Categories
мэдээ цаг-үе

Балжиннямын АМАРСАЙХАН: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг

Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *