийг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг загалмайлсан эх нь болоод байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуул”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэгдэх үед хуульч мэргэжилтэй Х.Тэмүүжин гишүүн “Доромжлох, гүтгэх гэдэг нь хоёр өөр ойлголт, олон улсын жишгээр доромжлох гэдэг нь эрүүгийн биш иргэний журмаар яригддаг асуудал. Харин гүтгэлгийн тухайд санаатай гүтгэх, гэмт хэрэгт холбогдуулж гүтгэх гэсэн хоёр зохицуулалт бусад улсад байдаг. Энэ асуудлыг олон улсын жишгийн дагуу авч үзэж, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хүрээнд зохицуулж шийдвэрлэх боломжтой” гэж хэлсэн байх юм. Харин М.Батчимэг гишүүн уг хуульдаа жиргээчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд багтааж байгаагаа ойр дотнын хүмүүстээ ярьсан сураг байсан. Үүнийг баталсан хэрэг Бат хэмээгчийг баривчилсан хэрэг болоо юу?
Ц.ОЮУНГЭРЭЛ: А.ГАНСҮХ САЙД ИНЖЕНЕРҮҮДИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШИЙТГЭЖ БАЙГАА НЬ АЙМШИГТАЙ
Шүүх хурлын дараа зөвхөн твиттерчид төдийгүй Ц.Бат инженерийн ар гэрийнхэн цочирдсон нь лав. Түүний эгч Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл шүүх хурлын дараа ийнхүү ярьсан юм.
– Нэлээд хэдэн сарын өмнө манай дүү Бат жиргээгээр А.Гансүх сайдыг салбарын бодлоготой холбоотой шүүмжилсний төлөө А.Гансүх сайд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргана гэдэг улс төрийн албан тушаалтны хувьд, сайд хүний хувьд хийж байгаа ноцтой алхам гэж би үзэж байсан. Тийм ч учраас тухайн үед хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж гарч ирсэн МоАХ-ны нэр дээр сайд болсон хүн шүүмжлэл сонсч чадахгүй, эрүүгийн хэрэг үүсгүүлж байгаа нь буруу гэдгийг илэрхийлж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд өөрийнхөө дүүтэй холбоотой асуудал яригдаад ирэхээр хэвлэлээр нэг их яриагүй. Яагаад гэхээр яриад эхлэхээр шүүхийн шийдвэрт нь нөлөөлчих магадлалтай юм болов уу гэж бодсон. Урьд нь бас хэдэн хүний эрхийг хамгаалахаар ярилцлага өгөхөд шүүхийн шийдвэрт нөлөөллөө гээд байсан юм. Улс төрийн албан хаагчийн хувьд би салбарынхаа мэргэжилтнүүдээс маш их шүүмжлэл сонсдог. Яг түүнтэй адил Бат бол салбарын өндөр мэргэжлийн инженер салбарынхаа сайдыг шүүмжилсэн. Манай салбарт намайг шүүмжлэхэд би ихэвчлэн няцааж, эсвэл мэдээллийг иргэддээ өгдөг. Эсвэл шүүмжилж байгаа хүмүүсээ урьж уулзаж, зөвлөлдөж, ойлголтоо нэгтгэх тайлбар өгдөг. Эсвэл шүүмжлэлийг дуугүй хүлээж авдаг. Ийм маягаар би шүүмжлэлтэй харьцдаг л даа. Гэтэл А.Гансүх сайд өөрийнхөө салбарын өндөр мэргэжлийн инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна. Бат бол нисэхийн салбарын өндөр мэргэжлийн инженер. Нисэхийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шүүмжилж байгаа. Мөн төмөр замын салбарт Даваапил гэж инженер байдаг. Төмөр замын бодлогоор бас л А.Гансүх сайдыг шүүмжилж жиргэдэг. Энэ хүнд бас эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Шүүхийн эхний шатанд Даваапилийн хэргийг хэрэгсэхгүй болгоход А.Гансүх сайд заавал давж заалдаж байж унагаах жишээтэй. Ийм үйлдлүүд хийгээд байгаа. Улстөрч хүнийхээ хувьд салбар доторх бухимдлыг ингэж эрүүжүүлээд байгаа нь ардчилсан Засгийн газарт, Ардчилсан намд баймааргүй үзэгдэл. Манай дүү салбарын бодлогыг шүүмжилдэг, салбарын мэргэжилтнүүдийн бухимдлыг илэрхийлдэг “шүгэл үлээгч” хүн.
-Бат инженерийг байгууллагын нууц задруулсан хэргээр ажлаас нь халсан гэдэг?
-МИАТ компанийн гэрээний тухай твиттерт бичсэнийг нь зарим нь тэгж шүүмжлээд байсан л даа. Гэтэл УИХ-аар батлагдсан “Шилэн дансны хууль” үүнд хариулт болсон. Энэ хуульд аливаа байгууллага мөнгө төгрөгтэй холбоотой гэрээгээ байгууллагын нууц болгож, дураараа нууцад авахыг хориглоно гэсэн заалт орсон байгаа. Ашиггүй гэрээ хийгдэх гээд байна гэдгийг илэрхийлсэн иргэн бол “шүгэл үлээгч” МИАТ компанийн гэрээ хэлэлцээрийг шилэн болгосон хүн л байхгүй юу. Тэр нь Батаагийн хувьд иргэн хүний байж болох шударга үйлдэл гэж би үздэг. Манай дүүг ажлаас халсан үндэслэл тэр эсэхийг би мэдэхгүй. Ажлаас халсан тушаалыг нь үзээгүй. Ажлаас халахад улс төрийн нөлөө орсон гэж манай дүү үздэг би тэрэнд нь итгэдэг” гэлээ.
Ц.Бат инженер Киевт Нисэхийн ашиглалтын инженер, Австралид нисэхийн менежментээр мастер хамгаалсан. Канадын Мак Гийлийн их сургуулийг нисэхийн хуульч мэргэжлээр төгссөн. Нисэхийн аюулгүй байдлаар бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Нисэхийн инженерүүдийн хувьд үнэ цэнэтэй мэргэжилтэн тэрбээр үзэл бодлоо интернэтээр хурцаар илэрхийлдгээсээ болоод “дээлээ нөмрөхөд” хүрлээ. Ц.Бат инженерийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна лээ.
Жиргээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш учраас хэн нэгнийг доромжилж болно гэсэн үг биш л дээ. Хүн ёсны хувьд хэн нэгнийг доромжилмооргүй л байгаа юм. Харин хэн нэгнийг шүүмжлэх бол өөр асуудал. Шүүмжлэх эрх нь ардчилсан нийгэмд нээлттэй.
Өнгөцхөн харахад жиргээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дутууг нь гүйцээж дундуурыг нь дүүргэж байгаа харагддаг ч нэгэн үе хүчээ авч байсан шар хэвлэлийн адил хөгжлийнхөө үе шатыг даван туулж байна. Шар тодотголтой хэвлэлд бол хүн доромжилж болно, хэн нэгний ор дэр, тогоо шанага руу өнгийж болох мэт шуурч явсан үе бий. Үүнийхээ хөлд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ нидрэхээ алдсан. Түүн шиг жиргээчдийн элдэв өнгө төрх иймэрхүү байна. Буух эзэнтэй, буцах хаягтай байна гэдэг мэдээллийн хэрэгслийн хүн чанар, мөн чанар буюу.
Б.ЭГШИГЛЭН