Categories
мэдээ цаг-үе

Багадаа Төв цэнгэлдэх орж хуушуур идэж, улаан ус уудаг байлаа

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар олны танил алдартай эрхмүүд хэрхэн нааддаг тухай манай www.admin.dnn.mn сайт онцолж байгаа юм. Жүжигчин М.Оргилыг наадмаар юу хийдгийг сонирхлоо.

-Баярын мэнд хүрье. Наадмаар та яаж баярладаг вэ. Бага байхдаа яаж нааддаг байв?

-Би багадаа Дамбадаржаад бөмбөг өшиглөж, чулуугаар байлдаж өссөн хүүхэд л дээ. Наадам болохоор гэрийнхэнтэйгээ Төв цэнгэлдэх орж хуушуур идэж, улаан ус уудаг байсан санагддаг юм. Арай том болоод найз нартайгаа бөх үзэж, айраг уунгаа сайхан нааддаг болсон. Харин одоо Наадмаар сайхан монгол хувцасаа өмсөөд ах нарийн уяан дээр очиж, найз бөхчүүдээ дэмжиж нааддаг болжээ.

-Найз бөхчүүд гэхээр та бөх их сонирхдог хэрэг үү?

-Бөх сонирхоно. Олон сайхан бөхчүүдтэй найзалж, нөхөрлөдөг. Тэр дундаа Төв аймгийн харъяа Улсын начин Гэрэлт-Од, Хөвсгөл аймгийн харъяа Улсын начин Баттулга хоёртой сайхан найзууд. Би бэлтгэлээ энэ хоёртой болон Якузона Харумафүжигийн ах Баасандорж, Бат ах гээд хүмүүстэй байнга хүчний бэлтгэл хийдэг. Бэлтгэлийн хажуугаар нь эд нараар бөхийн мэх заалгаж үндэс, жүдо хоёроор хаяа сонирхогчийн хувьд барилдаж үздэг юм. Үнэн ярьдаг юм уу, онгироодог юм уу бүү мэд намайг бөхөөр явсан бол бас зүгээргүй байхаар байсан гээд байдаг шүү.

-Эр хүн бөхөөр барилдаж чаддаг байх ёстой гэж боддог юм уу?

-Бөх бол ер нь монгол эр хүний заавал оролдож байх ёстой бидний өв соёл сайхан уламжлалт тулааны урлаг гэж боддог. Бусад орны тулааны урлагуудын хажууд Монгол баатар эрийн уран мэх, мэргэн харваа, хурдан морь гурвыг даван дийлэх хүчин үгүй гэдгийг бидний өвөг дээдсийн агуу түүх харуулдаг. Энэ сайхан уламжлалаа бид дээдэлж мөнхөд хадгалж, хамгаалж хөгжүүлж л байх ёстой.

-Та морь хэр сонирхдог вэ?

-Монгол хүн гэдэг үүднээсээ сонирхдог. Би уяж уралдуулахгүй ч гэсэн хувийн хэдэн адуутай болно гэж боддог юм. Бага байхдаа моринд их дуртай хүүхэд байлаа. Дөнгөж есөн настайдаа ээжийгээ дагаад хотын хүүхэд Сэлэнгэд очсон юм. Баахан морь унасан хүмүүс харагдаад унаж үзмээр санагдаж билээ. Шуудхан л нэг хүн дээр очоод “Өвөө би таны морийг унаж болох уу” гэж асуусан чинь “Тэг, тэг” гээд морио өгчихсөн. Морьдоод “Чүү” гэсэн чинь давхиад алга болчихсон. Ганц ч морь унаж үзээгүй хүүхэд нэг мэдсэн эмээлнийхээ ард морьны бараг бөгсөн дээр ирчихсэн байдаг юм. Яаж зогсоосон юм бүү мэд. Ямар ч байсан морьноосоо унаагүй эзэнд нь буцааж авчирч өгч байсан. Монгол хүний цусанд, генд морь унах чадвар байдаг юм шиг санагддаг.

-Наадмын дараа та юу хийх вэ?

-Гэр бүлээрээ нутагтаа буюу Сэлэнгийн Ерөө сумын Баянгол гэдэг газар очиж амардаг. Тэнд ээж минь байгальд ээлтэй, хүүхдэд байгалийн ба иргэний боловсрол олгодог “Eco Land Camp” гэж зуслантай юм. Зуслангийнх нь хажуудаа Баянгол голтой, рашаантай, уулаар нүд дүүрэн гүзээлзгэнэ ургадаг зэрлэг онгон байгальтай, хот суурьнаас хол сайхан газар байдаг юм. Тэнд очиж амрахаар цэвэр байгальд сайхан амарч чаддаг.

-Та наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Та бүхэн хотол олноороо дэлгэр сайхан наадацгаагаарай. Мөнх хөх тэнгэрийн ивээл дор Монгол Улс маань мандах бадрах болтугай. Энэ жил бидний хувьд тавиад монголчуудын “Марко Поло” кинонд оролцуулсан улс орноо дэлхийд сурталчилж буй сайхан жил болж байна. Тиймээс энэ жилийн наадам миний хувьд онцгой сайхан болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *