2018 оны 2 сарын 7-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Малайзийн Куала-Лумпур хотноо “Дэлхийн хотуудын 9-р чуулган” (World Urban Forum 9) зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд дэлхийн 185 гаруй орны салбарын сайд, хотын дарга тэргүүтэй нийт 5000 гаруй төлөөлөгчид нэг дор цугларч өнөөгийн хотуудад тулгарч буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа талаар чөлөөтэй ярилцсан өргөн цар хүрээтэй уулзалт болж өнгөрлөө.
Чуулга уулзалтанд оролцсон улс орнууд, тэдгээрийн төлөөлөгчид 20 жил тутамд болдог НҮБ-ийн ХАБИТАТ 3 дугаар их хурлаар баталсан “Шинэ хотжилт хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд гол анхаарлаа хандуулж буйг онцоллоо.
Энэ удаагийн “Дэлхийн хотуудын 9-р чуулган” нь Ази Номхон далайн бүс нутагт 2004 хойш дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой төдийгүй Хабитатын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Малайзи гаралтай, хатагтай Маймуна Мохд Шариф эх орондоо болж буй чуулга уулзалтыг Малайзийн Ерөнхий сайд эрхэмсэг Нажиб Разагийн хамт албан ёсоор чуулга уулзалтыг нээсэн юм.
Монгол улсаас анх удаа барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан төлөөлөгчид энэхүү чуулганд оролцсон бөгөөд сайд Х.Баделхан уулзатын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол орны соёл, уламжлал байгаль, цаг, уурын өвөрмөц онцлогт зохицсон хот байгуулалтын бодлогын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд”-ийн тухай дурьдаж, цаашид хэрхэн “Шинэ хотжилт” хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх талаар танилцуулсан хөтөлбөрийг НҮБ-ын холбогдох албаныхан өндөрөөр үнэлсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан чуулга уулзалтанд хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд энэхүү дэлхийн хэмжээний чуулга уулзалтын зохион байгуулж байгаа Майлазийн засгийн газарт гүнээ талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд Шинэ хотжилтын хөтөлбөрийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар санал бодлоо хуваалцах боломж олгосон явдалд талархал илэрхийлье.
Монгол Улс эрс тэс, хуурай уур амьсгалтай, өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, хөдөөнөөс хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн их зэрэг онцлог шинжүүдээс хамаарч, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, автозамын хөдөлгөөний түгжрэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Иймд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хотуудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулахаас гадна хотын хоёрдмол статусыг тодорхой болгох, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага зайлшгүй гарч байна.
Монгол улс нь Тусгаар тогтносон хамтын нийгэмлэгийн орнуудтай ижил асуудалтай тулгарч байгаа ба цаг уурын нөхцөл, далайд гарцгүй байдал зэрэг нь зарим бэрхшээлийг үүсгэж байна. Тийм учраас НҮБ-ын Хабитат болон бусад түнш байгууллагуудыг Монголтой ижил асуудалтай орнуудад анхаарал хандуулж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэх байна.
Бид Тогтвортой хөгжлийн хот байгуулалтыг цаашид та бүхэнтэй хамтран хөгжүүлэх бодолтой байна” гэжээ.
Чуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Б.Гүнболд “Орон зайн төлөвлөлтийн платформ бий болгох Япон улсын Засгийн газрын уулзалт, ярилцлага”-нд панелистаар оролцсон юм. Япон улсын засгийн газрын хөгжлийн “Жайка” олон улсын байгуулага БХБЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон Монгол улсын Хүн амын нутагшилт суурьшилийн хөгжлийн ерөнхий төслийн уулзалт нь ярианы үндсэн сэдэв байлаа. Японы засгийн газар дэд бүтэц, аялал жуулчлалын яамны орлогч сайд, Жайка хөгжлийн байгууллагын тэргүүн захирал нар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд бараалхаж хамтын ажиллагаагаа цаашид үр дүнтэй болгох талаар санал бодлоо солилцсон юм.
Барилга, хот байгуулалтын яамны зүгээс энэ талаар баримталж буй бодлого, Улаанбаатар хотын гэр хороололын талаар дэлгэрэнгүй илтгэлийг ХБГХБХЗГ-н дарга Б. Гүнболд тавьж, энэхүү илтгэлд бусад улс оронд байдаггүй гэр хороололын онцлог шинж чанаруудыг тайлбарлаж тулгамдсан асуудлуудыг тодорхойлж “Шинэ хотжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх платформыг бий болгохыг санал болгосон байна. Тухайлбал, хот байгуулатын институт байгуулж үндэсний мэргэжлийн боловсон хүчнийг сургах, эдгээр сангуудаас тавигдаж буй өндөр шалгуурт нийцсэн төсөл хөтөлбөрийг НҮБ-ын өндөр мэргэшсэн зөвлөхүүдэй хамтарч боловсруулах асуудлаар нээлттэй байр суурьтай байгаагаа тус тус илэрхийллээ.