Categories
мэдээ цаг-үе

Балжирын Догмид: Алтанширээгийн бага сургуулиас нохойгоо даган оргож гүйсээр гэртээ харьж байсан

Түрүүч нь ¹072,073 (5337,5338) дугаарт

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидтой ийн хөөрөлдлөө.

-Орчин үед хүн чанараас илүү боловсрол мэдлэгээр нь л хүнийг үнэлдэг болчихсон юм биш үү?

-МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэж маш өндөр боловсролтой хүүхэн эртээд зурагтаар ярьж байна. Шашны сургуулиас бусад бүх сургуулийг л дүүргэсэн, намын бодлогоор төрийн өндөрлөгт бэлтгэгдсэн шахуу бэрх амьтан юм байх. Ярихыг нь сонслоо. Тэр хүүхэн эгэл бор амьдрал болоод эргэн тойрондоо монгол хүн яаж аж төрж буй талаар ямар ч мэдээлэлгүй, огтхон ч сонирхолгүй цэвэр онолын юм ярих юм. Зүгээр л зурагтаар бидэнд хичээл зааж байна. Америкт л заалгасан юмаа ярьж байх шиг байна. Би аягүй их харамссан. Тэр УИХ-д намын жагсаалтаар гарах байх л даа. Тийм хүн гарч ирээд, хэчнээн гайхалтай эрдэм номтой байлаа чиг тэрний гар ард түмний толгойд хүртэл мөн ч их удна даа. Богдын сунтагны адис бол харин ард олны тэргүүнд цонхоор ч гэсэн хүрч байсан юм шүү. Нэг их шагналын донтой эрэгтэй хүнийг хараад “Энэний энгэр дээр Эхийн алдар одон л алга” гэж байсан гэдэг шиг тэрүүнд төгсөөгүй сургууль гэж алга аа. Дөрөв, таван л сургууль төгссөн юм байх.

-Хоосон онол ярьсан хүн ч ардын бор амьдралын хөрсөн дээр бууж иртэл ч хол байх шүү?

-Өнөө үед боловсрол, мэргэжил хоёрыг холиод байх юм. Дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Их эмч хүн боловсролтой байгаад юу шальдаг юм. Хэдэн эмийн нэр, хэдэн өвчний онош мэдэх төдий л байдаг биз дээ. Эмч хүнд ямар боловсрол байна. Боловсрол гэдэг чинь тухайн хүний амьдралын гүнээс ухамсартайгаар түүж авсан, шинжлэх ухаанаас олж авсан, эгэл бор амьдралаас таньж мэдэрсэн мэдээллийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс дээд сургуулийн дипломтой бүхнийг боловсролтой гэхэд хэцүү. Манай улсын анхны дөрвөн Ерөнхий сайд ямар дээд сургууль төгссөн юм. Унаган монгол гэрийн боловсролтой төвд, жагарын төв таван ухаанд нэвтэрсэн манж, хятад, орос хэлтэй агуу амьтад байсан. Тэдний багш нь гэхэд агуу амьтад байлаа. Хорин багшийн номыг нэг хүн зааж байсан байхгүй юу. Хөргөлтийн инженер хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Би Н.Багабандийг хэлж байгаа юм биш л дээ. Хөргөлтийн инженер хөргөлтөө л мэднэ.

-Боловсролд ойрхон мэргэжил байна уу?

-Байна. Санхүү, эдийн засгийн мэргэжил гэхэд тойруу замаар яах аргагүй боловсролд ойртож, ард түмэнд ач тусаа өгдөг.

-Та ч өөрийнхөө санхүүч мэргэжлийг л жишээ татаад өөд нь татан ярьж байх шив?

-Маркс гэдэг хүний бичсэн “Нэмүү өртгийн хууль” гэхэд л социализмын үед нь ч явж байсан. Капитализмын үед нь ч явж л байх ойлголт. Энэ ойлголт хэзээ ч өөрчлөгдөхгүй, нэмүү өртгийн хуулиар л ухаантай, тэнэг аль ч нийгэм явна. Монгол Улсын боловсролын их сургууль гээд байж байгаа. Бусад сургууль нь тэгээд боловсролгүй, боловсрол олгодоггүй юм байна л даа. Бусад нь боловсрол олгодоггүй мэргэжил олгодог юм болов уу гэж бодогдохоор. Монгол хэл, уран зохиолын багш, хэлний улс бусад мэргэжлийнхнийг бодвол хорвоогийн явдлыг алган дээрээ дэнсэлсэн, арай л нэг зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэр талаасаа тэгж нэрлэсэн ч юм болов уу. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрийн хэмжээнд ярьдаг мөртлөө төрийн шагнал авчихсан түүхийн эрдэмтэн хүн байх юм. Батсайхан гэдэг ч бил үү.

-Оохнойн Батсайхан юм болов уу?

-Тэрийг ярих болгонд л үг сонсох гээд чих тавиад зурагтаа харах юм. Миний мэддэг хэдхэн юмыг л яриад ерөөс болохгүй юм. Миний сонссон дээр нэмэх юм тэр хүнд алга. Нэмж байгаа нь болохоор Оросын хаант засгийн тагнуулч Коростовецийн хөшөөг л ДСНК-гийн тэнд босгох шив дээ. Монгол Улсад их дайсагнаж байсан тэр хүнийг л Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдэхэд их хувь нэмэр оруулсан, жанжин Сүхбаатараас л илүү хүн байсан ухааны юм яриад байдаг юм. Тэрний оронд Барон Унгерний хөшөөг босгочихсон бол хамаагүй дээр байсан юм. Барон Хүрээг чөлөөлж, Богд хааныг гамингийн шоронгоос сулласан ачтай хүн. Үгүй ядахнаа л МОНЦАМЭ-гийн байрны энд байсан өндөр хогийг гамингуудаар зөөлгөж цэвэрлүүлсэн гэж байгаа. Өндөр хог гэж дээшээ харсан хүний толгой эргэж, оройг нь харах гэсэн хүний малгай унамаар тийм их хог байсан гэдэг шүү дээ. Яахаараа ч тийм их хогтой байсан юм. Түүхийн ийм үнэнийг бичихгүй мөртлөө шал ондоо хүнд гавьяа тохож байдаг яачихсан ч эрдэмтэн юм. Би чинь Дорноговийн Алтанширээгийн бага сургуулийн хоёрдугаар ангиас нохойгоо дагаж оргосон хамгийн бага боловсролтой хүн шүү дээ.

-Нохойгоо дагаж оргодог нь яаж байгаа юм бэ?

-Яах юу байх вэ, сургуулиасаа л зугатаж байхгүй юу. Нохойныхоо хүзүүвчин дээрээс бариад л хөдөө гэр өөдөө өртөө шахам газар гүйхгүй юу.

-Төрийн шагналт хүн тийм ч хэмжээний байх гэж дээ гэж халаглаад байгаа юм аа даа?

-Би төрийн соёрхлыг 1993 онд авсан. Ард түмнээр бүтэн жил хэлэлцүүлж, радио телевизээр яриулж байж, гуч гаруй хүнээс явсаар явсаар байж яруу найрагч Долгорын Нямаа, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, “Тэмээний уралдаан”-ыг зохиосон хөгжмийн зохиолч Дундговийн Цогзолын Нацагдорж, Ж.Хайрулла эмчийн багийнхан бид шалгарч арайхийж нэг юм авч байлаа. Одооны хэлээр сунгаа гэдэг юманд нь орсоор байгаад л үлдсэн хэрэг. Одоо төрийн шагналыг ямар журмаар олгож байгааг бүү мэд. Би гэхэд төрийн шагналаас гурав мултарч байж л сүүлчийнхээ дэвшүүлэлтэд л торсон хүн. Төрийн шагналд анх дэвшихдээ хийлгэсэн дээлээ өмсөөгүй. “Төрийн шагнал авахгүй бол энэ дээлийг өмсөхгүй” гэж өөртөө андгайлаад, дуудсан цагт нь өмсөх гээд далд хийчихсэн. Гурав дахь удаагаа нэр дэвшиж шагналаа авахдаа өмссөн дөө. Төрийн шагнал, одон медалийг ийм л өндөр шалгуур давж байж авдаг байсан юм. Авах ёстой хүн зөндөө байна.

-Зохиолчдоос гэхэд ямар хүн байна?

-Дамдинсүрэнгийн Урианхайгаас уруудуулаад зөндөө. Манай Урианхай ч тэгээд адасга шиг адайр зантай хүн юм. Энэ нийгэм, төртэй байтугай өөртэйгөө ч тэрсэлдэж, тэмцэлдэж явдаг хүн. Ямар сайндаа л Ганц хүний хөдөлгөөн хүртэл байгуулж байх вэ дээ. Ганц хүний хөдөлгөөн байгуулахад нь Дөнгөтийн Цоодол очоод “Чи өвдөж зовж болно, гадаадад цагаачилж болно. Ядаж хоёр хүний хөдөлгөөн болгочих” гэж нохойтсон чинь “Ганц хүний хөдөлгөөн бол ганц хүний хөдөлгөөн. Хоёр болчихвол санал хуваагдана” гээд хөдлөөгүй гэж байгаа.

-Хүн өөрийн бодолдоо үнэнч байх ч маш чухал чанар шүү?

-Дээхнэ үед үзэл суртал гэж ярьдаг байсан. Үзэл суртал ер нь хэнд ч хэрэгтэй. Үзэл сурталгүй бол чи бид хоёр зангиа зүүгээд яах юм бэ. Энгэрээ задгайлаад танхай маягаар явж бай л даа. Үсээ засуулахаа больчихоод сэгсийгээд явж байя л даа. Үзэл суртал гэдэг чинь юмыг байранд нь байлгахыг л хэлж байгаа юм. Хурал хийсэн ч сайхан ширээ сандал засчихвал ямар сайхан харагдах вэ. Одоо болохоор индрийг аваад хаячихаж байгаа юм. Тэрнээс болоод үзэл суртал байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Модон индэр л нэг их хүнд суртал, хуучин нийгмийн төлөөлөл болох юм гэнэ. Зүгээр л хүн ярих зориулалттай эд шүү дээ.

-Монгол Улс Оюу, Таван толгойгоороо баяжна гээд нэг хэсэг шуугдаг байсан. Одоо нэг л нам гүм болоод, хөөрөл нь намжиж. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Би нэг муу сампингийн нягтлан ухаантай. Миний тухай Сүхбаатар гэдэг шүлэг бичдэг зураач нөхөрсөг шог тавьсан байсан.

“Төгссөн сургууль байхгүй мөртлөө

Төрийн шагнал авсан

Сампингийн нягтлан хэрнээ

Сангийн сайдын зөвлөх байсан” гэж бичсэн байна лээ. Тэр үнэн. 2008 онд Сангийн сайд Ч.Улааны хэвлэл мэдээллийг нь хариуцаж байсан. Зөвлөхдөө ч зөвлөнө. Улс орны төлөө санаа зовниж л явлаа. Анх Оюу толгой, Таван толгойн гэрээг төрийн гурван сайд яаж сүр бадруулж байлаа. Хорин мянган хувьсагчтай, ертөнцөд байхгүй гэрээ гээд С.Баярцогт сайд хөөрөөд л, зээлж авсан мөнгөнийхөө тоог гаргаад л “Монголчуудад энэ бол нар мэт гэрээ. Энэ гэрээний буянаар монголчууд гар ганзаганд хөл хөсөр жинхэнэ жаргана. Үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайна. Хэдэн үеэрээ жаргана” гээд байсан. Одоо юу ч байхгүй. Одоо Оюу толгойн талаар арван таван жил тийшээ горьдлын нүдээр харах хэрэг байхгүй. Би үүнийг эдийн засагчийн мэдлэгээрээ биш уран бүтээлчийн тэмтрүүлээрээ мэдэрч, харж байна. Монголын энэ их өрийг юугаар дарах юм. Газар нутгаа л өгнө шүү дээ. Өмнөговийг хар л даа. Монголын газрын зураг дээр Өмнөговь байж байгаа боловч яг нарийндаа гадны нутаг болчихсон шүү дээ.

-Үгүй байлгүй дээ?

-Монголын талын хөрөнгө оруулалт тэнд алга. Гадныхан тэрийг чинь аль хэдийнэ авчихсан, Лондонгийн бирж дээр барьцаанд тавьчихсан явж байна шүү дээ. Өмнөговийн Ханбогдод тэр жил явж байхад модон торхтой тэмээ хөтөлчихсөн нэг өвгөн таарсан. Зам асуух гээд давхиад очлоо. Тэмээнд ачаатай усны торхныхоо дээр ямаа шиг юм тэгнэчихсэн харагдахгүй юу. “Та юун ямаа тэгнээ вэ” гэсэн чинь “Ямаа биш ээ, манай нохой” гэлээ. “Яасан нохой юм” гэлээ. “Ус авах гээд явсан чинь манай муу хөгшин банхар дагаад. Дагуулаад явж байсан чинь гай болоод бутны доороос туулай босоод. Энэ муу чадлаа мэдэхгүй хойноос нь давхиад гүвээ давлаа. Гүвээн дээр гараад ирсэн чинь бахардаад ухаан алдаад хэвтэж байхгүй юу” гэж байна. “Яагаад нохой чинь бахардаа вэ” гэсэн чинь “Яахав, энэ замын шороонд астам тусаад хуцаж ч чадахгүй болсон юм. Одоо тэгээд арай чинээ массаж хийж ам хамрыг нь үлээх шахан байж амьсгааг бөглүүлчихэлгүй шиг торхон дээрээ ачаад явж байна” гэж байгаа юм. Үдэш боссон шороо өглөө болтол газар буудаггүй. Ямар аюултай гээч.

-Засмал зам тавьсан санагдаад байх юм?

-Зам тавиад арай дээрдсэн. Монголын газар нутгийн далан хувь нь халцраад цөлжиж байна гээд яриад байгаа. Аргагүй шүү дээ, газрын хэвлийг нь өрлөсөн хонь шиг дэлгээд яраад хаячихаар чинь тэнд байгаа ус ууршаад алга болохгүй яадаг юм. Ингээд л Монгол орны байгаль сөнөж сүйрч байгаа юм. Орхоноос Таван толгой руу ус урсгаж нүүрс угаана гэсэн хаа байна. Хэрлэнгээс урагш нь суваг татна гэсэн хаа байна. Хаа ч байхгүй. Дорноговьд Аж үйлдвэрийн парк байгуулна гээд байсан. Одоо юу болов гэсэн чинь баахан мөнгө идсэн улс түрүүчээсээ шоронд явж байна. Дорноговьд боловсруулах үйлдвэр байгуулна гээд гадаад, дотоодын баахан хүн төсвийн мөнгө идээд хөрсний шинжилгээ хийгээд байна л гэсэн. Одоо хар. “Хөрс нь цэвдэгтэй юм байна” гээд сууж байгаа юм.

-Та унаган хүүгийн хувьд төрсөн нутаг Дорноговио харин ч нэг сайн мэдэх байлгүй дээ?

-Дорноговьд хэзээ ч цэвдэг байхгүй. Тэр хонхор чинь тэр чигээрээ газар доор зуу гаруй жил нүүрс нь шатаж байгаа, өвөл цас тогтдоггүй зэрэглээтээд байж байдаг. Зээр гөрөөс дулааныг нь бараадаад ирдэг газар үхсэн үлийнийх нь цэвдэг байх вэ дээ. Одоо ахиад мөнгө идэхийн тулд хааш хаашаа гучин километр газарт хайгуул хийхээр боллоо гэнэ. Ингэж л улсын мөнгийг иддэг байхгүй юу. Нөгөө таван том үйлдвэр хаа байна. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань хөгжиж байна. Монголын хүн амын тал нь амьдарч байгаа Алтан тэвшийн хөндийг Эрдэнийн Бат-Үүл хөгжүүлж л байна.

-Бат-Үүл гуайг “Юу ч хийсэнгүй” гээд хүн амьтан их л муулах юм байна шүү дээ?

-Өөрсдөө юм хийдэггүй хүн л өрөөлийг шүүмжилж байдаг. Далай лам хүртэл дайсантай байхад Бат-Үүлд дайсан байлгүй яах вэ. Дандарын хорооны комиссар байсан, сая улсын баатар болсон Шагдарсүрэн “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо “Дандар архичин, тамхичин байсан. Сагсуу хөөрүү амьтан. Монголын морин цэрэг атаканд ороод япон цэргийн толгойг цавчиж байсан гэдэг үлгэр” гээд ярьж байна. Дандарыг Жуков яаж үнэлж байлаа. “Гайхамшигтай, жинхэнэ дайны баатар” л гэж байсан. Арван мянган хүнтэй Баргын шигшээ морин хороо сэлэм гялалзуулаад орж ирэхэд манай монгол цэрэг л байлдсан шүү дээ. Хамт явсан, дэргэд нь давхиж явсан дивизийн комиссар хүн амьд үлдчихээд сайн хүн гэхээ байг гэхэд муу хүн гэж муулаад байж болохгүй биз дээ.

-Амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг нээрээ л хүн чанаргүй муухай үйлдэл юм даа?

-Монголчууд ийм л “үхэж байсан” зантай учраас хөгжихгүй байгаа юм. Тэрнээс биш монголчууд ямар гайхамшигтай авьяас чадвартай билээ. Бөхчүүд, тамирчид, дуучид, хөгжимчид, циркчид, нугараачид дэлхийд үнэн гайхуулж чадаж байна. Гуравхан сая хүнийг гурван зуун мянга нь л тэжээдэг гэж байгаа. Бусад нь хүүхэд, хөгшид, ажлын чадваргүй хүмүүс. Галт тэргээр бол хөдөлгүүр, хөгжлийн түлхүүр болсон ийм цөөхөн хүн айл бүрт чи бид хоёр шиг л ганц ганц байдаг байхгүй юу. Бусад нь хойноос нь чирэгддэг. Өнөөдөр авгай хүүхнүүдтэй хоолны хэрүүл хийдэг мөртлөө сүрхий улстөрждөг улс олон байна. Ийм л улсаас хэн ч байсан холхон л байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *