Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 05 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг холбогдох заалтад тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг танилцууллаа.Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав.

Хуулийн төслийн гуравдугаар зүйл. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, тавдугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, долдугаар зүйлийг 7.1.8 дахь заалтын “мал, амьтны гоц халдварт өвчин (цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх)” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох аж. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоосноор Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *