Categories
мэдээ цаг-үе

Багануур, Налайхыг үйлдвэрлэлийн хотууд болгоно

Багануур, Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор шийдвэрлэсэн. Эдийн засаг, дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлж, хүн амын хэт төвлөрөл, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор ийнхүү дагуул хотуудыг байгуулахаар болжээ.

Аливаа нэг дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлэхэд бүхий л талаас нь харж, судалдаг. Мэргэжилтнүүдийн зүгээс Багануур, Налайх дүүргийг бие даан өөрсдөө хөгжөөд явчих хэмжээний нөөц бололцоо, ирээдүйтэй. Яваандаа хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого хуримтлуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ ойрын гучаад жилийн хугацаанд дээрх хоёр хот эхлээд хөл дээрээ бат зогсоод, хүн амын тоо нь өсч, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь эн тэргүүнийх нь ажил.

Багануур дүүрэг нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60 мянга орчим хүн амтай хот болон хөгжих юм байна. Харин Налайхыг өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болгон хөгжүүлнэ гэж тооцоолжээ.

Багануур дүүрэг нийслэлээс зүүн урагш 135 км-ийн зайд Хэрлэн голын сав газарт оршдог. 62 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд Хэрлэн гол тус дүүргийн нутаг дэвсгэрээр 14 км урсдаг. Багануур дүүрэг одоогоор 7900 гаруй өрхтэй, 28 мянга орчим хүн амтай. Хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.

Нанобио технологийн туршилт, сургалт, судалгаа, үйлдвэрийн цогцолбор, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гумины бордооны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, нүүрс шингэрүүлэх төсөл, аялал жуулчлал, байгалийн нөхөн сэргээлт гэсэн цогц үйлдвэрлэлтэй технологийн паркийг Багануурт байгуулах юм. Ингэснээр эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн арилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тус дүүрэгт их, дээд сургуулиудын оюутны хотхоныг байршуулахаар болоод буй. Хэрэв Оюутны хотхоныг баривал 20 жилийн дараа Багануурын хүн ам 200 мянгад хүрнэ гэсэн судалгааг хийжээ. Налайх дүүрэг нийслэлээс 36 км-ийн зайтай. 68.7 мянган га нутагтай бөгөөд 32 мянга гаруй хүн амтай юм байна. Тус дүүрэг 120000, 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй юм байна. Мөн дулааны одоогийн хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай гэдгээрээ давуу. Түүнчлэн уул уурхай, шилний үйлдвэр, эрчим хүч, авто, оёдлын мэргэшсэн инженер техникийн ажилтан, ажилчдын ажиллах хүчний нөөцтэй. Зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газар тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулах үйлдвэр, малын зах байгуулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцдог. Алт, цагаан тугалга, болор, нүүрс, шохой, элс хайрга зэрэг байгалийн баялагтай. Хэрэв тус дүүрэгт аж үйлдвэрийн парк байгуулагдвал 40 гаруй жижиг, дунд үйлдвэр эхний ээлжинд ашиглалтад орох юм байна. Хан Хэнтий, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Энэ мэтээр Налайх, Багануур дүүргийн авууштай талуудыг дурдвал их байна. Ер нь энэ талаар ам дуугарч байгаа хүмүүсийн яриагаар дээрх дүүргүүдийг дагуул хот болгосноор алдах ямар ч зүйл байхгүй гэнэ. Дагуул хотынхон өөрсдөө хөгжлөө бий болгож, татвараа хотдоо л төвлөрүүлнэ. Төсвөө өөрсдөө захиран зарцуулна. Үүнийгээ дагаад хот өөрийн гэсэн эрх мэдэлтэй болох юм. Хоёр дагуул хот бий болсноор Улаанбаатар хотын нуруун дээрх дарамт 20-25 хувиар буурна гэж үзэж байгаа аж. Баруун аймгуудаас шилжин суурьшигчид Улаанбаатарыг биш дагуул хотод очих суурьших бөгөөд үүнийг дагаад шинэ суурьшлын бүсүүд байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *