Яг одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр өглөө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж, Бага хуралд асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан юм.
МАН-ын Бага хурал 15.00 цагт эхэлж, намын дарга М.Энхболд сонгуулийн үр дүнгийн талаар итгэл тавьсан.
Үүний дараа 16.00 цагийн үед Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад Бага хурлын гишүүд захиас үгээ дайж, хариуцлагатай ажиллахыг санууллаа.
Одоогоор Бага хурал түр завсарлаад байгаа бөгөөд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжих тухай асуудлаар явуулсан саналын хуудсыг тоолж байгаа аж.
Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагу Ерөнхий сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д өргөн барина. Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж, батлах эсэхийг шийдэх юм.
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ
Төгссөн сургууль, мэргэжил
- 1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
- 1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
- 1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- 2002 – 2004 онд Удирдлагын академи
- 2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
- 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч
- 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
- 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
- 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
- 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
- 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2010 онд Алтангадас одон