Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Янжмаа: Дэлхийн 26 орон боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариунууд гарсныг танилцууллаа.

Тэрбээр “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Нэлээн ойрхон байсан, санаа зовоож байсан хүмүүсийн хариу энэ 58 дотор байгаа гэдгийг бас хэлмээр байна.

Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр тэнд тусгаарласан хүмүүсээс тодорхой хэдэн хоногийн дараа шинжилгээ авъя гэж бид зөвлөлдсөн. Тийм учраас өнөөдөр сорьцууд ирнэ. Үүний хариу маш чухал.

Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Франц иргэний хавьтал болон бусад үйл ажиллагаа тусдаа явж байгааг тусад нь мэдээлж байна. Энэ өдөр нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гэрээрээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна.

12-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байгаа” гэдгийг хэллээ.

“ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байгаа” талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ “ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байна. Бид зөвлөх эмч нартайгаа холбогдож, эмчилгээнд нь байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай дүрс оношилгоо, зүрх судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллаж байна.

Түүнээс гадна бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 1,273 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад онош нь үгүйсгэгдсэн.

Өчигдрийн мэдээллээр Ховд аймгийн Булган суманд гурван иргэнийг тусгаарлалтад оруулж, ажиглалтад авсан. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байгаагаас гадна тэд эх орондоо ирсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн Дархан-Уул аймгийн хилээр 10 иргэн орж ирсэн. Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 ирсэн бөгөөд Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн ирсэн. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Ингээд Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагджээ” гэв.

Үргэлжлүүлэн “Засгийн газраас гаргасан 77 дугаар тогтоолоор шийдсэн хөрөнгөөр тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа бүрэн хийгдэн явж байна. Эрүүл мэндийн яамнаас нийт 160 төрлийн цуврал инфографик, 64 төрлийн дүрс видеог цацсан бөгөөд ээлжит хэвлэлийн хурлаа 58 удаа зохион байгуулаад байна.

Мөн өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон.

БНХАУ -ын хувьд яг л бидэнтэй адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн хоёр чиглэлд анхааран ажиллаж буй.

Тэд эв нэгдэлтэй, зохион байгуулалттайгаар халдварын эсрэг тэмцэж байгаагаас гадна халдвар авсан иргэдээ сэтгэл санаагаар унагахгүйгээр дэмжиж ажилласны үр дүнд тархалтыг хязгаарлаж чадаж байна хэмээн мэдэгдсэн.

Тэдний мэдээлж байгаагаар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэргээр өвчилсөн бол 15 хувь нь хүндээр, таван хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Бусад улсын төлөөллүүд ч ярихдаа иргэд сандарч, эмнэлэг рүү бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл бий болгохоос гадна тухайн эмнэлгийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэх эрсдэлтэйг сургамжилж байна.

Бид эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон хэрвээ тохиолдол иргэдийн дунд гарвал хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх тал дээр бэлтгэл хангаж байна” хэмээн нэмж хэллээ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Тэрбээр “Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ.

Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.

Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна.

Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.

Болгар улсад нэг нас брала бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.

Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.

АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөж байна” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *