Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багачуул эцэг, эхийнхээ нэрийг бүтэн мэдэх нь бүр сайн

төөрсөн хүүхэд зурган илэрцүүдХүүхэд эцгийнхээ нэрийг чанга дуудвал үгүйрдэг. Мөн эцэг, эхийнх нь нэртэй ижил нэртэй хүн байвал хэцүү нэрт гэдэг гэх мэт нэртэй холбоотой маш олон цээр бий. Хэрвээ хүүхэд аавынхаа нэрийг хэлбэл нэг өдөр хоолгүй, хоосон хонохтой адил зовлон амсдаг ч гэх нь бий. Иймэрхүү зан заншлаас үзвэл монголчууд эрт үеэс аав, ээжийнхээ нэрийг аль болох дуудахгүй, нэрийг нь хэлэхээс ихэд цээрлэдэг байж. Үүгээрээ тэднийгээ хэрхэн хүндэлж байгаагаа илэрхийлж буй явдал гэж үзнэ.

Хүүхдийн нэвтрүүлэгт орж байгаа багачуулаас хөтлөгч нь “Өөрийгөө танилцуулна уу” гэж асуухаар “Намайг Хулан гэдэг. Би дөрвөн настай. Манай аавыг Баатар гэдэг. Ээжийг Нарангарав гэдэг. Манай өвөөг, манай эмээг” гэж ирээд л бүгдийг нь нэр усаар нь хэлчихдэг. Үүнийг монгол ёсон талаас нь харвал бүдүүлэг хэрэг. Аав, ээжийнхээ нэрийг үеийнх юм шиг хэлээд л. Хүндэтгэлгүй харагддаг. Гэхдээ ингэж эцэг, эхийнхээ нэрийг хүүхэд нь, хоёр, гурав, дөрвөн настай багачуул маань мэдэж байх нь өнөөгийн нийгэмд маш хэрэгтэй хэвшил шүү. Хүүхдийн баяр, улсын баяр наадмаар олон хүүхэд аав, ээжээсээ төөрдөг. Төөрсөн хүүхдүүдээс аав, ээжийнх нь нэрийг асуухаар мэдэх нь цөөн. Ямар сайндаа төөрсөн хүүхдээс гэрийнх нь хаягийг асуутал “Манай гэр хашаан дотор байдаг. Хашаа маань гэрээ тойроод байдаг” гэсэн байх вэ дээ. Ийм болохоор аав, ээжүүд үр хүүхдэдээ нэрээ цээжлүүлэхээс гадна утасны дугаараа ч хэлээд өгчихөд гэмгүй. Нэрээ бүтэн цээжлүүлчихвэл бүр сайн. Муу амласангүй. Сэрэмж хэрэгтэй, аль ч цагт. Тэглээ ч хүн удам судар, эцэг эхийнхээ нэрийг мэдсэнээр уруудаж, доройтно гэж хэзээ ч байдаггүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *