Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, нэрт тамирчин Баатарзоригийн Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд болох аж. Бөх сонирхогчдын дунд “Баавгай” хэмээн алдаршсан Б.Батцэцэг Налайх дүүргийн унаган охин агаад 1993 онд төрсөн, монгол түмний хайртай тамирчин юм. Тэрээр өсвөрийн болон залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөнтөө аваргалж, Залуучуудын Ази тивийн АШТ, “Mongolian open” тэмцээнээс мөнган медалиар энгэрээ мялааж, Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурьсган төрийн дууллаа эгшиглүүлж байсан алдартан билээ. Б.Батцэцэг 2010 онд Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн нь түүнийг Монголын спортын түүхэнд нэрээ тодоор бичиглэн үлдээх томоохон үйл явдал болсон.
Харамсалтай нь Б.Батцэцэг бэлтгэлийн үеэр хөлөө гэмтээж, өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалснаас бөхийн дэвжээнээсээ хөндийрөөд байгаа юм.
Гэсэн ч түүнийг их спортдоо буцан ирэхэд нь туслахын тулд “Өдрийн сонин”, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Ардчилсан социалист залуучуудын холбоо, “Улаанбаатар” төмөр замын депогийн хамт олон зэрэг чөлөөт бөхийг сонирхогч спортын хорхойтнууд сэтгэл нэгдэн орон даяар аян өрнүүлсэн нь амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд олон хүнд түүний хандивын дансанд боломжоороо мөнгө төгрөг шилжүүлж, гадаадад байгаа монголчууд маань ч сэтгэлийн өглөгөө өргөсөөр байгаа юм. Түүнчлэн “Сонгдо”, “Гранд мед” зэрэг эмнэлгийн хамт олон Б.Батцэцэгийг дахин дэвжээндээ гаргахад нь бүхий л талаар туслахаа илэрхийлцгээсэн. Батцэцэгийн бэртлийг анагаах мэс ажилбарыг Тайландын эмч нар хийх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд эмчилгээний зардалд дор хаяхад хорин сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Эдүгээ хорин нэгхэн настай нэрт тамирчны дэвжээндээ дахин гарч Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор “Сэтгэлийн илч” хандивын тоглолтыг зохион байгуулах санаачлагыг Лондонгийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар гаргаж, “G.B.O” энтертайнментын залуустай хамтран зохион байгуулахаар болсноо өчигдөр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Уг тоглолтод ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Э.Амартүвшин, Чулуунхүү, Шийлэгмаа, соёлын тэргүүний ажилтан Т.Баттогтох, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Д.Намсрайноров, П.Жимсээ, Я.Гэрэлчулуун, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, С.Наран, Ц.Хулан, “Татар” хамтлагийн Заяа, дуучин Ч.Сэлэнгэ, Э.Агиймаа, Б.Маралжингоо, П.Баярцэнгэл, А.Хишигдалай, С.Зоригт, Т.Цогсолмаа, “Ice top”, “Madness”, “Motive”, “Sync”, “L-Guards”, “One way”, “Out law” зэрэг Монголын рок поп болон нийтийн дууны шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөр болсон байна. Ганцхан удаа болох уг тоглолтын тасалбарыг та бүхэн “UB palace”-ийн билетийн касснаас худалдан авч болох бөгөөд мөн 99399619, 96950006, 90090119, 99227679 утсаар холбогдож авч болно.
Л.ЦЭНГЭЛ