Categories
мэдээ улс-төр

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Уг үйлдвэр барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авах юм.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн байна. 2016 оны Засгийн газрын санхүүгийн тайланд үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтээр төсвийн 16 ерөнхийлөн захирагч зөрчил гаргасан байжээ. Харин Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Тэрбээр, “Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *