Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Сөрөг мэдээлэл аваад эерэг хандлага гаргах боломжгүй


Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн ачаар иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр бүх л төрлийн мэдээллийг шүүлтүүргүй авах болсон. Үүнд эерэг мэдээлэл цөөнгүй байгаа ч хүнийг айдас түгшүүрт автуулж, сэтгэл санааг нь тогтворгүй болгох хар бараан, сөрөг мэдээллүүд түүнээс ч олон байна. Энэ нь хувь хүн, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Иргэд өдөр бүр хэвлэл мэдээлэл, сошиал орчин, мөн эргэн тойрны хүмүүсээс янз бүрийн мэдээлэл авч байна. Тэгвэл хар бараан сөрөг мэдээлэл хувь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ. Эсрэгээр эерэг мэдээллийн тухайд ямар үр нөлөөтэй вэ?

-Хүний сэтгэл зүйн тогтвортой байдал хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Сэтгэл зүй тогтвортой байвал ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлээд явах боломжтой гэсэн үг. Гаднаас ирж байгаа мэдээлэл бидний тархинд байнгын дохио болж очиж байдаг.

Тэр дохио нь хүнийг ямарваа нэг зүйл рүү тодорхой хэмжээгээр чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл, эерэг болон сөрөг мэдээлэл хүний бодол санааг хааш нь чиглүүлэх вэ гэдгийг зааж байдаг юм. Сайн мэдээлэл биднийг эерэг бодол руу чиглүүлнэ. Харин сөрөг мэдээлэл нь хоёр зүйл рүү чиглүүлдэг. Нэг нь айдас, нөгөөх нь сөрөг бодол юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэлийн бодлогоосоо хамаарч харилцан адилгүй боловч нийтлэг байдлаар сөрөг мэдээлэл цацах хандлага давуу байна. Тэгэхээр сөрөг мэдээлэл хүний сэтгэл зүйд сэдэлжүүлэх, эсвэл айдас гэсэн хоёр хэлбэрээр очино. Нэг үгээр хэлбэл, сөрөг мэдээлэл их авах тусам хүний тархинд нэг бол хийж үзэх сэдэл төрнө, эсвэл айдас түгшүүр, стресс үүсгэнэ. Ер нь мэдээллийн стресс хүнийг хамгийн их стресст оруулж байгаа юм. Тийм учраас авч байгаа мэдээллийнхээ эерэг, сөрөг байдалд анхаарал тавьж сурах хэрэгтэй. Би юуг уншиж, үзэх, сонсох ёстой вэ гэсэн шүүлтүүртэй байх ёстой.

Сүүлийн 2-3 жилийн байдлыг харахад хүмүүс сөрөг мэдээллээс залхсан, зугтах хандлагатай байна. Тиймээс редакцын бодлого тодорхойлж байгаа хүмүүс, сэтгүүлчид нийгэмд ямар мэдээлэл өгч байна, энэ нь ямар нөлөөтэй вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй санагддаг. Хоёрдугаарт, хүмүүс би ямар хэмжүүрээр мэдээллийг шүүрдэж авах вэ гэдгийг бодох учиртай. Магадгүй хуурамч мэдээнд итгээд 2-3 хоногоор сэтгэл санаа нь тавгүй болдог, түүнээсээ болоод зүрх, толгой нь өвдөх зэрэг шинж тэмдгүүд гардаг. Хоёр талаасаа бодлоготой байхгүй бол нэг нь хямарч, нөгөөх нь хямрааж байгаагаа мэдэхгүй байх асуудал байна.

-Сөрөг мэдээлэл хувь хүнийг тавгүйтүүлж, санааг нь зовоох зэргээр стресс үүсгэж байна. Тэгвэл хувь хүнд илэрч байгаа энэ үзэгдэл нийгэмд ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Мэдээлэл тархинд очихдоо кодлох, буцаагаад гаргах гэсэн механизмыг дамждаг. Тархи авсан мэдээллээ кодлоод тэрийгээ үйлдэл болгож гаргадаг гэж ойлгож болно. Тиймээс сөрөг мэдээлэл авсан хүн тэрийгээ боловсруулаад эерэг болгож гаргана гэдэг бараг боломжгүй. Сөргийг авсан бол эргээд сөргөөр кодлоод, буцаагаад сөрөг үйлдэл болгож гаргадаг. Жишээ нь айдастай, түгшүүртэй мэдээлэл сонссон хүн хэзээ ч эерэг байдал гаргахгүй. Ийм магадлал маш бага. Энэ бүхэн эргээд нийгэмдээ сөргөөр нөлөөлнө. Харин эерэг мэдээлэл өгөх тусам хүмүүсийн үг яриа, үйл хөдлөл эерэг болж, аливаад хичээж эхэлдэг. Мэдээллийн энэ нөлөөллийг хүмүүс янз янзаар ашиглах явдал байна.

Тэр мэдээллийг авах уу, эсвэл авахгүй байх уу гэдгээ хүмүүс өөрсдөө шийдэх ёстой. Тэгвэл үнэхээр таалагдахгүй сөрөг зүйл гараад байвал зурагтаа унтрааж болно. Сонин байвал алгасаад дараагийн мэдээллийг уншиж болно. Гэтэл тэр мэдээллийг авахгүй л бол ямар нэг юмнаас хоцрох гээд байгаа юм шиг ханддаг. Энд өөрийнхөө амьдралд зарцуулах цаг хугацаа бага байгаад байдаг. Бусдын юманд анхаарал хандуулах цаг хугацаа их байдаг урвуу хамаарал үйлчилж байна. Мөн мэдээлэл авдаг ч буцаад оролцох нь язгаарлагдмал шүү дээ. Жишээ нь, манай СӨХ хурлаа хийхгүй байна хэмээн шүүжилдэг ч яг хурал болоход очоод оролцдоггүй. Хүмүүс орцонд хог хаяад байна гэж бухимддаг атал өөрөө ийм үйлдэл гаргаж л байдаг. Энэ мэтээр мэдээлэл авчихаад, үүндээ дүн шинжилгээ хийж үйлдэл болгох, шүүн тунгаах байдал сул байна.

-Та эерэг мэдээллийг шүүрдэх хэрэгтэй гэж байна. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага сайнтай, муутай бүх мэдээллийг түгээх үүрэгтэй. Нөгөө талаас хүн дандаа эерэг мэдээлэл авсаар байгаад сэтгэлийн хатгүй, хэт нэг талыг барьсан хандлагатай болохгүй юу?

-Сөрөг мэдээллийг авснаар эерэг үйлдэл гаргах магадлал бага. Тэгэхээр сөрөг мэдээллийг алгасах боломж бидэнд бий. Сүүлийн үед эерэг сэтгэл судлал их яригдаж байна. Хүн эерэг байхын тулд эерэг мэдээлэл авч байх ёстой. Эерэг зүйл ярьдаг хүмүүстэй ойрхон байх учиртай. Хүн аливаа зүйлийг хэт их шүүмжилснээр, сөрөг мэдээлэл авснаар хөгждөггүй юм байна гэдгийг 30 жилийн хугацаанд бид хангалттай өөрсөд дээрээ туршилт хийгээд харчихлаа шүү дээ. Тэгэхээр өөрт болон нийгэмд болж буй эерэг зүйлүүдийг олж харах ёстой. Тэрийг буцаагаад мэдээлдэг байх хэрэгтэй юм байна. Ер нь нийгмийн сэтгэл зүйд ийм онол байдаг. Эерэг зүйлийг би нэг хүнээс сонсоод хамгийн ихдээ гурван хүнд дамжуулна. Гурван хүн ихдээ нэг нэг хүнд дамжуулаад тэр мэдээлэл шингээд алга болдог. Харин сөрөг мэдээлэл яг геометр прогрессоор өсдөг. Би гурван хүнд хэллээ. Нөгөө гурван хүн тус тусдаа гурван хүнд хэлнэ. Мэдээлэл ингэж явдаг. Тийм учраас цуурхал, алдаатай худал мэдээлэл маш амархан тархдаг шүү дээ. Энэ чинь нийгмийн сэтгэл судлалын классик онолуудын үндсэн дээр 1950-иад оноос эхлээд батлагдаад ирчихсэн зүйл юм.

Би мэдээллийг яах гэж авч байна вэ гэдгийг эргэцүүлэх нь тун чухал. Энэ асуултыг бид өөрсдөдөө маш бага тавьдаг. Ирж байгаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүй авч л байдаг. Тиймээс мэдээлэлдээ шалгуур тавьж сурах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, шалгууртай мэдээлэл авахдаа энэ үнэн үү, худлаа юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй явж байгаа бүх мэдээллийг үнэн гэж хүлээж авах нь учир дутагдалтай. Тэгээд ч бүх мэдээлэл үнэн байх албагүй болчихоод байна шүү дээ. Тухайлбал, цахим орчинд хүн болгон сэтгэгдлээ бичдэг болчихлоо. Нэг хүний сэтгэгдлээс болж өөрийгөө хямраана гэдэг нь сэтгэцийн эрүүл мэндээрээ тоглож байна гэсэн үг.

-Хар бараан мэдээлэл дунд ажиллахаас өөр аргагүй хүмүүс байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагчид, хорих газрын харгалзагчид гэх зэргээр. Мөн зарим сэтгүүлчийг ч үүнд хамааруулах боломжтой. Эдгээр хүн сөрөг мэдээллийн эсрэг ямар хамгаалалт үүсгэх боломжтой вэ?

-Тодорхой хэмжээний сэтгэл зүйн дархлаа байх ёстой. Хувь хүн мэдээллийн шархнаас өөрийгөө хамгаалах хамгаалалттай байх учиртай. Хар бараан мэдээллийг авчихаад хямраад явах биш, тодорхой хэмжээгээр тэрийгээ гаргах хэрэгтэй. Гаргана гэхээр хэн нэгэнд очиж ярихаас илүүтэй мэргэжлийн хүмүүсийн туслалцаа авч болно. Өөрөө тэрийгээ бичиж тэмдэглэж болно. Магадгүй дасгал хөдөлгөөн хийж бухимдал, стрессээ тайлах боломжтой. Сөрөг мэдээллээс үүдэлтэй бухимдлаа үг яриа, үйл хөдлөлөөр гадагшлуулдаг. Ингэж өөрийгөө тайвшруулж, сөрөг зүйлээ гаргаж, блансалж байна гэсэн үг. Магадгүй сөрөг мэдээлэл, сэтгэгдэлтэй удаан явсаар байгаад тэрийгээ архи уусны дараа агсамнах, юм авч шидэх зэргээр буруу байдлаар гаргаад яваад байна. Үүнийг нь хүмүүс “наадахдаа юм хэлээд хэрэггүй”, эсвэл “энэ угаасаа ганц үг газар гээдэггүй юм, дуугүй өнгөрчихөж чадахгүй” гэж хэлдэг. Учир шалтгааныг нь ойлгодоггүй. Тэгэхээр мэргэжлийн туслалцаа авч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтантай ойрхон байж тэрийгээ хуваалцах, хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хийх зэргээр стрессээсээ ангижирч байх хэрэгтэй.

-Залуус үр хүүхдээ өсгөн бойжуулж өдий зэрэгт хүргэх гэж, мөн бусдаас гуйж амьдрахгүйн тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Ажил, амьдралын ачааллаас болж бухимдах, хоорондоо ам зөрөх, үр хүүхдэдээ анхаарал халамж сайн тавьж чадахгүй байх тохиолдол өнөөгийн нийгэмд элбэг. Тэгвэл аз жаргалтай амьдрах хамгийн энгийн зөвлөгөөг өгөөч?

-Сөрөг мэдээлэлд зарцуулах цагаа илүү гэр бүлийн чанартай цаг болгоосой гэж уриалмаар байна. Өөрөөр хэлбэл, гэртээ очоод утас “ухдаг”, эсвэл зурагтны удирдлага авч сувгууд сольж үздэг биш, амьд харилцаанд ороосой гэж хүсч байна. Үр хүүхдүүдтэйгээ ярьдаг, тоглодог байгаасай. Мөн тэднийг сонсоосой. Нөхөр, эхнэрийгээ үгүйсгэж зөрчилдөхөөс илүү юуг тэр хүн бодоод байна, юунд сэтгэл санаа нь эмзэглээд, юунд баярлаад байна гэдгийг анзаарч, амьд харилцаанд илүү анхаарал хандуулаасай. Илүү идэвхтэй амьдралын харилцааг чухалчлах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, ажил дээрээ ч гэсэн ийм хандлагыг хэвшүүлээсэй. Хамт ажиллагсадтайгаа найрсаг байж үгийг нь таслалгүй сонсдог, аргаддаг, чин сэтгэлээсээ ярилцдаг байх хэрэгтэй. Энэ болгон чинь биднийг амьд байна гэдгийг мэдрүүлдэг. Энэ нь бидний тархинд аз жаргал гэсэн мэдрэмжийг өгч байдаг. Бусдад тусладаггүй, хэн нэгнээс тусламж авдаггүй, нэг тийм хөндий харилцаанууд нь эцэстээ би юуны төлөө амьдраад байна вэ гэсэн мэдрэмжүүдийг түлхүү төрүүлдэг. Ингэснээр сэтгэл гутралд автах магадлал их. Өөрөөр хэлбэл, сэтгэл гутрал гэдэг нь өөрт байгаа сөрөг бодол дээр гаднаас авч байгаа сөрөг мэдээллийн үр дүнг нэмэхэд гарч ирж буй юм. Энэ байдлаас зайлсхийхийн тулд чанартай цагуудыг гэр бүл, ажил дээрээ ч сайн гаргах хэрэгтэй.

-Монголчуудын сэтгэл зүйчид хандах нь нэмэгдэж байна уу. Мэдээж өнөөгийн нийгмийн өнгө төрхөөс харахад ийм хэрэгцээ шаардлага байгаа нь ойлгомжтой байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн таван жилд сэтгэл судлаачид хандах хүний тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа, өсвөр насныхан, тэдний аав ээжүүд, хосууд, гэр бүлийнхэн зөвлөгөө маш их авч байна. Байгууллагууд хамт олноороо ирээд тогтмол сургалтад хамрагдаж, төрөл бүрийн байдлаар зөвлөгөө авах нь нэмэгдсэн. Энэ бол эерэг өөрчлөлт. Гэхдээ нөгөө талд, иргэд маань асуудал тулгарахад бусдаар шийдүүлэх гэсэн хандлага байсаар байна. Тэгвэл таны амьдралд сэтгэл судлаач, мэргэжлийн хүний үүрэг чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүн өөрөө ярьж байж, өөрийнхөө тухай юу болоод байгааг мэддэг. Үүнд нь сэтгэл судлаач нар гол туслагч нь юм.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *