Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир нар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг цохон тэмдэглэж, эдгээр хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудыг барихад олон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байгааг дурдан энэ бүхнийг хэрэгжүүлэхэд эрхэм Элчин сайдын оролцоо, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Улсын Их Хурал нийслэлийн утааг бууруулахаар ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд УИХ-ын даргын тогтоол гарч, УИХ-ын НББСШУ-ны болон БОХХАА-н байнгын хороод хамтарсан Ажлын хэсэг байгуулан Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн хэд хэдэн дүүргүүдэд ажиллаж, олон шинэ төсөл, технологиудтай танилцлаа. Өнөөдөр Элчин сайд Шин Хайминтай уулзаж буй шалтгаан бол БНХАУ нь төрийн бодлогоороо агаарын бохирдлоо маш богино хугацаанд бууруулж чадсан. Иймд танай улсын туршлагаас хуваалцах, хамтран ажиллах боломж болоод санал солилцох хүсэлтэй байна” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо болон БОХХАА-н байнгын хорооны дарга нартай танилцаж буйдаа баяртай байна гээд Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны гол үүрэг бол хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх явдал юм. Агаарын бохирдол бол зөвхөн хоёр орны төдийгүй дэлхийн түвшинд тулгамдсан асуудал болоод байна. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бидний зүгээс туршлагаасаа хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлттэй зээл болон хамтран хэрэгжүүлж буй бусад төслийн талаар санал солилцсоноор энэхүү уулзалт өндөрлөсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *