Categories
гадаад мэдээ

Байдены тушаалаар Ирак, Сирит цохилт өгч байгааг зарлав

АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнд удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан удаа дараа халдсан байж болзошгүй Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар цохилт өгч эхэлснийг Пентагон зарлажээ.

Тухайлбал, АНУ-ын батлан хамгаалах департментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн чиглэлийн дагуу АНУ-ын зэвсэгт хүчин Ирак, Сирийн хил дагуу байрлалтай Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад агаарын цохилт үзүүлж арга хэмжээ авч эхэллээ. Учир нь тэдгээр байгууламжуудыг эзэмшдэг зэвсэгт бүлэглэлүүдийг Ирак дахь АНУ-ын армийн бие бүрэлдэхүүний эсрэг удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан хэд хэдэн удаа халдсан гэж дүгнэж байгаа юм” хэмээн тайлбарласан байна. Тэрбээр мөн “Ирак дахь америк цэргүүд бол Иракийн Засгийн газрын урилгаар Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд тус нэмэр болох гол зорилготой. Тиймээс бид цаашдын болзошгүй эрсдэлийг аль болох бууруулахын тулд шаардлагатай, зөв зүйтэй арга хэмжээ авсан” гэж онцолжээ.

Нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ирак, Сирийн хил дагуу, ялангуяа Сирийн газар нутаг талаас олон хүчтэй дэлбэрэлт сонсогдсон гэнэ. Иракаас ялгаатай нь Сирийн засгийн газар америк цэргүүдийг уриагүй бөгөөд тиймээс ч газар нутагт нь АНУ-ын арми үйл ажиллагаа явуулахыг хууль бус гэж үзэж, цэргүүдээ гаргахыг Пентагоноос шаарддаг билээ.

Хэдийгээр Пентагоны талаас бөмбөгдөлтөд энгийн иргэд өртсөн байж болзошгүй талаар мэдээлээгүй ч Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх үйл явдлаас болж гурван иргэн шархдаж, нэг хүүхэд амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *