Categories
мэдээ цаг-үе

Б.Золжаргал: Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжтой, ажиллаж амьдрах орон зайтай эх оронд төрсөндөө бүхнээс илүү баярлаж явдаг

Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалтай ярилцлаа.


-Золжаргал гэж хэн бэ, ямар хүн бэ, өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу уншигчдад маань?

-Би нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг, бизнес эрхлэгч, ууланд дурласан эмэгтэй гэдгээрээ хэн бэ гэдгээ, аав ээж нарын хайрыг сайн явж хариулах гэж хичээж яваа айлын охин гэдгээрээ ямар хүн бэ гэдгээ товчхон тодорхойлъё доо. /инээв./

-Таны танилцуулгыг хараад бодож суух нь ээ эмэгтэй хүний хувьд маш их олон ажил нугалагдаж байх шиг… Дотооддоо эхлүүлсэн бизнесүүд, ОУ-ын уулын спортын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал, гэр бүл, сайн дурын ажлууд. Энэ дундаас онцолж яагаад заавал та Уулын спортыг онцгойлж сонгох болсноо яриач?

-Эмэгтэй хүн гэхээр тогоо тойрсон асуудалд эргэлдэн гэртээ сууна гэсэн уламжлалт сэтгэлгээ ард хоцорсон гэж боддог. Үндсэн хуулиар олгогдсон ижил тэгш хүртээмжтэй, ардчилсан улсад хүн болж төлөвшин, өөрийн хүсэл мөрөөдөлийг биелүүлэх боломжоор дүүрэн, ажиллаж амьдрах орон зайгаар баялаг эх оронд төрсөндөө бүхнээс илүү баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр санагдлаа. Би хувьдаа техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүр олдсон боломжоо бүрэн ашиглаглаж чадахгүй өнгөрүүлсэн цаг хугацаа дэндүү хайран санагддаг. Бидний үеийн залуучууд бүгд ийм сэтгэлгээтэй болж байгаа гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас өнөөдрийн нийгэмд миний амжуулж байгаа бүхэн тийм ч их ажил биш гэж боддог. Цаашид өөрийгөө илүү дайчилж, илүү ихийг хийж бүтээх ёстой гэж боддог. Тэгж байж Монгол Улс, бидний ирээдүйн хөгжлийн хувьд бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай мөр зэрэгцэнэ гэдэгт итгэж, түүний төлөө чармайж явдаг.

Спортын тухайд би, бага байхын л спортод дуртай, усан спорт, сагс зэрэг өөрийгөө чийрэгжүүлэх, багийн спортоор хичээллэж ирсэн. Харин уулын спорттой холбогдсон түүх санамсаргүй бөгөөд их завшаантай тохиол болсон юм. Бодож, тунгааж, баахан судалсны эцэст шилэн фасад цэвэрлэгээний компани байгуулаад цоо шинэ, Монголд хөгжөөгүй, эрсдэл өндөртэй салбарт хүч үзэхээр сэтгэл шулуудаад байх үед өөрсдийн хэрэглэдэг өндрийн хэрэгсэл болох Францын Petzl брэндийг Монголд албан ёсоор оруулж ирэх болсон юм. Гэтэл энэ брэндийн нэг чиглэл нь уулын спортын багаж хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэл юм л даа. Ингээд л уулын спорттой анх танилцаж байлаа.

-Дэлхийн, Олон улсын холбооны дэд ерөнхийлөгч хүртэл явахад ийм энгийн эхлэлтэй байсан гэж үү?

-2013 онд ихэр хөвгүүдээ төрүүлчихээд хажуугаар нь хувийн компанийнхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй гээд хоёр сартай хүүхдүүдээ аав ээж нараараа харуулаад, ажилдаа орсон жил л дээ. Нялх биетэй, ачаалал ихтэй байсан тэр үед 30 орчим кг жин нэмж хувьдаа л өөртөө ахадсан гэмээр дарамтаар өөрийгөө бүрхсэн юм. Яг энэ үед “Petzl” брэндийг Монголд оруулж ирэх, дэлгүүр нээх ажил хийгдэж таараад, бүртээгдэхүүнийг судлахын тулд өөрийн биеэр ууланд алхахыг туршиж үзэж, бас жингээ багасгах зорилгоор ойрхон Богд ууланд алхдаг байлаа. Манзушираас Цэцээ гүн хайрханы оргил өөд алхах нь тухайн үед маш хүнд санагддаг байж билээ. Замаасаа буцмаар, уйлмаар, шантармаар байдаг байсан ч өөрийгөө зоригжуулан, бас хүчлэн замынхаа эцсийн цэгт хүрээд буцах тэр мэдрэмж ямар нэг зүйл ялсан юм шиг, сэтгэл дүүрэн, аз жаргалтай болдгодог байсан. Үүнээс хойш урамшин Цамбагарав хайрхан өөд 2015 онд авирах боломж олдож, анх “Мөнх цаст өндөр уул”-нд сайн баг, мэргэжлийн ахлагчдын тусламжтай авирч, амжилттай оргилд хүрсэн. Энэ нь миний хувьд төсөөлшгүй хүнд бэрх хэдий ч маш их аз жаргал мэдрүүлсэн, дахиж мартагдамгүй дурсамжийг үлдээсэн. Ингээд л би “Уулын спорт”-д эргэлт буцалтгүй чин сэтгэлээ, хүсэл тэмүүллээ зориулж эхэлсэн юм.

Олон Улсын бөгөөд дотоодын уулын холбооны тухайд гэвэл бизнесийнхээ хажуугаар, хоббигоороо жаргаж хийдэг сонгуульт ажил минь шүү дээ. Манай холбооны гишүүд бүгд л тус бүрийн ажилтай хэрнээ мөн л уулын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, сонирхогчдыг тэсвэр хатуужил, зүйрлэхэд үг үл хүрэм жаргалыг олон хүмүүст мэдрүүлэхээр нэгдсэн “нэгэн цул” баг юм. Уулын спорт бол тэр чигээрээ багийн ажиллагаа, итгэлцэл, сахилга бат, ёс зүй шүү дээ.

-Хэзээнээс Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч болсон бэ. Олон улсын уулын холбоотой харилцаагаа сайжруулснаар ирэх өгөөж нь юу вэ?

-2019 оны 11 сард Кипр улсад болсон Олон Улсын Уулын Холбоо (Union Inter­nationale des Associations D’Alpinisme (UIAA))-ны Ерөнхий ассамблейгаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон, улмаар шинэ бүрэлдэхүүнээр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Бид олон улсын холбооны харилцааг сайжруулснаараа олон улсын сургалт, аюулгүй ажиллагааны стандарт журмыг эх орондоо нутагшуулах, нэвтрүүлэх, байгаль орчноо хамгаалах тогтвортой хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг дуудах, бэлтгэлийн бааз барих мэргэжлийн зөвлөмж авах зэрэг ашиг тустай. Бидэнд энэ бүхнийг хэрэгжүүлэн амжилтад хүрэх нөөц бололцоо маш их бий.

-Спортын олон улсын холбоонд Ази тивээс, тэр дундаа монгол хүн сонгогдсон нь сайхан зүйл болжээ.

-Уулын спортын олон улсын холбооны хувьд анх 1932 онд Европын таван улс нийлж байгуулснаас хойш Удирдах зөвлөлд нь анх удаа БНХАУ-ын иргэн 2016 онд сонгогдож байсан бол Ази тивээс өнгөрсөн жилд надтай хамт Ираны 32 настай залуу хамт сонгогдож түүхэндээ Ази тивээс гурван төлөөлөлтэй болж байна. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд анх удаа ази эмэгтэй очсон нь анхны тохиолдол болж байгаа. Энэ нь XXI зуун Азийн зуун ирж Азиуд илүү манлайлах төлөвтэй байгаа нь харагдаж байна гэж олон улсын төлөөлөгч нар дүгнэж байгаа. Миний мэдэхээр олон улсын спортын холбооны хувьд Олон Улсын Бадминтоны Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг, Олон Улсын Оюутны Спортын Холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын гишүүн Л.Мягмаржав гэх монгол хүмүүс миний мэдэхээр сонгогдон ажиллаж байгаа юм билээ.

-Монголын тамирчид ууланд авиралтын спортын мэргэжлийн түвшин ямархуу байдалтай байгаа вэ?

-Уулын спорт дотроо олон төрөлтэй, мөн эрчимтэй хөгжиж буй шинэ залуу төрлүүдтэй их өвөрмөц спорт юм. Өндөр уулын авиралтаар бол дэлхийн долоон тивийн ноён оргилуудад монголчууд амжилттай авиралт хийгээд, 6000-8000 метр өндөртэй уулуудад чөлөөтэй зорчиж авиралт хийж байна. Уулын спортын залуу гурван төрөл болох Спорт авиралт, Мөсөнд авиралт, Скайраннингийн төрлүүд дэлхийд маш хурдацтай хөгжиж олон залуучуудыг байлдан дагуулж байна. Эдгээрээс “Спорт авиралт” нь зуны олимпийн төрөлд хэдийнэ багтсан бол “Мөсөнд авиралт”-ын төрөл өвлийн олимпод орохоор бэлтгэж байна. Монголын тамирчдын хувьд “Мөсөнд авиралт”-ын төрлөөр 2015 оноос хойш тасралтгүй тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд тогтмол оролцож Азид нэгдүгээрт, дэлхийн түвшинд эхний дөрөвт багтаж медалийн төлөө өрсөлддөг хүчтэй өрсөлдөгч нар болжээ. “Скайраннинг”-ийн төрлөөр энэ жил анхны тамирчнаа дэлхийн цуврал тэмцээнд оролцуулахаар сойж байна. Харин “Спорт авиралт”-аар бид бэлтгэлийн бааз, дэд бүтэц дээрээ эхний ээлжинд анхаарал хандуулан ажиллаж байна.

-Манай баг тамирчдын гаргаад байгаа амжилтаас дурдвал?

Уралдаан тэмцээний тухайд сүүлийн үед манай тамирчид мөсөнд авиралтаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2019-2020 оны улиралд эр, эм алтан медаль, эр хүрэл медаль хүртсэн хамгийн өндөр амжилттай байна. Харин ууланд авиралтын хувьд 1950 оноос эхлэн ахмад уулчид маань улс орныхоо нэрийг өндөрт мандуулсаар ирсэн.

-Тэгвэл дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаа вэ?

-Дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгараад байна.

-Ер нь энэ спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэвэл зохимжтой вэ?

-Спорт авиралтын хувьд хамгийн багадаа дөрвөн наснаас эхлэх боломжтой.

-Манай тамирчдын техник хэрэгсэл нь бусад улстай харьцуулахад хэр байдаг тухай?

-Одоо манай уулчид, тамирчид, сонирхогчид бүгд олон улсын түвшинд хувцаслаж, тоноглогдсон. Илүү гарна уу л гэхээс мода, загвараар уралддаг болсон шүү дээ.

-Монголд бэлтгэл хийх бааз нь хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Дээр би дурдсан, уулын спорт дотроо уулын алхалт, уулын авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралт, спорт авиралт, скайраннинг гэсэн төрлүүдтэй. Эдгээр төрлүүдээс мөсөнд авиралт, спорт авиралт нь стандартын хана, бэлтгэлийн баазыг шаардана. Монголын Уулчдын Үндэсний Холбоо Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын дэмжлэгтэйгээр Найрамдал зусланд мөсөнд авиралтын хурдны ханыг 2017 онд барьж өвөлдөө тэмцээн, бэлтгэлийг зохион байгуулж байна. Техникийн хананы нөхцөл хангалтгүй байгаа. Спорт авиралтын хувьд 2000 онд АНУ-ын уулчин Алекс Лоув сангийн хандиваар барьж өгсөн хиймэл хана одоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд бий. Эдгээрээс өөр мэргэжлийн хана, бэлтгэлийн бааз байхгүй байна. Харин 2020 онд спорт авиралт, мөсөнд авиралтын хосолсон олон улсын стандартын ханыг Скай Резорт цанын баазад барихаар төлөвлөн барилгын зураг, тооцоо нь дууссан боловч дэлхий нийтээр тархаад буй шинэ Корона-19 вирусийн дэгдэлтээс болж удаашраад байна.

-Бэлтгэл хийдэг, тэмцээн болдог хиймэл хананууд байдаг. Үнэ өртөг нь хэр байдаг, мөн энэ ханыг яг яаж хийдэг, өөрсдөө хийх боломж бололцоо хэр байдаг талаар…

-Бэлтгэл хийх хана, тэмцээн зохиох хананы шаардлага, хэмжээ, бүтэц ялгаатай. Бэлтгэлийн ханыг мэргэжлийн хүний зөвлөгөөний дагуу өөрсдөө хийх боломжтой. Олон улсын тэмцээн зохиох хэмжээний хана, байгууламжийг бол олон улсын холбооноос тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компаниуд гүйцэтгэнэ. Үнийн хувьд тухайн орны барилгын материалын үнэ, ханшаас шалтгаалдаг. Энэ хананы тухайд Сөүл хотод баригдсан 2.5 тэрбум воны үнэтэй боссон.

-Уулын спорт нь олимпийн хөтөлбөрт орсон. Ирээдүйд манай тамирчид олимпоос медаль зүүх боломж хэр байна гэж хардаг вэ?

-Мэдээж бидэнд амжилт гаргах шавхагдашгүй их нөөц бололцоо бий. Спорт авиралт олимпод орсноос хойш залуу үеийнхний дунд хурдацтайгаар түгээн дэлгэрч байна. Монголын залуучууд сонирхож хичээллэх нь ч ихэсч байгаа. Монгол Улсын хувьд 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпуудаас олимпийн медаль зүүх бүрэн боломжтой. Ялангуяа мөсөнд авиралт өвлийн олимпод багтах үед анхны өвлийн олимпоос монгол тамирчин медаль зүүнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.

-Энэ их ажил, тэгээд хүүхдүүд, бас гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлагын хажуугаар та энэ бүгдийг яаж амжуулаад байна аа. Яг энэ тал дээр та бүсгүйчүүдэд урам зориг өгөөч.

-Би энэ удаад тантай зөвхөн уулын спортын тухай дэлгэрэнгүй ярилаа. Энэ сэдэв нь дуусашгүй, шавхагдашгүй их юм л даа. Гэхдээ би “Эхнэр, Ээж, Охин” хүний хувьд ямар ч их ажилтай байсан заавал хийж заншсан гэрийн үүрэг оролцоо байдаг. Гэр бүл миний хувьд хамгийн хүндтэй, эрхэм бүхэн минь шүү дээ. Хүн гэдэг хүсэл, зорилго байвал ундарсан их эрч хүчтэй, шавхагдашгүй нөөцтэй бодгаль шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн хэрвээ хүсвэл юуг ч хийж, амжуулж болдог гэж боддог болсон. Маш ихээр хүсч тэмүүлж, түүнийхээ төлөө бодитой ажиллах л хэрэгтэй юм билээ. Гэхдээ миний хувьд би том гавьяа бүтээсэн мундаг хүн биш учраас хүнд зааж, номлох эрх байхгүй, харин ганцхан зүйлийг хэлж чадах байна. Зогсолтгүй, маш их ажилласаны хүчинд би өөрийн зохион байгуулах чадварыг олж нээсэн юм. Түүнийхээ хүчээр л яг л жанглёрчин шиг өөрийн босгосон бүхнээ амжуулдаг. Таван хүүхэд, гэр орны цэвэр, тухтай, бүтэн байдал мэдээж нөхөр бид хоёрын хариуцлагын асуудал. Аль болох хоорондоо зохицоод, ажлуудаа хувааж аваад хийчихдэг. Хадам ээж минь, аав ээж нар минь ойрхон амьдардаг тулдаа зөндөө тусална. Тэгэхээр олон хүний хүчээр, багаар л ажиллаж байна даа. Бас энэ завшааныг ашиглан ханьдаа, аав ээж нартаа үргэлж талархаж явдгаа хэлмээр байна (инээв).

-Ярилцахад таатай байлаа. Төгсгөлд нь зөвхөн бүсгүйчүүд гэлгүй урам зориг, итгэлийн гал дөлийг бадраах зүйл хэлбэл…

-Амьдралыг би уултай зүйрлэх дуртай. Уулын оргилд хүрэх хүртэлх зам бол бидний өдөр тутмын туулж буй амьдрал юм. Саад бэрхшээл, хүндрэл бэрхшээлээс илүү нартай, үзэсгэлэнтэй “цаг мөчүүд” нь их байдаг. Уулын оргил бол бидний зорилго. Уулын оргилд хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй гэхдээ үр дүн нь үнэхээр гайхамшигтай, төсөөлснөөс ч илүү сайхан байдаг. Би үргэлж энэ төсөөллөөрөө өөрийгөө зоригжуулж, урагш тэмүүлдэг дээ. Миний ярилцлага, хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, ярьсан зүйлс минь олон бүсгүйчүүдэд өөрийгөө нээхэд нь, урам зоригоо хурцлахад нь тус нэмэр болох болов уу гэж итгэж байна. Та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, бүгдэд нь аз жаргалыг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсэе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *