Categories
мэдээ цаг-үе

Баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн Отгоогийн Батнасан

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд энэ удаа домогт баруун Алтай нутаг, уулс туульсын орон Ховдын цэнхэр хязгаарын унаган хүү, “Торгон нутаг” клубын тэргүүн Отгоогийн Батнасан уригдлаа. Дүнэгэр дүнэгэр хайрхдынхаа цаст мөнгөлөг оргилыг ширтэж, их уулсын салхиар адислуулсан тэрээр олон үндэстэн ястны өлгий, халуун эх орончдын нутагт мэндэлснээрээ бахархах ажгуу. Ямар сайндаа л “Үе удмаараа шүтэн дээдэлж ирсэн Бүрэнхайрхан тэргүүт уулс минь түшиж, минжит Булган гол минь сэтгэлийг ариусган, өвгөн товшуурын их дуурьсал намайг өр зөөлөн болгосон биз ээ” гэж дуу алдаж байхав дээ. “Торгон нутаг”-аа нэрийн хуудсаа болгосон Отгоогийн Батнасан эх орны баруун хязгаар, торгууд түмний өлгий нутаг Ховд аймгийн Булган сумынх. Тэртээ далаад онд минжит Булганы хөвөөнөө мэндэлж, бага сургуулийн сурагч ахуй үе хүртлээ эмээ өвөөгийнхөө хайр энхрийлэлд хөлбөрчээ.

Энэ тухайгаа “Долдугаар сард төрсөн намайг эмнэлэгт ердөө хорь орчим хонуулаад манайх зуслан руугаа нүүсэн байдаг. Жаргалтын зуслан бол өндөр Алтайн хад сархиа болсон газар. Ингэж л улаан нялзрай байхаасаа уулсын салхи савирыг амсаж, уулын цэнгэг голоор ундаалж хүн болсон доо. Аав маань Улаанбаатар хотноо мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан. Ээж худалдааны техникум төгсөөд хөдөө аж ахуйн сургуульд тогоочийн ажилтай. Оюутан байхад нь төрсөн хүүхэд эмээ, өвөөгийн өвөр барааддагийн тэр л жишгээр би гэдэг хүн хөдөө байсан” гэж өгүүлсэн юм. О.Батнасан захирлын өвөөгийнх Булган голын хаяа дэрлэж нутагладаг байж. Одоогийн Ярантын боомтын ойролцоо, Булган сумын хилийн заставын тийшээ байсан байна. Үнэхээр л минжит Булганы тунаран мяралзсан урсгал Алтайн хязгаарын хүүгийн хүсэл мөрөөдлийг ямар нэгэн зүгт дуудан далладаг байсан болов уу. Ээжийнх нь аав буюу Батнасан хүүг амь шигээ хайрлан, ар өвөртөө үүрч дүүрч өсгөсөн юм гэнэ лээ. Түүнийг хоёрдугаар ангийн сурагч байхад өндөр өвөг эцэг нь, дөрөвдүгээр ангид байхад эмээ нь бурханы оронд оджээ.

Отгоогийн Батнасангийн халуун сэтгэлт эх орончдын өлгий нутаг, өндөр Алтайн уулсад хүн болох алтан хувь заяаг хайрласан ачит эцэг нь баруун Алтайн бахархал болсон хүмүүсийн нэгэн юм. Тодруулбал, Цагаадайн Отгоо гуай Ховд аймгийн Булган сумаас тодорсон шинжлэх ухааны 70 гаруй эрдэмтэн докторуудын түүчээ, торгууд түмний бахархалт, оюунлаг нэгэн ажээ. “Би чинь багадаа хичээл ном хийнэ гэж байхгүй, эрх нь дэндсэн зүггүй барам явлаа. Эрдэмтний хүү ийм байх ч гэж дээ хэмээн багш нарт загнуулна. Манай сургуулийн хананд аавын зураг хадаатай байна. Намайг багад аавын маань алдар замнал ус нутаг даяараа мандаж, шинжлэх ухааны анхны эрдэмтэн төрлөө гэж хүн бүхэн бахдаж байлаа” хэмээн бага насныхаа дурсамж дурдатгал, аавынхаа алдар замналын тухай цухас өгүүлсэн нь энэ.

Тэрээр наян оны намар өвөөгийнхөө гараас хөтлөн очиж сумынхаа арван жилийн сургуулийн босгыг алхаж, наян найман онд наймдугаар анги дүүргэсэн байна. “Эрдэмтний хүүхэд ийм байхдаа яахав” гэж багш нараасаа жавьтий хүртэж явсан хүү улсдаа зартай, тухайн цагт сум байтугай аймгийн статустай байсан Ховдын Булганы сургуулийн наймдугаар анги төгсөгчдийг сурлагаараа тэргүүлнэ гэдэг өндөр амжилт. “Сэтгэн бодох чадвар сайтай байсан нь сургалтын үр дүнд нөлөөлсөн байх. Би чинь аливааг цээжилж тогтоохдоо гаргууд байлаа. Хоолны гурилаа элдэж байхдаа физик, математикийн томьёогоо цээжилчихнэ. Геометр, физик зэрэг хичээлд гоц байсан даа” гэв.

О.Батнасан захирал 1988-1992 оны хооронд буюу нийгмийн шилжилтийн хамгийн донсолгоотой он жилүүдэд Архангайн багшийн сургуулийн оюутан байж, арын сайхан хангай нутагт дөрвөн намрыг үзжээ. Архангай руу сургуульд явах болтол ижий, аав хоёрынх нь ажил алба болдоггүй, хэзээний биеэ дааж бусдын гар харж нялцганадаггүй тэрээр аанай л ганцаар явахаар болсон байна. Аав нь онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө хамт нисэх, тэр нутгийн нэгэн эмээд хүүгээ захиад ижийгийнх нь бэлдэж өгсөн хувцас хунар, хоол хүнсийг томоо гэгчийн модон авдарт хийж, зуутын ногоон дэвсгэртээс гурвыг түрийвчинд нь шургуулжээ. Архангайн онгоцны буудал дээр нөгөө эмээг чинь хүү нь ирж тосов гэнэ. Сонирхолтой нь эмээгийн хүү хогийн машины жолооч байжээ. Ээжийнх нь бэлдэж өгсөн хоол хүнс, хувцас хунараа нандигнан хийсэн модон авдрыг хогийн машиныхаа тэвшин дээр шидээд сургуулийн дотуур байрны үүдэнд буулгасныг хожим инээд хөгжөөнтэйгөөр дурсч байна.

Хоёрдугаар курсын оюутан байхдаа Архангайн эвлэлийн үүрүүдийг татан буулгаж, оюутны зөвлөл гээчийг байгуулан, ерэн оны цагаан морин жилийн МХЗЭ-ийн хорьдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан удаатай. Оюутны холбооны хуралд Москвагаас яруу найрагч Шагдарын Уянга ирж оролцож байлаа гэж дурссан юм. Архангайн сургуулийн оюутны зөвлөл Монголын оюутны холбооны үндэс суурь нь гэдгийг онцолж байв. “Миний бие эрхзүйч хүний хувьд аливаа хөдөлгөөн, холбоод нийгмийн гол хүч, амин судас нь болдгийг мэднэ. Харин тэрхүү үүргээ өнөөдөр гүйцэтгэж байна уу гэдэг эргэлзээтэй” гэж ярианы далимд хэлээд авна лээ.

Архангайн багшийн сургуулийг улаан дипломтой төгссөн Батнасан багш Улаанбаатар хотын 82 дугаар сургуульд хоёр жил багшилсан байна. Тийн багшлах явцдаа хэлбичгийн ухааны доктор Чойжилсүрэнгийн Жачингийн монгол бичгийн дугуйланд явдаг байж. Тухайн үед монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яригдаж байсан цаг. Монгол бичгийн жийрэглэх эгшгийн дүрэм гэж байдаггүй, энэ л хамгийн чухал гэдгийг мэдэрсэн залуухан багш хичээлээ заахаас гадна бүтэн дөрвөн сар нухаж байж багш нарт зориулсан гарын авлага хийсэн нь гайхмаар.

Батнасан захирал ер нь хийнэ гэж бодож төлөвлөсөн зүйлээ уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд ямагт ард нь гарч санаа нь амардаг “яршигтай” нэгэн. Тэрхүү зан чанар, өөрийнх нь үндсэн гол шугам, амьдралынх нь мөрдлөг юм юмнаас харагдаад байдаг. Цаг ямагт анд нөхдөөрөө гоёж, найз нарынхаа эрчилсэн эр зориг дундаас өөрийн зам мөрийг гэрэлтүүлж, түүчээлэн явдаг түүнийг хоёр жил эрдмийн ажил эрхэлсний дараа андууд нь бизнесийн талбарт уруу татсан байна. “Багшийн цалин хаанаа ч хүрэхгүй байх тэр цагт найз нар минь л намайг хувцасладаг байлаа” гэж нэгэнтээ бахархан өгүүлсэн билээ. Бизнесийн ажилд шамдахын өмнөхөн Замын цагдаагийн алба хаагчдад монгол бичиг зааж манаргасан удаатай.

Эл эрхмийн нэрийн хуудас, амьдралынх нь чин зорилгын нэгэн өндөрлөг болсон “Торгон нутаг” клубынх нь тухай асууж сонирхлоо. Арван жилийн өмнө буюу 2006 онд тус клубыг Булган сумын уугуул 23 залуу нэгдэн байгуулжээ. Анхны үүтгэл санаа нь Бүрэнхайрхан уулын тахилгаас эхэлсэн түүхтэй. Тухайн цагт уулын тахилга тэгтлээ газар аваагүй үед Бүрэнхайрханаа тахиж, ус нутгаа гэх чин зүрхний анд нөхдийн итгэл сэтгэл дээр тус клуб оршин тогтносон нь ёстой л нэг оюун санааны тусгаар тогтнол гэлтэй. “Элгэн түмэн, эх нутгаа гэх чин хүслээр зангилагдсан бидний гол зорилго олон ястны өлгий Ховд нутгийнхны төлөөх бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалт, өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл, түүхээ ирээдүй хойчдоо уламжилж өвлүүлэхэд оршино” гэжээ. Энэ тухай 2015 онд хэвлүүлж олны хүртээл болгосон “Торгон нутаг” клуб сэтгүүлд тодорхой өгүүлсэн байна.

Отгоогийн Батнасан захирлын баруун Алтай Ховд нутгийнхаа зон олны төлөө хэзээд ч элбэг дүүрэн сэтгэлээр энэрэн хандаж явдгийнх нь илрэл “Торгон нутаг”-аар хэмжээлэгднэм. Т эрээр анд нөхдөө уриалан дуудаж, халуун эх оронч өвөг дээдсийнхээ гал голомтод Монголын түүхэнд домог болж мөнхөрсөн Сорхогтань хатныхаа цэцэрлэгт хүрээлэнг бий болгож, Монголын сүүлчийн хан Ойрадын зоригт Увш ханы хөшөөт цогцолборыг цогцлоон мандааж, олон ястны “Жангар” наадмыг санаачлан зохион байгуулж үндэснийхээ өв соёлын дархлааг хадгалж яваа гавьяатан.

Хүлэг, Аригбөх, Хубилай, Мөнх гэсэн дөрвөн их хаан төрүүлж дэлхийн түүхэнд бичигдсэн домогт Сорхогтань хатанд зориулж Булган сумын төв дээр 380 сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулсныг дуулсан бүхэн үнэндээ бахаддаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нэгдсэн “Торгон нутаг”-ийн хамт олонд эх орон, үүх түүх, өв соёл, үндэснийхээ дархлаанд хайртай бүхэн талархах хэрэгтэй гэх бодол төрдгийг нуух юун. “Чи алагдаж болох, ялагдаж эс болох” гэх жинхэнэ эх орончийн зүрхний бичээсийг сийлсэн Увш ханы хөшөөг Ховдын тэнгэр дор, мөн Элистай хотноо цогцлоосныг, “Жангар-1” олон ястны наадамд гадны 320 зочин урьж оролцуулсан зэргийг аваад үзэхээр Отгоогийн Батнасан гэдэг хүн яалт ч үгүй баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг юм даа гэх бодол баттай төрж байна. “Эвийн гагнаас хаана байна гэвэл би баруун Алтайд байна гэж хэлнэ. Тэр хэдэн хүрэн хайрхны дунд, Ховдынхоо тэнгэр доор буухад нэг л сайхан шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд хоёр нүдэнд нь баяр бахдал дүүрээд ирэх ажгуу. Аргагүй л их уулсынхаа шүншиг, ус голынхоо дөлгөөн чанарыг сэтгэлдээ огшоож хадгалсан нэгэн юм даа.

“Хүмүүний амьдралын хамгийн эрхэм нандин зүйл бол гэр бүл юм. Зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, үнэт чанараараа бүтээн босгосон зүйл хамгаас эрхэм нандин байхаас ч яах билээ” гэсэн нь эрхгүй сэтгэлийн чавхдасыг доргиосон юм. Нэгдүгээр хороололд байх “Сладко-2” төвийн албан ажлынх нь өргөөнд ханайх номын санд үргэлжилсэн бидний яриа Циркийн баруун талын “Номуун” хотхонд байх гэрт нь үргэлжилж байгаа нь энэ. Гэргий нь Жамсрангийн Энхжаргал гэж зөөлнөөр инээмсэглэсэн, аядуу намуухан бүсгүй байна. Гэрийн эзэн цаад өрөө рүү орж хэсэг удсанаа жигтэйхэн баяр баясалтай, харцнаасаа гэгээ гэрэл тунаруулан гарч ирэв. Хоёр сарын өмнө өнжиж буй айлынд маань нэгэн баярт мөч тохиосон нь Батнасан ахынх арван гурван жилийн дараа голомт залгах хүүтэй болжээ. Хорин жилийн тэртээ учран уулзалдаж, айл гэр болон гал голомтоо бадраан хоёр сайхан охины ижий, аав болсон тэд ийнхүү хүсэн хүлээсэн нуган үртэй болж, ёстой нэг магнай тэнийн баярлалдаж байна. Биднийг очихын урд өдөр шинэхэн “аварга”-ынхаа хоёр сарынх нь вакциныг хийлгэжээ. “Хоёр сарын вакцин гэдэг халуурч бүлээрүүлдгээрээ зартай. Харин манай аварга санасныг бодоход учиртай байна” гэж гэрийн эзэн өгүүллээ. “Том охиноо төрөхөд жигтэйхэн баярлаж билээ. Эрдэмтэн хүний хүүхэд явсан даа, би. Эрдэмтэй охин төрсөн гэдэгт итгэлтэй байсан. Хэзээ намайг аав аа гэж дуудах бол хэмээн маш их яарч, догдлон хүлээдэг байлаа” гэж хайраар бялхсан дурсамж хөвөрнө.

Том охин Буянжаргал нь Их сургуулийн олон улсын харилцааны нэгдүгээр курсын оюутан ажээ. Ээжийнхээ ажилд тусалж, бага дүүгээ асарч нүүр дүүрэн инээмсэглэсэн алаг нүдэн тэрээр айлын том хүүхдийн ачааг үүрч явна. Бага охин нь мөн Орос гуравдугаар сургуулийн долдугаар ангид сурч байгаа гэнэ. Тэднийх Орос гуравдугаар сургуулийн хаяа дэрлэж оршино. Батнасан ахынх анх “Таван шар”-д гал голомтоо бадрааж хоёр сайхан охинтой болжээ. Том охиныг нь хардаг байсан хөрш хөгшнийд одоо хэр нь цагаан сараар очиж золгон хүндэтгэл үзүүлдгээ, мөн тухайн хөршүүдтэйгээ холбоотой инээд хөгжөөнтэй гэнэн цайлган цагийн дурсамж олныг хуучилсан даа. Ийм л нарийн нандин яриа хөөрөө ундарч, Энхжаргал эгчийн цай цүйг амтлан ууж, хоол унд энээ тэрээ болох зуурт хаалганы хонх жингэнээд явчихлаа. Батнасан ах “Аав ирж байгаа байх” гэж хэлэхтэй зэрэгцээд л цав цагаан цамц, гоёмсог ягаан зангиа солонгоруулсан эрхэм доктор, хуучны сэхээтэн ийм л байдаг даа гэсэн шиг ихэмсэг бадрангуй орж ирэх нь тэр. Эрдэмтэн доктортой мэнд усаа мэдэж, хаврын урин цагийн яриа хөөрөө дэлгэж, том хүүгийнх нь алдар замналыг бахдаж, ууган бэрийнх нь гарын цай хоолыг ширээ тойрч суугаад амтархан хүртлээ. Буурал доктороос эрдэм бүтээлийнх нь тухай ярианы завсарт асууж л байв. Тэрээр эрдэмт хүн даруу гэдгийг биеэрээ үлгэрлэсэн нэгэн ажгуу. Барагтайд үг унагахгүй юм. “Үр хүүхдийнхээ буянд жаргаж л явна даа” гэж хэлсэн нь, чин зүрхнийх нь үг байлаа. Нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр төгсөөд мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Малын сэг зэмийг ашиглаж уурагт тэжээл бэлтгэх, мөн тарваганы ходоод зэрэг олон зүйлээр тэжээл бэлтгэх шинжлэх ухааны ярвигтай, чөмөг дундалсан эрдмийн ажилд идэр залуу наснаасаа хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Далан хоёр онд ЗХУ-ын хөдөө аж ахуйн дээд сургуульд аспирантурт суралцаад тэндээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан түүхтэй.

Мал аж ахуйн хүрээлэнг анх санаачлан байгуулсан академич Дугарын Цэдэв гавьяатын шавь юм билээ. “1975 онд Төв аймгийн намын бүгд хуралд Цэдэнбал дарга мал аж ахуйн талаар, ялангуяа тэжээлийн талаар үг хэлэх болж л дээ. Тэгээд надаас зөвлөгөө авч байсан удаатай. Намайг албан өрөөндөө дуудаж уулзсан. Бал даргын өрөөнд дуудуулахдаа би гэдэг хүн айж л байлаа” гэв. Мөн наян нэгэн онд Баянцогтод ажиллаж байхад нь Улс төрийн товчооны Рагчаа дарга очоод “Монгол Улс хөдөө аж ахуйн шилдэг боловсон хүчинтэй, сэхээтэнтэй, эрдэмтэнтэй болж байгаа юм байна” гэж залуухан доктор Отгоогийн тухай сэтгэл хангалуун хэлснийг эрхэм гавьяат маань сонин болгож ярьсан юм. Түүний хэлсэн үг бүхэн, дурсамж дурдатгал бүхэн нь Монгол Улсын хөгжил дэвшилтэй, шинжлэх ухааны ололт амжилттай холбогдож байсан нь гайхамшигтай. Бал даргад мандан бадралынх нь оргил үед зөвлөж явсан гэхээр бахархал байхаас яах билээ. Буурал гавьяаттай ийм л үүх түүх хөөрөлдөн суухуйд Батнасан ах “Манай аавын арван жилийн ангиас дөрвөн гавьяат төрсөн байдаг. Тэр жил шинжлэх ухааны гавьяатынх нь цайллагыг хийхэд бүгд ирж байлаа” гэв. Бид хоёрт ярианы сэжим өгч байгаа нь тэр л дээ. Үнэндээ ч Отгоо гавьяатын ангийнхан гэвэл Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Их хурлын гишүүн асан “Номин”-гийн Шагдарсүрэнгээс аваад олон бахархалт хүмүүс байдаг гэнэ. Эрхэм докторын гавьяатын цайллагад Ерөнхий сайд Сайханбилэгийн аав өндөр Чимэд гуай “Найзынхаа цайллагад оролцох гэж Америкаас ирлээ” хэмээн зорин ирж байсныг хүү нь сонирхуулсан юм. Ийм л олонтой, төр түмэндээ хүндлэгдсэн сайхан буурал. Тэрээр “Би хүүхдүүддээ сургаал номлол хэлээд байдаггүй. Өөрөөрөө үлгэрлэхийг л эрмэлздэг” гэж гайхмаар ухаалаг үг хэлсэн юм. “Миний хүү Батнасан ямар ч ажлыг хийсэн үр дүнг нь үзэж байж санаа нь амардаг. Өрөвч зөөлөн чанартай, дандаа бусдын төлөө явж ирсэн. Өсч төрсөн унаган нутаг Ховдын зон олон болоод дэлхийн торгууд монголчуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Хүний ажлыг бүтээхийн төлөө явж, олны хайр талархлыг хүлээж буйд нь эцэг хүний хувьд баярлаж л байдаг юм” хэмээн ихэд сэтгэл хангалуун хэлж байлаа. Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагад бүхий л насаараа ажиллаж эрдэм оюунаа зориулсан өвгөн гавьяатынх таван хүүхэдтэй. Том нь мэдээж Батнасан захирал.

Эрхэм захирлын удирддаг “Кондитер Улаанбаатар” компани Оросын “Оклава” брэндийн албан ёсны дистрибьютер. Хүнсний бүтээгдэхүүн, чихэр жимс зэргийг оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг. Өдгөө далаад ажилтантай, олон салбар төвтэй уг компани Монголын 70-аад өрх гэрийг тэжээж, амьдралынх нь баталгаа болж явна. Сонгинохайрхан дүүргийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан зэрэг амжилт бүтээлийнх нь тухай дурдана гэвэл барагдахгүй. Мөн л эвийн гагнаасаар холбогдсон элгэмсэг хамт олон.

“Оросын олон жилийн түүхтэй брэнд бүтээгдэхүүний хүчинд бид өдий зэрэгтэй явна. Олон хүнийг амьдралтай болгосон доо” гэж О.Батнасан захирал сэтгэл дүүрэн хэлэх бүлгээ. Мань хүн оросуудад их хайртай. Тэдэнд ёстой нэг хир халдаахгүй дээ. Эрхүүд долоон жил амьдарч, бизнесээ хөл дээр нь босгож чадсан тэрээр оросуудтай амь амьдралаараа холбогдсон нэгэн юм.

Үхэл амьдралын зааг дээр байсан үнэн түүх бий ажээ. Тодруулбал, 1995-1996 оны завсарт их айхтар өвдсөн байна. Тархиндаа хүнд гэмтэл авч ямар ч ухаангүй Сибирийн төв эмнэлэгт хүргэгджээ. Монгол гэдгийг нь таниад халуун сэтгэлт орос эмч 42 хоног тасралтгүй эмчилж, хүний гарт орж эцэж туйлдсан түүнд Оросын сувилагч бүсгүйчүүд хань ижил шиг хандаж халамжилсныг энэхэн насандаа мартамгүй. “Намайг эмчилсэн тэр эмч, би монгол хүнд хайртай гэдэг байсан. Зүүнбаянгийн цэргийн ангийн ерөнхий эмч байсан юм билээ” гэв. Хүүгээ Сибирийн төв эмнэлэгт хүргэгдсэнийг найз нөхдөөс нь дуулсан аав нь шууд нисч очин 41 хоног долоон банштай шөл хийж өгч тэнхрүүлснийг сонсоод “эцгийн хайр гэж тийм л байдаг даа” хэмээн бодож суулаа. Орос эмч нарын ачаар хүний хорвоод дахин амьдрах дээдийн заяаг олсон хүн тийм их ач буяныг яахин мартах билээ.

Өнжиж буй айлын маань хоймрын тавилга дээгүүр хүүхэлдэйний гоёмсог цуглуулгууд төрөл бүрээр өрөөстэй харагдана. Орон орны түүх соёл, зан заншлыг хадгалсан дээл хувцастай хүүхэлдэйнүүд Энхжаргал эгчийн “хүүхдүүд” ажээ. Үндсэндээ гэргийгийнх нь хобби гэнэ. Нөхөр нь аль ч улсад очсон тухайн орны соёлыг хадгалсан хүүхэлдэйтэй буцдаг байна. Мөн найз нөхөд, ойр тойрных нь хүмүүс Энхжаргал эгчийн хоббиг нэгэнт таньсан учир бүгд л хүүхэлдэй сугавчилж авчраад бэлэглэдэг ажээ.

Батнасан ахыг цаад өрөөнд бага хүүтэйгээ нялуурч байх хооронд гэргийтэй нь цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Ховд аймгийн Алтай сумын уугуул ажээ. Аав нь Базарсадын Жамсран гэж Монголын баруун хилд бүхий л насаараа ажиллаж, хилийн цэргийнхний дунд “Санхүүгийн Жамсран” гэж алдаршсан сайхан хүн байв. “Аав маань хотод цэргийн алба хаасан юм. Ж.Самбуу даргын гэрийн үүдэнд харуулд гардаг байсан тухай ярина. Намайг гурван настай байхад Говь-Алтайн Алтай суманд томилогдож тэнд манайх долоон жил болсон. Харин хоёрдугаар ангид орох жил аав Ховдын Булганы цэргийн ангийн санхүүгийн хэлтсийн даргаар очиж байлаа. Ховдод таван жил болоход миний бие долдугаар ангиа дүүргэсэн. Булганд сургуульд байхдаа ханийгаа зүс мэддэгээс цаашгүй. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Бид хоёр чинь бүр сүүлд, хувь төөргөөрөө учирсан. Миний ханьд аав минь жигтэйхэн хайртай байсан сан. Өнгөрөхийнхөө өмнө “Аав нь өөрийнхөө босгосон амьдралд сэтгэл хангалуун байна. Миний Батнасан хэдэн хүүхдийг минь газар хүргэлгүй аваад явна. Ийм сайхан хүүтэй болсондоо баярладаг” гэж хэлж билээ. Аавынхаа тэр үгийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гардаг. Үнэхээр л миний хань өөрийнхөө дөрвөн дүүг, миний дөрвөн дүүг том ахын хувиар тэгш дүүрэн авч явна” гэж ухаалаг даруухнаар өгүүлсэн юм.

Сүүлд гэр бүлээрээ хаашаа явсныг нь сонирхоход, Москвад сурч байгаа хурандаа дүүгээ эргэх далимаар хоёр талынхаа ах дүү нартай Москва, Ленинградаар яваад иржээ. Уг аяллыг Батнасан ах санаачилсан байна. Гэргий нь хүүхэлдэйний цуглуулгатай бол эрхэм захирал мод тарих хоббитой. Партизанд дөрвөн мянга гаруй мод тарьж, залуучууддаа үлгэрлэн, эко орчин ногоон байгууламжийг бий болгосон. Үр хүүхэд төрүүлэх, мод тарих, ном бүтээхийг дээдийн буян гэдэг. Эл гурван буяныг үлгэрлэн авч яваа хүн бол Отгоогийн Батнасан юм. Мэдээж хоёр охин, нэг хүүгийн аав. Одоогоор дөрвөн мянга гаруй мод тарьж ургуулж буй буянтан. Дээрээс нь “Торгууд Монголын өв соёл” тэргүүт олон арван номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн үнэлж баршгүй гавьяа түүнийх.

Ном хэвлүүлэхээс гадна Алтайн дүнэгэр сайхан хайрхад, ус гол, хүн зоныхоо тухай халуун сэтгэлийн илэрхийлэл шүлэг найргийн шад мөрүүдийг тэрээр тэрлэдэг. Ховд нутаг бол утга соёлын олон билигт хөвгүүнтэй. Тэднийгээ бишрэн хүндэтгэж, шүлэг найргаас нь дээжлэн уншиж, халгин цалгиад ирэхээр Минжит Булганыхаа урсгал, Цамбагарав, Жаргалант, Мөнххайрхан, Сутай их уулсынхаа салхи савир шиг эрдүү хийморьлог болоод явчихна. Элгэн түмнээ гэх халуун сэтгэлээс нь ундарсан их уулсын шүншигтэй шүлэг найргаа тэрээр ном болгон баринтаглаж буй гэнэ. Эрх биш найргийн одонд төрсөн надад эрхэм ахын шүлгүүдийг уншихуйд баруун Алтайн хүн зоны аж төрөл, элгэн халуун сэтгэл мэдрэгдээд ирсэн билээ.

“Торгууд Монголын өв соёл” хэмээх хэд хэдэн давхар тоосготой тэнцэхүйц тийм зузаан бүтээлийг номын сангаасаа хүндэтгэлтэйгээр гаргаж ирээд “Монголчууд номыг ингэж л хэвлэх ёстой юм” гэж бахархах, омогшихын завсарт хэлээд авсан. Уг номын ар талын хуудсанд Богд Зонхов бурханы зураг байна. Энэ бол 1608 онд торгуудууд Ижил мөрөн рүү нүүхдээ авч явсан шүтээн ажээ. 1771 онд Тэнгэр ууланд ирэхдээ авч ирсэн гэдэг. Монголын хүрээ хийдийг дөчин долоон онд дахин сэргээхэд Ховдын Булганаас ЗИС-5 машинаар уг шүтээнийг авчруулж, төв ганданд залж байсан түүхтэй юм билээ. Машин явах боломжгүй учир Монгол Алтайн нурууг тэмээгээр гатлуулж байсан гэдэг. Халимагууд уг шүтээнийг нутагтаа ганцхан удаа залахыг Чой хамбаас олонтаа гуйсныг гэрийн эзэн сонирхуулсан юм. Баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн, элгэн түмнийхээ хайр талархлыг хүлээж яваа, “Торгон нутаг” клубын тэргүүн Отгоогийн Батнасангийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэхэд ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *