Цагаан сар хаяанд ирлээ. Бага байхад цагаан сар, шинэ жилийн баяр ойртох тусам хоног уртассан мэт санагддагсан. Авга ах маань биднийг жил бүр наадам үзүүлэх гэж хот руу чирнэ. Ахаас бусад нь “Цэнгэлдэхэд орохоор нүд эрээлжлээд байна” гээд явахгүй. Харин цагаан сарыг бүгд хүлээнэ. Бууз банш идэхдээ биш, хамгийн гоё нь айл хэсч бэлэг цуглуулах. Дээлийн энгэр бэлгэндээ цүдийсээр урд хормой бүс давахын цагт гэртээ очиж юүлээд буцаад гарна даа. Айлууд 12 хуудастай дэвтэр, харандаа, жигнэмэг бэлэглэнэ. Ихэнх айл түүн дээр нэмж нэг төгрөг өгнө. Талх 1.4, сүү 0.9, кг гурил нэг төгрөг байсан үе. Ямар ч айлд орсон багадаа л атга чихэртэй гарна. Миний мэдэхийн манайх цагаан сарыг даруухан тэмдэглэдэг байж. Зуунмодод аавын маань хоёр дүүгийнх байх. Шинийн 1-нд тэр хоёр нь ирчихнэ. Намын хороо, захиргааны цөөн дарга үд дунд ирээд золгочихно. Манай цагаан сар ерөнхийдөө ингээд өндөрлөнө. Аав том эгч хоёр айл хэсэх дургүй. Би аавыг дагаж хоёр дүүгийнхээр нь очно. Байрандаа байдаг ангийнхаа дөрвөн хүүхдийн аав ээжтэй нь золгоно. Ингээд миний цагаан сар дуусчих гээд болдоггүй, тийм учраас өөрийн зоргоор явах гэнэ. Манайхаас хамгийн нүсэр цагаан сар тэмдэглэдэг хүн бол миний ах. Ахдаа би арай л хүрэхгүй л дээ. Нэг удаа ах маань цагаан сараар 100 шахам төгрөгтэй болсныг санаж байна. Бид цагаан сараар олсон мөнгөө том эгчдээ өгнө. Харин тэр их мөнгө олсон жилээ ах маань 20 гаруй төгрөг авч үлдсэн юм билээ. Би түүний бэлэг сэлтий нь багцаалдаж байгаад “Чамд лав арван төгрөг байх ёстой гэж тулгав. Тэгсэн чинь мань хүн 20 ширхэг нэгтийн дэвсгэрт гаргаж ирээд “Хоёулаа энэ мөнгөөр улаан ус (ундаа), элэгний нухаш авч иднэ. Харин чи хэнд ч хэлж болохгүй шүү” гэж байна. Ах маань ийм хоншоортой эр л дээ. Дээр нь бас нэг болзолтой. Тэр нь би ахын чавх, тэвэг, бөглөө зэргээ нуусан газрыг аавд илчлэхгүй. Бас зун нууцаар самарт явсныг, сүүний мөнгөний хариултыг том эгчид өгдөггүйг хэлэхгүй гэсэн ам өгч байж 20 төгрөгийг нь үрэхээр хэлэлцээр хийж чадав. Бидний нууц гэрээ дараа жилийн цагаан сар хүртэл хүчин төгөлдөр байх тодорхой заалттай. Харин би мөнгө үрэх хугацаанд л амаа хамхиж чадсан юм. Бусад цагт нь би тувт шантааж хийсээр… ах маань Алтанхуяг шиг тэссэн ч нэг л өдөр би түүний бүх булхайг олонд дэлгэсэн билээ. Гэхдээ намайг бодвол эдийн засгийн ухаантай ахдаа би газраа хөлдөөсний гор гарч миний хувьд дараа жилийн цагаан сар хүртэл нэг ч төгрөгийн орлогогүй хүндэвтэр жил өнгөрсөн юм. За энэ ч яахав, цагаан сардаа оръё. Биднийг хүүхэд байхад цагаан сарыг малчдын баяр гэж нэрлэдэг байсан. Нэг үе хот суурин газарт чимээгүй өнгөрдөг байсан ч гэж ярьдаг. Харин нэг удаагийн цагаан сарын баяр санаанаас гардаггүй юм.
Манай гэр Зуунмодны төв талбайд байдаг. Цонхоор Аймгийн захиргааны аавын өрөөний цонх гэрэлтэй эсэх нь харагдана. Гэрэл унтраад аав захиргааны хаалгаар гарч ирэхгүй бол би гүйж орно. Аав шөнө дөл болтол их сууна. Тэр жилийн цагаан сарын өмнө өрөөнийх нь гэрэл унтарсан боловч, аав ирдэггүй. Аймгийн захиргаа руу ортол хэсэг ажилтнууд цагаан сар тэмдэглэх тухай маргаан өрнүүлж байв. Угаасаа баяр ёслолд ач холбогдол өгдөггүй аав маань байгууллага дээр цагаан сар тэмдэглэнэ гэдэг бол байж болшгүй үйлдэл гэж зүтгэж байна. Таван хүн 3:2-оор хуваагдан аавын тал дийлж байгаа бололтой юм. Ялагдаж байгаа тал оросууд манай цагаан сарыг тэмдэглүүлэхгүй бодлого баримталдаг, тусгаар улс үндэснийхээ баярыг тэмдэглэдэг байх ёстой маягийн юм ярьж байна. Мэдээж тэр үед шууд тэгж ярих зүрхтэй хүн байхгүй л дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс утгачилбал тиймэрхүү л утгатай үг хэлж байв. Харин манай талынхан (аавын тал) аймгийн захиргаа айлын гал тогоо шиг харагдана, ууц, боовонд гаргадаг улсын мөнгө гэж байх ёсгүй. Тэгээд ч төрийн ордонд эр эмгүй үнгэлдээд зогсч байх нь зохилтой зүйл биш гээд феодалын талынхныг бут ниргэж байв. Дайсны тал ч мөчөөгөө өгсөнгүй. Тэдний үзэж буйгаар бол цагаан сарын дараа хэсэг бүлгээрээ нуугдаж нэгнийдээ очиж бууз жигнүүлдэг. Тэр нь архидалт болдог. Түүний оронд ажил дээрээ золголт хийвэл хэн хэндээ төвөггүй гэнэ. Харин манай тал тийм намч бус үйлдлийн хажуугаар дуугай өнгөрөөд зогсохгүй, өөгшүүлнэ гэдэг нь нам засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа л нэг хэлбэр гээд сануулж байгаад донгодно гэдгээ тойруу замаар ойлгуулав. Дайсны ч дайралт ширүүсч цагаан сарын баяр бол улсын баяр байх ёстой, малчдын гэсэн нэрээр ёс заншил мартагдаж байна. Тиймээс зарим хүн элдэв янзын ус хэрэглэх болсон хэмээн аавын эмзэг газрыг хатгах нь тэр. Аав маань архи, тамхи хэрэглэхгүй. Харин айраг, пиво, бараашигийг бол нэлээд уучихна. Бараашиг гэдэг нь тухайн үед буцалсан усыг хөргөөд исгэгч, элсэн чихэр, үзэм, чангаазтай иссэн пивотой төстэй ундаа. Гэхдээ согтоох чанар сул. Бараашиг уугаад согтуу явсан хүн дуулдаагүй. Түүнийг захиргааны зарим дарга элдэв ус гэж нэрлэж байсан гэдэг. Аав маань хааяа бараашиг исгэж ууна. Би аавын дуугаа өндөрсгөж байхыг хоёр удаа л харсан. Энэ удаа анхных нь байв. Аав маань “Одоохондоо бараашигийг хорьсон хууль алга. Харин баяр ёслолыг хуулиар зохицуулж байгаа” гээд бараашиг хавар намар чийг баманд сайн, харин цагаан сар хаврын мах ховордсон үед социалист төлөвлөлтийг алдагдуулдаг. Дээр үед алсаас ирсэн зочдод зориулж их хэмжээний хүнс (ууц, боов) бэлддэг байсан болохоос одоогийнх шиг хөршдөө зориулж бүтэн хонины ууц тавих зохисгүй цамаархал хэмээн бараг 30 шахам минут хурлын индэр дээр илтгэл тавьж байгаа мэт үг хэлсэн санагдаж байна. 19 цагийн орчим гэртээ ирж хоолоо идээд буцаад ажил дээрээ суудаг аав маань тэр орой 23 цагийн үед хоолоо идээд буцаж гараагүй. Тэр орой захиргааны жижүүр аавын тал илт давуугаар ялсан гэж үзэж байсан ч хожим гарсан шийдвэр тийм биш гэдгийг харуулсан юм.
Удалгүй цагаан сараар айлууд бараашиг эсгэхийг хориглосон шийдвэр гарсан дуулдав. Хэний ямар тушаалаар гэдэг нь мэдэгдэхгүй тэр яриа цагаан сараар батлагдав. Том эгч маань бараашигны ус бэлдэх эсэхийг ааваас асуухад “Бэлд” гэсэн аж. Бараашигийг уухаасаа арваад хоногийн өмнөөс бэлдэж эхэлнэ. Манайх 30 литрийн вааранд исгэнэ. Цагаан сараар манайд хоёр шил архи жаахан айраг, пиво, бууз л байхад хангалттай. Цагаан сарын дараа үлдсэн 20 литр бараашигийг захиргааныхан цувж ирсээр дуусгана. Орж ирсэн хүнд илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг модон хул бараашиг өгөөд гаргана. Нөгөөдүүл нь мэддэг болохоор золгохдоо илүү дутуу хараад байхгүй дэгтэй. Тэр жил цагаан сар болохоос гурав хоногийн өмнө “Есөн тэнэгийн хороо” нэртэй гэр хороололд айлын бараашигийг асгасан тухай дуулдав. Энэ тухай аавд хэлтэл “Мэдэж байна” гэснээс өөр юм хэлсэнгүй. Том эгч маань жаахан айсан маягтай хоёр хонов. Манай байрны нэг даргын хүүхэд шийдвэр гаргасан хүний нэрийг хэлээд зогсохгүй, бараашиг асгагч нар хэн байгааг мэдэж байгаагаа надад хэлэв. Шийдвэр гаргагч дайсны тал, харин бараашиг асгагч бүлгийн ахлагч манай талын эмэгтэй болж таарав. Битүүний өмнөх өдөр би цонхоор харж зогстол захиргаанаас бараашиг асгагч бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ манай байрыг зүглэв. Би яаран аавын өрөө рүү утасдаж “Манай байр руу бараашиг асгагчид ирж байна. Хаалгаа түгжчих үү” гэтэл “Хэрэггүй” гээд утсаа таслав. Эгч маань жаахан айсан маягтай. Би ажиглалт хийх, асгагчдыг тагнахаар гэрээс гарав. Бүлгийн дарга “Сайн уу Төгсөө, эгч нарынхаа үгэнд орж байгаа биз” гээд нүд ирмээд өнгөрөв. Бараашиг асгах гэж яваа хүн их баяртай байхыг хараад гайхав. Манай байр нэг давхар найман айлын орон сууц. Энэ байранд манайх 1959 онд орсон гэдэг. Асгагчдын бүлэг орох гэсэн эхний айл цоожтой. Үнэндээ би утсаар сануулаад тэд дотроо бүгэж байгаа. Дараагийн хоёр айл бараашиггүй. Дөрөв дэх айл буюу манай өөдөөс харсан айлын бараашигийг асгаж байгаа нь дотор эвгүйтүүлээд явчихав. Асгасан бараашигны савыг намайг оруулж өг гэж манай талын эгч хэлэв. Би ”Та нар намайг эднийх руу орсон хойгуур манай бараашигийг асгах нь уу” гэтэл “Танайд юу гэж бараашиг байхав дээ” гээд инээгээд яваад өгөв. Манай талын эгч манайд бараашиг байгааг мэдэхийн дээдээр мэднэ. Хааяа ганц нэг аяга татна. Манай ааваас арай дүү олон жил хамт ажиллаж байгаа нэгэн. Хожим нь мэдэхнээ манай байранд гуравхан айл бараашиг эсгэсэн гэсэн. Хамгийн эхний айл миний сануулгын ачаар хаалгаа түгжиж амжсан. Хоёр дахь айлыг би бараашиг эсгэдэгийг мэдээгүй учраас утсаар анхааруулаагүй юм.
Том эгч маань оройдоо дүү, эгч, ахыг тойруулж суулгаж байгаад кино, үлгэр ярьж өгнө. Заримдаа зохиогоод ярьчихдаг байсан гэж бидэнд хожим нь ярьж билээ. Тэр цагаан сарын дараа нэгэн сонин түүх ярьсан юм. Хоёр дарга санал солилцож байгаад маргаж эхэлсэн гэнэ. Нэг нь бараашиг уудаг нөгөө нь архи уудаг. Бараашиг уудаг нь нөгөөдөхөө хурал дээр олон удаа шүүмжилсэн. Тэгээд архи уудаг нь бараашиг уудгийгаа дарах нэгэн арга бодож олсон аж. Тэр нь цагаан сараар шүүмжлэгч нөхрийг бараашиг эсгэж байгааг нь илрүүлээд намын Төв хороонд илтгэх. Харин бараашиг уудаг нь тэрийг мэдээд комисс байгуулахдаа өөрийн хүнийг даргаар тавьчихаж. Нэгэнт дээш нь мэдээлэх журамтай тул архи уудаг дарга бараашигаа асгуулсан өөрийн талын нөхрийг матах ацан шалаанд орсон гэнэ. Үүнээс хойш архи уудаг дарга бараашиг уудаг даргатайгаа шөргөөлцөлдөхөө больжээ. Эгчийн энэ яриаг би аавд дамжуулснаар эгч маань миний мэдэх гурав хоног аавд загнуулсан юмдаг. “Тийм юм огт болоогүй, бараашиг асгах нь монгол даяар хэрэгжсэн ажил. Хаанаас та нар ийм юм олж сонсоод байна” гэх нь нэг л сэжигтэй санагдаж байв. Гэхдээ л би аавын үгэнд итгэсэн дүр үзүүлээд өнгөрсөн юм. Гурван жилийн өмнө аавтай тэр үед хамт ажиллаж байсан өндөр настантай хуучилж суух нээ, “Нэг тиймэрхүү зүйл болох нь болсон. Гэхдээ чи тэрийг мэдэх хэмжээний ухаан ороогүй байсан санагдаад байна” гээд инээж билээ.
Х.БАТТӨГС