Categories
мэдээ цаг-үе

Бал бурам мэт амьдралын амтыг хамтдаа л бүтээдэг

Миний нэг танилынх өнгөрсөн жил хоосон хашаа худалдан авч, ирэх онд хоёр давхар амины сууц босгох санаатай хэмээн “сайрхаж” байв. Тухайн үед хэлсэн үгийг нь тэгсхийгээд чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөж билээ. Тэгсэн саяхан очтол гэр бүлийн хоёр дүнзээр давхар байшингийн торх зангидчихсан, гадна талыг нь будаж янзлаад, дотоод тохижилт, засварын ажилд ид ханцуй шамлаж байхтай таарав. Мөрөөдлийн байшингаа өөрсдийн гараар бүтээхийг хүссэн тул хоёул ээлжийн амралтаа давхцуулан авчээ. Ханандаа бичгийн цаасан дээр хэд хэдэн зураг хэвлээд хадчихаж. Хамтдаа ярилцаж мөрөөдлийн байшингаа зураад одоо бодит биелэл болгож байгаа нь энэ аж. Гэрийн эзэнтэй хэсэг хөөрөлдөхөд ер зүгээр суусангүй, нөгөө хананд хадсан зургаа байн байн харж мужааны ажилд хичээнгүйлэх аж. Эхнэр нь ч тун найрсгаар нөхөртөө тусалж, хоёр жижигхэн “зулзага” нь хэр чадлаараа ажлын багаж дөхүүлнэ. Хамтдаа бүтээж буй энэ амьдралыг харахад бахархам сайхан байв. Ер нь амар хялбар аргаар олж авсан боломж, эд хөрөнгө, магадгүй албан тушаал, эрх мэдэл тийм ч амттай байж чаддаггүй. Харин өөрийн гараар бүтээн босгож, чин шударгаар зүтгэж хүрсэн оргил хамгийн үнэ цэнэтэй, аз жаргал дүүрэн байдаг ажээ. Манай хоёр хожим хамтдаа босгосон байшиндаа үр хүүхэд, ач зээгээ тойруулан суух үед амьдрал бал бурам мэт ямар амттай санагдах бол оо.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *