Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Манай төр засаг гадны хөрөнгө оруулагчдын хувьцааны үнийг хэд дахин унагачихаад байгаа

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо 1990-ээд оны эхээр иргэн бүрт олгосон цэнхэр тасалбараа аль нэгэн үйлдвэрт оруулсан иргэний хувьцааны ашиг, орлогын бүртгэл бүрэн бүтнээрээ бий гэдгийг баталж байна. 158989 дугаарт мессэж бичээд цэнхэр тасалбарын талаарх мэдээллээ авч болох ажээ. Мөн Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэд ашиг нэхэж болно. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны талаар танилцуулна уу?

-Манай холбоо Монголын хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Анх 1995 онд брокер, дилерийн компаниудын санаачилгаар байгуулагдсан. 2010 оноос дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ эрс өссөн байдаг. Энэ үеэс манай улс дэлхийн анхаарлыг татаж, хөрөнгийн зах зээл нэлээд хөдөлгөөнд орсон юм. Тухайн үед хөрөнгийн зах зээл дээр ажилладаг гурван холбоо үйл ажиллагаагаа явуулж байсан. Бид ярилцаж байгаад нэг мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг учраас анхны холбоон дээр нэгдэн хамтран ажиллах шийдвэр гаргасан.

-Ямар үр дүн гарав?

-Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн найруулахад оролцсон. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын онцлог бол манай холбооны “өөрийгөө зохицуулах” гэсэн заалт юм.

-“Өөрийгөө зохицуулах” гэдгийг тайлбарлаач?

-Мэргэжлийн холбоод өөрийгөө зохицуулах эрхтэй болсноороо төрийн зарим чиг үүргүүдийг өөртөө авах болж байгаа юм. Жишээлбэл, мэргэжлийн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулах, мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах мэргэжилтнүүдэд эрх олгох, ёс зүйн дүрмийг батлах зэрэг ажлуудыг зохион байгуулах эрхтэй болно. Гишүүн байгууллагуудаар дүрмийг мөрдүүлэх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг хариуцна.

-Өнөөдөр манай хөрөнгийн зах зээл ямар түвшинд байна?

-Манай хөрөнгийн зах зээлийн тухай ярихад хүнд л дээ. Санхүүгийн зах зээлийн 95 хувь банкных. Хувийн хэвшлийнхэн санхүүжилт шаардлагатай болоход эхний ээлжинд банкинд дараа нь ББСБ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хандана. Өнгөрсөн хугацаанд банкуудын гаргасан зээл 13 триллион төгрөг. Гэтэл өнгөрсөн онд “Сүү”, “Лэнд.мн”, “Айтүүлс” гэх мэт компаниуд 20 орчим тэрбум төгрөгийг Хөрөнгийн бирж дээрээс босгосон. Эндээс хөрөнгийн биржийн өнөөгийн түвшин харагдаж байгаа биз дээ. Гэхдээ энэ нь хөрөнгийн биржээс мөнгө босгох боломж байгааг харуулж байгаа юм.

-Иргэд хувьцаа авахдаа баталгаа шаарддаг.

-2012-2016 оны хямралын жилүүдэд банкууд, компаниуд нэг зүйлийг сайн ойлгосон. Хямралаар эдийн засаг агшаад, зээлийн эргэн төлөлт буурдаг. Банкууд зээлээ буцаан авч чадахгүй, компаниуд өндөр хүүтэй зээлийн дарамтад ордог. Хэрэв хөрөнгийн зах зээл хөгжсөн бол хямралын эрсдлийг хуваах салбартай байх байсан. Үүнийг банкууд ойлгосон. Нөгөө талдаа компаниуд зөвхөн банкнаас өндөр хүүтэй богино хугацаатай зээл авах биш, урт хугацаатай хүү багатай мөнгө хөрөнгийн зах зээлээс босгох боломжтой гэдгийг олж харсан. Хямралын компаниуд хувьцаа гаргаж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосноор нь олны анхаарлыг татаж чадсан. Өнөөдөр бидэнд олон компаниуд хувьцаа, бонд гаргах талаар хандаж байна. Баталгааг компаниуд хариуцна шүү дээ. Таван тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад 40 тэрбум төгрөгийн захиалга орж ирж байна. Энэ нь компани мөнгө босгоод ашигтай ажиллана. Эргээд хэн хэндээ ашиг өгч чадна гэдэгт иргэд итгэж байгаа гэсэн үг.

-Хувьцааны давуу тал юу вэ?

-Монголчуудад нэг том дутагдал байдаг. Хамтрахаасаа өмнө өөрийгөө л болгочих гээд зүтгээд байдаг. Нэг нь байшин барихаар нөгөө нь зэрэгцүүлж бариад, хоёр байшин нь хоёулаа үнэгүйддэг. Нэг нь зуурмагийн үйлдвэр барихаар нөгөө нь дуурайгаад барьчихдаг. Зах зээлийн багтаамжаа тооцдоггүй. Гэтэл томоохон мөнгө босгоод нэг чиглэлд бодлого гаргаад бизнес хийдэг дэлхийн туршлага байна. Энэ нь хувьцаат компаниар хэрэгждэг. Дэлхийн үндэстэн дамнасан акул компаниуд хувьцаагаар том мөнгө босгож, том ашиг олдог. Энэ ашгаас нэг хувьцаатай, мянган хувьцаатай хэн ч ашиг хүртэнэ. Та талх, мах, барилгын үйлдвэр ашигтай гэж үзэж байгаа бол энэ салбарын компанийн хувьцааг худалдаж авахад ашиг олно шүү дээ.

-Хувьцаа гэхээр 1990-ээд оны эхээр иргэд, аваад сураггүй болсон цэнхэр тасалбар л санаанд ороод байна л даа.

-Одоогийнх ч хувьцаа. Тэр үеийн цэнхэр тасалбараар авсан хувьцаа ч хувьцаа мөн. Харин та яагаад тэр хувьцаа сураггүй болсон гэж үзэж байна.

-Олон хүмүүс тэр хувьцаагаа хаана байгааг мэдэхгүй гэж ярьдаг учраас.

-Тэр үед иргэд хувьцааны мэдлэг, мэдээлэл муутай байсан. Харин өнөөдөр хувьцааны тухай мэдлэг, мэдээлэлтэй иргэд олон болсон. Энэ тухай данс нээлгэж байгаа иргэдийн тооноос харж болно. Харин тэр цэнхэр тасалбараар авсан хувьцаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ашиг, алдагдлын түүхтэйгээ хадгалагдаж байгаа. Өгсөн өдрөөс өнөөг хүртэл таны тухайн үед авсан хувьцаа бий. 100 хувь Сангийн яамны харьяанд байдаг төрийн өмчит компани.

-Говь-Алтай аймгийн Тонхил суманд байгаа хүн заавал нийслэлд ирж, хувьцаагаа шалгах уу?

-Хэрэв тухайн үед цэнхэр тасалбараа өгсөн брокероо мэдэж байгаа бол шууд хандаж болно. Мэдэхгүй байгаа бол 158989 дугаар луу регистрийн дугаараа явуулаад таны хувьцаа одоо хаана байгааг мэдэж болно.

-Өнөөдөр төрд 20 их наяд төгрөгийн улсын үйлдвэр нэртэй өмчийн 80 хувь нь алдагдалтай ажиллаж байна гэсэн мэдээ бий. Энэ бүхнийг хувьцаанд шилжүүлж болохгүй юу?

-Бидний олон жил төрд тавьж байгаа санал. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд энэ асуудал маш том дэмжлэг болно. УИХ жил бүр хувьчлах төрийн өмчит байгууллагын жагсаалтыг гаргадаг. Харамсалтай нь Монгол шуудан компанийн 34 хувиас өөр хувьчлал явагдсангүй.

-Энэ хувьчлал ямар үр дүнд хүрэв?

-Монгол шуудан компанийн 34 хувийг олон нийтэд нээлтэй хувьцаагаар санал болгосон. Улсын үйлдвэрийн газрыг хувьчилбал ямар дүнд хүрдгийг энэ компанийн 34 хувийн хувьчлал баталсан. Монгол шуудангийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөлөл орж компанийн засаглал эрс сайжирсан. Жишээлбэл, анхдагч хувьцаа 180 төгрөг байсан жил зургаан сарын дараа 550 төгрөгт хүрчихлээ. Хувьцааны үнэ гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл анх оруулсан мөнгөө гурав дахин өсгөлөө. Хувьчлахад тэрбум төгрөгийн алдагдалтай байсан компани өнөөдөр тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Гэхдээ компанийн гуравны нэгийг хувьчилсан шүү дээ.

-Тэгвэл яагаад төр хувьчлалыг явуулахгүй байна?

-“Алдагдалтай ажиллаж байгаа компанийг хувьчлахаар хямд зарагдах гээд байна” гэдэг. Өнөөдөр алдагдалтай ажиллаж байгаа компани маргааш ашигтай ажиллах баталгаа бий юу. Гэхдээ хувьчлалыг нээлтэй, хар сэргүй явуулах ганц баталгаа нь хувьцаа гаргах байхгүй юу.

-Миний бас саяхан нэг шүүгчийн ХОМ дээр байгаа 1072 гэсэн тоо хувьцаа мөн үү, Таван толгойг хувьцаа гаргаж ашиглаж болохгүй юу?

-Таван толгойг хувьцаа гаргаж ашиглах маш их боломж бий. Иргэдэд өгсөн гээд байгаа 1072 ширхэг хувьцаа хууль зөрчсөн асуудал. Хувьцаа гэж өгчихөөд өвлөх, арилжих эрхгүй гээд заачихсан.

-Яагаад?

-Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар хувьцаанд ямар нэгэн хориг тавих заалт байхгүй. Гэтэл Засгийн газар 1072 ширхэг хувьцааг өвлүүлж, арилжиж болохгүй гэсэн тогтоол гаргасан. Энэ хувьцаа гараад найман жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд хичнээн хүн хорвоог орхисон бол. Тэд хууль бус заалтаас болж хэр хэмжээний хохирол хүлээв. Үүнийг хэн ч тооцохгүй байна. Тиймээс энэ хувьцаа байгаа. Үнэт цаасны хадгаламжийн төв дээр бүртгэлтэй байгаа. Хувьцаа гаргасан Таван толгой компани нь өөрөө л бүртгэхгүй байгаа юм. Өнөөдөр энэ компани ашигтай ажилласан мэдээ бий.

-Би хувьцааны ашиг нэхэх эрхтэй юу?

-Эрхтэй. Засгийн газрын өвлүүлж, арилжиж болохгүй гэсэн тогтоолын талаар хэсэг залуус шүүхэд хандаад байгаа. Удахгүй өөрчлөлт орох байх.

-Хувийн хэвшлийнхэн төр засагтай хамтраад хөрөнгийн зах зээлийн асуудлыг шийдэж чадах уу?

-Үнэнийг хэлэхэд хамтарч ажиллах бараг боломжгүй болсон. 2011-2012 онд гадны хөрөнгийн биржүүд манайд уралдаж ирдэг байсан. Манай Монголтой холбоотой 40 шахам компани гадны хөрөнгийн биржүүд дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компаниудын хувьцааны үнэ хэд дахин унасан. Ингэж гадны компаниудын хөрөнгө оруулалтыг хэд дахин үнэгүйдүүлчихээд байна шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчид ууртай байна.

-Яагаад?

-Төр засаг нь гаргасан хуулиа хэрэгжүүлэхгүй, хэлсэн амандаа хүрэхгүй болохоор зарим хувьцааны үнэ 100 дахин унасан байгаа. Зөвхөн гадныхан биш. Монголчууд ч найман жилийн өмнө гаргасан хувьцаагаа мөн бишийг нь мэдэхгүй. Ашиг шимийг нь хүртэж чадахгүй. Ашиг хүртэх нь бүү хэл өчнөөн хувьцаагаараа хохирчихоод сууж байгаа биз дээ.

-Хөрөнгийн зах зээл хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдчихвэл манай хөрөнгийн биржийн хүчин чадал, технологи, боловсон хүчин бэлэн үү?

-Хүнд л байна. Өнөөдөр XXI зуун. Бид утсан дээрээ нэг аппликейшн суулгаад л “Ленд мн”- зээл авч байна. Гэтэл өнөөдөр хөрөнгийн биржийн арилжаанд орохын тулд нөгөө л хуучнаараа брокер дээр ирж цаасан дээр гарын үсэг зурна. Нөгөө брокер, дилер нь цаасыг бариад цаашаа гүйнэ.

-Одоо яах ёстой вэ?

-Эхний ээлжинд банкуудыг дэмжсэн шигээ бодлогоор дэмжих хэрэгтэй. Дээр нь дүрэм, журмаа цэгцлэх хэрэгтэй. Нэгэнт мөрдөж байгаа дүрэм нь цаасан дээр гарын үсгээр баталгаажина гээд заачихсан болохоор бид яах ч аргагүй. Технологи шинэчилэхэд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа юм.

-Английн MIT гэсэн үнэтэй технологи оруулж ирсэн. Тухайн үедээ дэлхийтэй харьцах боломжтой гэсэн.

-Иж бүрэн систем байх ёстой. Гэтэл бирждээ зориулсан хэсгийг нь л оруулж ирсэн. Хөрөнгийн зах зээл гэдэг чинь цогц систем. Түүндээ нийцсэн технологитой байх ёстой. Биржийн арилжааны программ бол үнэхээрийн сайн. Гэхдээ бусад салбар нь түүнтэй дүйцсэн технологитой байх ёстой.

-Биржийн захирал болсон Алтай ажлаа өгөхөөрөө биржийг хувьчлах тухай, биржийн захирал болохоороо эсрэг юм ярьдаг гэсэн яриа байна.

-Алтай захирал биржийг хувьчлах нь зөв гэж үздэг. Хувьчлахгүй байгаа учраас ядахнаа багахан хэсгийг хувьчил биржид салхи оруулах хэрэгтэй гэсэн санааг буруу ойлгосон байх.

-Санхүүгийн салбарын захирлууд ихэнх нь улс төрийн намаас хараат байх юм. Жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч.

-Санхүүгийн байгууллагуудын удирдагчдыг улс төрөөс хараат байлгадаг нь өнөөгийн эдийн засгийн гамшгийг үүсгээд байгаа юм.

-Төрийн биржтэй зууралдахгүйгээр, хувийн бирж байгуулбал эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Бүрдсэн. Нэг хувийн бирж байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шинэ бирж учраас одоохондоо нэг бүтээгдэхүүнтэй байгаа. Гэхдээ бид багахан зах зээлтэй гэдгээ мартаж болохгүй. Өрсөлдөөний үр дүнд нэгж тодорч үлдэх байх. Төрийн өмчит бирж муу ажилбал хувийн хэвшилд орон зайгаа тавьж өгөхөөс өөр замгүй болно.

-Би өнөөдөр Рио тинто-гийн хувьцааг авах боломжтой юу?

-Боломжтой. Монголд гадагшаа арилжаа хийж байгаа таван брокерийн компани бий. Тэднээр дамжуулаад дэлхийн ямар ч хувьцааг авч болно. Та мөнгөө байршуулсан л бол хугацаа алдахгүй хувьцаа авч чадна.

-Эрх баригчдад хандаж танай холбооноос хэлэх санал байна уу?

-Нэгдүгээрт, Татварын багц хуулийн хэлэлцүүлэг явж байгаа тул хөрөнгийн зах зээлийг татварын орчноор дэмжээч гэсэн санал оруулж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг татахын бид Хонконгд ямар орчин байна. Тэр хэмжээнд аваачиж байж хөрөнгө оруулалтыг татна. Хувьцаанаас маш олон төрлийн татвар авдаг. Түүнийгээ багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувьчлалыг хөрөнгийн биржээр хийгээч гэдэг санал тавиад байгаа юм.

-Банкны хадгаламжийн хүүгээс татвар авах шийдвэр хувьцааны борлуулалтыг нэмэгдүүлсэн гэдэг үнэн үү?

-Үнэн.

-Юунаас болов?

-Мөнгөө банкинд хадгалуулснаас хувьцаа худалдаж авсан нь ашигтай гэдгийг мэдсэн учраас иргэд ийм шийдвэр гаргасан байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *