Categories
мэдээ нийгэм

Багахангайд болсон дунд сунгааг Х.Цогтсайханы хээр азарга өнгөллөө

Долдугаар сарын 3-нд Багахангайд болсон дунд сунгааг манай сонин сурвалжилсан юм. Өнөө жилийн хурдан морьдын өнгө ямар байхыг энэхүү сурвалжлагаас уншиж сонирхоорой.


Монгол төрийн их баяр наадам хаяанд иржээ. Хүчит бөхчүүдийн бяр тэнхээ жигдэрч, хурдан морины уяа сойлго таарч дэнж хотойтол наадан түмэн олноо цэнгүүлэхэд бэлэн болжээ. Монгол түмэн төрийн их баяр наадмаа хоног тоолон хүлээж буй энэ өдрүүдэд хурдан морины өнгийг тодорхойлох сунгаанууд болж байна. Бага сунгаа зургадугаар сарын сүүлээр буюу сонгуулийн өдөртэй давхцаж болсон бол өнгөрсөн амралтын өдөр дунд сунгаа боллоо. Дунд сунгаагаар уяач олон шандаст хүлгийнхээ өнгийг шинждэг уламжлалтай. Наадмын өмнө болдог бага, дунд, их гурван сунгааны хамгийн чухал нь дунд сунгаа. Учир нь энэ л сунгаагаар морьд хамгийн хол зайд уралддаг. Энэ жилийн тухайд уяачид гал галаараа нийлэн Багахангай, 61-ийн гарам, Бухан сэрүүн, Өлзийтийн ам, Сэргэлэн сум зэрэг газарт морьдоо сунгалаа. Багахангайд Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэл, манлай уяач Х.Цогтсайхан, алдарт уяач С.Шинэбаатар, Б.Саранхүү, Б.Лхамсүрэн, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох нарын олон уяач буужээ. Тэндхийн бага сунгаа өтгөн болсон сургаар Багахангайд очив. Унаач хүүхдийн гийнгоон дуу тэнгэрт хадаж хурдан морины туурайн төвөргөөн сонсогдож байна. Айлсан буусан уяачдын галаар оров. Морь хурдан уу хэмээн мэнд усаа мэдэлцсэний дараа энэ зуны зуншлагын талаар хөөрөлдлөө. Уулзсан хүн бүр л газрын өнгө сайхан байгаа, тарган тавтай зун болж байна гэж байв. Ер нь ихэнх нутгаар зуншлага сайтай байгаа сураг дуулдана лээ. Нутаг нутгийн уяачид нийслэлтэй ойр буусан хэдий ч үе үе үлдсэн хэд рүүгээ утас цохиж чих тавьдаг гэнэ. Тэндээс бороо хур элбэгтэй, ногооны гарц сайтай байгаа гэх таатай мэдээ ирж буй ажээ. Хавар ногоо эрт гарсан болохоор адуу малын тарга тэвээрэг ч сайн байгаа юм байна. “Энэ жил Их хурдтай. Уяачдын хувьд олимпийн жил гэсэн үг. Ийм жил ган гачигтай байвал адуу мал бүрэн тэнхрээгүй байдаг болохоор уралдахад хэцүү. Хэдийгээр тэжээл өгдөг ч гэлээ байгалийн шимтэй өвсгүй үед тамирдаад байдаг” хэмээж байлаа.

Уяачид сунгааны өмнөх өдөр цуглаад хэрхэн зохион байгуулах тухайгаа хуралдчихаж. Азарга 16 км, их нас 18 км, соёолон 16 км, даага 10 км-т уралдуулж сунгахаар болжээ. Хурц нартай халуун өдрүүд үргэлжилж буй тул өглөө 7:30 цагт азарганы уралдаанаар эхлэв. Уяанаас 70 гаруй азарга морджээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн монгол хээр, Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлийн бор, манлай уяач Х.Цогтсайханы хээр, Б.Лхамсүрэнгийн загал зэрэг улс, бүсийн уралдаанд дээгүүр давхидаг шандаст хүлгүүд мордлоо. Эрлийз, монгол хамтдаа уралдсан бөгөөд гарааны зурхайгаас гарсан цагаас хойш Б.Наранхүүгийн монгол хээр, Х.Цогтсайханы хээр азарга хоёр өнгөнд давхисан. Уяачид машинтайгаа даган унаач хүүхдэдээ зааварчилгаа өгч байлаа. Өнгөнд давхиж буй морийг бусдаас нь салган гарга, эсхүл жаахан суух маягтай байвал дагуулаад давхиад бай гэхчилэн заавар өгнө. Мөн унаач хүүхдийг хэзээ гараа хөдөлгөж эхлэх, хаана яаж ташуурдах, газрын уруу хэрхэх, өөдөө газар яаж уралдах гээд нэг бүрчлэн зөвлөгөө өгч байв. Гэхдээ бодож байсан шиг өөд уруугүй загнаад тэгээч, ингээч гээд байхгүй юм. “Ахын дүү одоо жаахан давираад яваарай”, “Ташуур өгөх болоогүй шүү” зэргээр хэлнэ. Унаач хүүхдүүд ч гэсэн өөрсдийн гэсэн мэдрэмжтэй. Олон жил хурдан морь унаж улс, бүсийн наадамд уралдсан хашир туршлагатай хүүхдүүд өөрсдийн зөн, мэдрэмжээр уралдах ажээ. Тэд уралдааны байр байдал, газрын чиг баримжааг дотроо тооцоолон тун няхуур уралдана.

Азарга гараанаас гарснаас хойш хэдхэн минутын дараа барианд дөхөөд ирэв. Сунгаа учраас бариагаа уулын бэл өөд өгсүүлэн товложээ. Барианд Х.Цогтсайханы хээр, Д.Одгэрэлийн бор, н.Баяраагийн хүрэн, н.Мөнгөншагайн халтар,

Б.Лхамсүрэнгийн загал өнгөлөн орж ирэв. Айргийн тавын араас Б.Наранхүүгийн монгол хээр орж ирнэ лээ. Б.Наранхүүгийн тухайд Дундговийн уяачидтайгаа нутгийнхаа ойрхон гал болон гарсан гэсэн. Харин хамгийн чухалд тооцогддог дунд сунгаанд Багахангайг зорин ирж нутаг, нутгийн хурдан хүлгүүдтэй уралдуулжээ. Монгол хээр сунгааг өнгөлж байсан хэдий ч газрын дундаас суусаар барианд зургаагаар орж ирсэн юм. Азарганы дараа соёолон мордуулав. 90 гаруй соёолон гарааны зурхайн зүгт хөдөллөө. Унаач хүүхдийн ихэнх нь хамгаалалтын малгай, уралдааны хувцас өмссөн байв. Ер нь хүүхдүүд зориулалтын хувцастай уралдаад сурчихжээ. Жижиг уралдаан төдийгүй морь хөлсөлгөөний үед ч гэсэн хамгаалалтын малгайгаа өмсөнө. Уяачид нь унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс эхнээс нь шаардсаар одоо бүр дасал болчихсон байна. Харин эмээлтэй эсхүл зайдан уралдахаа хоорондоо ярилцаж байгаад шийддэг болжээ. Эндхийн соёолонгийн сунгаанд зүүн голдуу аймгийн улс, аймагт алдар цуугаа цуурайтуулсан хурдан морьд мордсон. Эхний тавд нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтохын хул, Батхүүгийн халзан, Дашдоржийн хул, Г.Базаррагчаагийн бор, Мандахын хонгор бариалав. Морьд барианд орох үед уяачдын дунд нэгэн шуугиан гарсан нь “Эндхийн сунгаанд түрүүлсэн соёолонг Асашёорюү Дагвадорж 100 саяар худалдаж авах юм гэнэ” гэх яриа. Амнаас ам, уяачаас уяач дамжин ярих энэхүү яриаг үгүйсгэх хүн олон байв. Уг нь сунгааны өмнөхөн Д.Дагвадорж аварга хөнгөн хөлт соёолонгийн уралдаанд түрүүлсэн адууг 100 сая төгрөгөөр худалдаж авъя гэсэн ам гараад явжээ. Гэсэн ч уяачид “Наадмын өмнө иймэрхүү байдлаар уяачдыг хөөргөсөн амлалт гардаг. Яг цагаа тулахаар худалдаж авсан хүн байдаггүй” гэж байв. Аваргын тухайд тэгш ойтой энэ жил одтой сайхан наадахыг хүссэн байж магадгүй юм.

Их нас хоёр тасран уралдав. Нийлүүлж тоолбол 100 гаруй хурдан буян морджээ. Эхний хэсгийн өнгөнд тод манлай Д.Одгэрэлийн хул, Х.Цогтсайханы халзан, Н.Зоригтын хул, Х.Цогтсайханы хар, н.Мөнгөншагайн хүрэн ирэв. Дараагийн хэсгийг Батхүүгийн халтар, Жанлийн хээр, Б.Лхамсүрэнгийн хүрэн, Г.Хадхүүгийн хүрэн, Г.Базаррагчаагийн хонгор өнгөлөн хурдаллаа.

Дунд сунгаа хагас, бүтэн сайнд хоёр өдөр болсон бөгөөд эхлээд хязаалан, шүдлэнг сунгасан байв. Хязааланд 60 гаруй хурдан хүлэг мордсон бөгөөд Шинэбаатарын хар, Ганзоригийн зээрд, Д.Одгэрэлийн хээр, Х.Цогтсайханы цавьдар айргийн тавд хурдалжээ. Шүдлэнг Х.Цогтсайханы хүрэн, Нүүдэлийн хонгор, Г.Хадхүүгийн хар, Г.Буянтогтохын зээрд, Б.Лхамсүрэнгийн зээрд өнгөлөн давхисан байв. Харин Бухан сэрүүнд болсон азарганы сунгаанд манлай уяач Д.Хишигжаргалын цагаан, тод манлай Л.Цандэлэгийн хээр, П.Мэндсайханы хээр өнгөлсөн сурагтай байна. Их насны түрүүнд Б.Ерөөлтийн халзан, Н.Базаргарьдын хавчиг хээр, Д.Төртогтохын халиун, А.Батсүхийн хүрэн, Хишигбаатарын хээр хурдалжээ. Мөн 61-ийн гармын сунгаа өтгөн болсон дуулдана. Энд зууны манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, манлай уяач Мөнхтөр, алдарт уяач Б.Ганбат, Б.Махбал, Гантөмөр нарын уяач бий. Азарганд Б.Ганбатын хар, Б.Махбалын хүрэн, З.Батбаярын хул, Д.Дагвадоржийн шөвгөр зээрд, Гантөмөрийн зээрд, Д.Даваахүүгийн хонгор, Д.Бат-Эрдэнийн хавчиг хээр азарганууд хурдалжээ. Их насанд Х.Бат-Эрдэнийн даян түмний эх уяа сойлго таарсан гэдгээ баталж өнгөнд давхисан сурагтай. Мөн Х.Түмэнбаярын хонгор, Б.Эрдэнэбатын буурал, Б.Махбалын зээрд халзан, Ихбаярын цагаан морьд эхний аравт уралджээ.

Ийн монгол уяачид ур ухаан, мэдлэг чадвар, хөлс хүчээ шингээн шандаст хурдан хүлгүүдээ төрийн наадамд уралдуулахаар уяа сойлгыг нь тааруулаад байна. Унаач хүүхдүүд наадмын өглөөг догдлон хүлээж хуруу даран тоолж байгаа. Монгол наадам айсуй.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *