ЭМЯ–ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Жон Хопкинсын их сургуулийн тооцоолсноор COVID-19-өөр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 11 сая гаруйд хүрсэн. 5.7 сая хүн эдгэрсэн бол 523 мянга гаруй хүн эндсэн байна.
АНУ-д өчигдөр 53,300 гаруй шинэ тохиолдол, 624 нас баралт нэмж бүртгэгдсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 2,732,000 гаруй болсноос 128,600 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн.
Тус улсын 36 муж улсад өвчлөл нэмэгдэж байна. Тархалтыг хумих зорилгоор АНУ-ын муж улсууд иргэд, оршиг суугчдаа олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг шаардах нь нэмэгдэж байна.
Өмнөд Америкийн Бразил улсад өчигдөр 42,200 гаруй шинэ тохиолдол, 1,290 нас баралт бүртгэгдсэн. Халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 1,539,000 гаруй болж, 63,100 гаруй болжээ.
Тус улсын Рио де Жанейро хотод өчигдрөөс эхлэн баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн бөгөөд амны хаалт зүүх, зайнаас харилцах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хүмүүс хэрэгжүүлэх нь ховор байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна.
Бразил улсад халдварын тархалтаар Рио де Жанейро хот тэргүүлж байгаа.
Номхон далайн баруун бүс дэх Япон улсад баасан гарагт 250 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний тал нь буюу 124 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Япон улсад сүүлийн хоёр сарын хугацаанд халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн өдөр нь өчигдөр байв.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус бөгөөд баар, шөнийн клубүүдэд үйлчлүүлэхдээ дээрх газруудад гарсан голомтоос халдвар авсан нь батлагдаж байна. Харин шинэ тохиолдлуудын 1/3 орчимд халдвар хаанаас авсныг тогтоож чадахгүй байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж Япон улсын эрх бүхий албан тушаалтнууд мэдээлжээ.
Австрали улсад өчигдөр 66 шинэ тохиолдол нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд бүгд Викториа мужид бүртгэгджээ.
БНСУ баасан гарагт 63 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Батлагдсан шинэ тохиолдлын 36 нь дотоодынх, харин 27 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
БНХАУ-д баасан гарагт гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм. Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжин хотын Шинфади захтай холбоотой халдвар авсан хүний тоо 332 болсноос ес нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.