Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НОСК ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” сэдвээр танилцуулга хийлээ.
Үүний дараа хоёр тал Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр хот байгуулалт, газрын харилцааны чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлын үр дүнг хүлээн авч, хуульчлан батлуулах, мөн түүнийг чандлан мөрдүүлэх зохистой бүтцийг бий болгож, хэрэгжилтийг хангах, Газрын харилцааны шинэтгэлийг гүнзгийрүүлж, газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тухай хэлэлцэв.
Мөн орон сууцжуулах чиглэлээр Иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны зээлийн механикмыг боловсронгуй болгох, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцны сан бүрдүүлэх үэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж, санад солилцов. Цаашлаад Дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж бололцооны талаар хэлэлцэж, санал солилцлоо.
“Бид бүхэн ирэх онд хийх ажлынхаа талаар бүх яамдуудтай ажил хэргийн уулзалт хийж байна. Энд яамны бүх албан тушаалтнууд оролцож байгаа. Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ нягт хамтран ажиллахаас өөр аргагүй. Барилга, хот байгуулалтын салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд дээр санал солилцлоо. Ялангуяа орон сууцны бодлогын асуудлаар ярилаа. Нийслэлийн иргэдийг хэрхэн орон сууцаар хангах вэ? Ипотекийн зээл, түрээсийн орон сууцны бодлогыг хэрхэн явуулах нь зөв бэ? ямар саад тулгарч байна гэх мэт дээр онцгой анхаарч ярилцлаа. Мөн Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудал байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэл болон улсын төсвөөс хөрөнгийг нь шийдэх ёстой дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр санал солилцож ярилцлаа. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд уялдаа холбоогоо сайжруулъя гэсэн асуудлууд дээр төвлөрөн ярилаа” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.