Categories
мэдээ цаг-үе

Барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологиуд

Царай таних систем

ДЭЭВРИЙН НАРНЫ ХАВТАН БОЛОН ЗАЙ ХУРААГУУР

АНУ-ын “Tesla” болон “So­larCity” компаниуд хамтран барилгын салбарт, тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын салбарт шинэ технологиудаа танилцуулжээ. Эдгээр технологиуд нь нарны зай хураагуурыг дээврийн хавтанд суурилуулж өгсөн дээврийн хавтан, хураасан эрчим хүчийг хадгалах батарей юм.

Дээврийн хавтангийн хувьд өндөр бүтээмжтэй зай хураагуур, нарны гэрэл нэвтрүүлэх боломжтой өнгөт хальс болон гадны нөлөөлөлд тэсвэртэй сайжруулсан шил гэсэн гурван давхаргаас бүрджээ. Үзэмжийн хувьд хажуу талаасаа энгийн дээврийн хавтан мэт харагдах боловч дээрээс харвал зай хураагуур нь харагдах байдлаар бүтээгджээ. Мөн эдэлгээний хувьд бусад дээврийн хавтангуудаас удаан эдэлгээтэй болохыг амлаж байгаа юм байна.

Батарейны хувьд “Tesla” компанийн өмнөх хувилбар болох “Powerwall 1” батарейны дараагийн загвар болгож “Powerwall 2”-г танилцуулаад байна. Энэхүү технологи нь 14 кВт.ц чадалтай, эрчим хүч үйлдвэрлэгч хавтангийн тусламжтайгаар нартай үед хуримтлуулсан эрчим хүчээ хадгалан төвийн шугаманд холбогдолгүйгээр орон гэрээ эрчим хүч, дулаанаар 24 цагийн турш хангах боломжийг бүрдүүлэх юм. “Tesla” компани бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаат хугацаа олгох юм байна.

Конкреволл хавтан

ДУУ ТУСГААРЛАГЧ ХАВТАН

Ипотекийн зээл дэлхийд хүчээ авч эхэлсний дараагаар дуу тусгаарлагч хавтангийн эрэлт нэмэгдсэн байна. Ипотекийн зээлийг дагаж улс орнуудад хямд үнэтэй, олон давхар орон сууцнууд ихээр баригдсан бөгөөд үүнийг дагаад барилгын чанарын асуудал сөхөгдөж, тэр дундаа хананы нимгэн зузаанаас шалтгаалсан гомдол барилгын компаниудад ихээр иржээ. Нэгэнт баригдсан барилгын хананд дуу тусгаарлагч хавтан наах арга одоогоор хамгийн эрэлттэй байгаа юм. Харин өндөр зэрэглэлийн, чанартай орон сууцнуудад илүү зузаан, дотроо дуу тусгаарлагч давхаргатай хавтангаар хана, таазыг хийдэг юм.

Дуу тусгаарлагч хавтан гэдэг нь илүүдэл дуу чимээг барилга доторх хана, тааз, шалнаас бусад талбайд нэвтрүүлэхгүй, мөн тухайн барилга доторх орон зайн илүүдэл дууг гадагш түгээхгүй байхаар бүтээгдсэн технологийн хавтанг хэлж байгаа юм. Нягтаршуулсан суурьтай полистер материалаар хийгдсэн уг хавтан нь дуу чимээ өөртөө шингээнэ. Галд тэсвэртэй В1 зэрэглэлийн стандартад нийцсэн тул галын дөлийг дэмждэггүй юм байна. Түүнчлэн дөрвөн талаас нь өндөр даралтаар нягтаршуулсан болохоор ямар ч гадаргуу дээр байрлуулж болдог давуу талтай аж.

БАЙШИНГАА ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМЭЭР ХАМГААЛЖ БАЙНА

Хятадын цахим худалдааны загалмайлсан эцэг Алибаба нүүр таних шинэ технологийг нээсэн нь олон хүний таашаалд нийцээд байгаа аж. Дэлхийд анх удаа Hangzhou дэх KFC ресторанд нүүрний төрх таних системээр төлбөр хийдэг машиныг нэвтрүүлжээ. Тус систем нь нэвтэрсэн даруйдаа Хятадын арилжааны технологид тэргүүлэх байр суурийг эзлээд байна. Нүүрний төрхөөр төлбөр хийх систем нь маш хурдан шуурхай бөгөөд ойролцоогоор 10 секундын дотор тухайн хүний төрхийг таньж гүйлгээг хийдэг юм байна.

CNBC, Reuters, Yahoo News, болон бусад барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус технологийг таашаажээ. Хятад дахь нүүр царай таних системийн үйлдвэрлэлийн зах зээлийн хэмжээ нь 2016 онд нэг тэрбум юань буюу 153.3 сая ам.доллараас давж байсан бөгөөд 2021 он гэхэд 5.1 тэрбум юаньд хүрч магадгүй хэмээн тооцоолжээ.

Царай таних системийг барилгын томоохон корпорациуд сонирхож хяналтын камер, нэвтрэх систем, дохиоллын систем, эргүүлийн систем, царай таних системийн чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч компаниудад хандаад байгаа аж. Энд жишээ болгож Испани улсын Herta Security компанийн хүний царай таних системийг товч танилцуулъя. Энэ нь хүн ихээр цугларсан олон нийтийн газар царайг алдалгүй таних, нас хүйсээр ангилан бүртгэж статистик мэдээлэл боловсруулах, нэвтрэх системтэй хоршин ажиллах, видео архиваас шүүлт хийх, хайлтын өгөгдлийг бүртгэх зэрэг олон үйлдлүүдлийг гүйцэтгэдэг ухаалаг систем юм.

Үзүүлэлтээс нь дурдвал, олон тооны царайг богино хугацаанд таних, хэд хэдэн камерын дүрсэн дээр нэгэн зэрэг анализ хийх, бүрэн автомат, халдлагаас хамгаалагдсан, нүүрний хувиралт, орчны гэрэлтүүлгийн нөлөө, нүдний шил, сахал, ороолт, малгайтай байсан ч хүний царайг алдалгүй таньж ажиллах, фото зураг болон видеоноос хайлтын өгөгдөл оруулах давуу талтай. Энэ системийг байшингийнхаа гадна суурилуулснаар гэр рүү нь гадны этгээд, танихгүй царайтай хүн дөхөж ирж байгааг дотор байгаа эздэдээ мэдээлэх, мөн гар утас руу нь мэдээллийг зураг, бичлэг хэлбэрээр шууд илгээх үйлдлүүдтэй юм байна.

Дээврийн нарны хавтан болон зай хураагуур

КОНКРЕВОЛЛ СИСТЕМ

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд зориулж дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн байхаар зохион бүтээсэн хавтанг Конкреволл системийн хавтан гэдэг. Маш олон давуу талтайн дээр угсрахад хялбар учраас конкреволл системийг барилгын дэвшилтэт технологи гэж тодорхойлжээ. Ийм төрлийн хавтанг монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг болоод байгаа юм.

Конкреволл системийн технологи нь барилгын төмөр бетон хийц дээр тулгуурласан технологи бөгөөд хэвтээ, босоо, хөндлөн гурван чигт арматурчлагдсан хөөсөнцөр дулаалгатай цутгамал хана юм. Дан хавтан буюу 1-2 даацын гадна болон дотор хана, цутгамал каркасан барилгын гадна дотор дүүргэгч ханаар ашиглах, давхар хавтан буюу хоёроос дээш давхар барилгын даацын хана болон хучилтын хавтан гэсэн гурван төрлийн конкреволл хавтан байдаг аж. Энэ хавтан нь дулаан тусгаарлалт өндөртэй.

Дан болон давхар хавтангийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр. Хөөсөнцөр хавтан нь дулаан тусгаарлах чадвар өндөртэйгөөс гадна уур, усыг маш сайн тусгаарладаг. Хоёрдугаарт, газар хөдлөлтөд тэсвэртэй. Уламжлалт аргаар барьдаг барилгатай адил багана, дам нуруун дээр ачааг авдаггүй. Хоорондоо бат бөх холбогдсон хана бүхэлдээ ачааллыг жигд авдаг. Энэ нь барилгын эргэн тойрон бүхэлдээ хамгаалагдан, ямар нэг гадны цохилт, доргилтод тэсвэртэй байдаг юм.

Гуравдугаарт, дуу чимээний тусгаарлалт сайтай. Давхар хавтангийн дуу тусгаарлах чадвар маш сайн. Тодруулбал байшингийн гадна гарсан дуу чимээ дотор талд зургаа дахин багасч сонсогддог. Энэ нь хавтангийн таван үе давхаргын шавар, хөөсөнцөр, арматурласан бетон, хөөсөнцөр, шавар буюу өнгөлгөөний нягтаас шууд хамаардаг аж. Дөрөвдүгээрт, галд тэсвэрлэх чадвартай. Конкреволл хавтангийн нэг талыг 1000С-д халаахад гурван цагийн дараа нөгөө талд нь дөнгөж 48С хүртэл халдаг. Үүнээс үзэхэд хавтангийн олон давхар бүтэц нь хөөсөнцөр шатахгүйгээр агших нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй хлорон суурьтай хөөсөнцөр хавтан шиг хорт хий ялгаруулахгүй. Мөн конкреволл системийн хавтангаар барилгын гадна дүүргэлтийн ханыг дүүргэхэд нэг метр хананаас 0.1-0.2 м2 талбай хэмнэдэг олон давуу талтай, шинэ технологиор бүтээгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *