Categories
мэдээ цаг-үе

Б.Төрболд: Хүн өөрөө хичээвэл амжилтын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг

Монгол улсад сумо бөхийн сонирхогчдын ДАШТ болж өндөрлөсөн. Тус тэмцээнд үнэмлэхүй жинд өрсөлдөж, алтан медаль хүртэн, дэлхийн хошой аварга болсон Монгол Улсын тамирчин Б.Төрболдтой ярилцлаа.

-Монгол Улсад зохион байгуулагдсан Сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-д амжилттай оролцож, алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

– Сэтгэл өндөр байна. Энэ удаад Монгол Улсад маань сумо бөхийн сонирхогчдын ДАШТ болж өнгөрсөнд их баяртай байна. Би Япон улсад бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн. Ер нь хүн хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй байх ёстой. Тэрхүү хүсэл мөрөөдлийнхөө тавцан дээр бат зогсож, шантрахгүй, залхуурахгүй хүссэн хэмжээндээ барилдаж, зорилгодоо хүрч чадлаа. Дэлхий дээр хүн болж төрсөндөө төрсөн нутаг, аав ээж, гэр бүлээрээ бахархаж явна. Сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-нд Япон, Орос улсын бөхчүүд их хүчирхэг байлаа.

-Сумо бөхийн төрлөөр хэзээнээс барилдах болсон бэ?

-Анх 11 настайдаа Монголын Үндэсний телевизийн “Чка өдөр” нэвтрүүлэгт ангийнхантайгаа оролцсон юм. Тэр үеэр “Тэмүүжин” спорт зааланд ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт клубын Шийрэв багш намайг ажиглаж л дээ. Хүүе чи нааш ир гэж байгаад “Чи ер нь барилдах бие хаатай хүүхэд байна даа” гэж хэлсэн. Надад нэрийн хуудсаа өгөхөд тухайн үед нэг их тоогоогүй. Нэг өдөр Спортын төв ордон дээр шатрын дугуйландаа явж байтал Шийрэв багш маань ороод ирлээ. Тэгээд “Чи шатар тоглох хүүхэд биш ээ, барилдах л хүн байна даа” гээд аав ээжтэй маань уулзсан. Ингэж яваад 11 насандаа жүдогийн спортод хөл тавьсан юм. Шийрэв багш маань миний төлөө чин сэтгэл, зүтгэл гаргасанд их баярлаж явдаг.

-Бөхийн спорттой холбогдсоноор, ямар амжилт гаргаж байв?

-Жүдо бөхөөр 2005-2011 оны хооронд хичээллэж эхлэхэд нэг их амжилт гаргаж байгаагүй. Харин 2010 оны гуравдугаар сарын 26-нд анх Япон улсын Тоттори хотод Жохоку гэдэг сургуулийн биеийн тамирын, сумо бөхийн клубын багш, дасгалжуулагч Р.Гантөгс багшийнхаа удирдлагаар япон хэл сурч, анхны сумо бөхийн хичээлээ заалгаж байлаа. Энэ үеэс эхлэж тэмцээн уралдаанд их оролцох болсон. Анх 2012 онд сумо бөхийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль, багаараа хүрэл медаль хүртэж байсан. Харин 2014 онд Тайвань улсад зохион байгуулагдсан ДАШТ-д үнэмлэхүйд алтан медаль, багаараа хүрэл медалийн эзэд болж байлаа. 2015 онд Япон улсын ДАШТ-д үнэмлэхүй жинд хүрэл медаль, багаараа мөнгөн медаль авч байсан. 2016 онд ДАШТ-нд алтан медаль, багаараа мөнгөн медаль авлаа. Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн. Багийнхантайгаа хамт бэлтгэл сургуулилт хийж амжаагүй л дээ.

-Төрсөн нутаг, бага насныхаа тухайд яриач. Цаашдынхаа зорилгоос хуваалцахгүй юу?

-Би Төв аймагт төрсөн. Төв аймгийн Эрдэнэ суманд зургаан нас хүртлээ эмээдээ эрхэлж өссөн. Улаанбаатар хотод 33 дугаар сургуулийг 14 настайдаа төгссөн дөө. Сурагч байхдаа хичээлээ хэр хэмжээндээ сайн л хийчихдэг байлаа. Мөн аав ээждээ түлээ хагалж, худгаас ус аваад цай чанаж, хааяа хоол хийж, гэр орноо цэвэрлэж, тусалдаг байсан. Аав ээждээ дүүтэй болох хүртлээ их эрхэлдэг байлаа. 11 насандаа ах болж, ухаан сууж, аливаа зүйлийн наад цаадахыг ойлгож эхэлсэн. Харин аравдугаар ангиа төгсөөд Япон руу явсан. Би яагаад сумо бөхийн спортыг сонгож, зорилгодоо тууштай байна вэ гэхээр хорвоо дээр аав ээж, дүүгээ сайхан амьдрахыг харах л сайхан юм шүү дээ. Цаашдаа ч улам их амжилт гаргахын төлөө сумо бөхөөрөө барилдаж, дэлхийн тавцанд хаа хүрэх нь үү, эцсээ хүртэл явж, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөсөөр л байх болно. Хүн сайхан амьдарч, жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрч байвал жаргалтай амар тайван байдаг юм.

-Сумо бөхийн спортоор монголчууд дэлхийд гайхагдаж байна. Энэ талаар таны бодол?

-Ер нь хүн нэг завинд суугаад явахад хаа хүрэхээ өөрөө тодорхойлдог шүү дээ. Тиймээс сумогоор хичээллэх гэж байгаа хүн хамгийн гол нь өөрөө ялагдахгүй, залхуурахгүй байвал амжилт заавал ирдэг. Ямар ч төрлийн спортоор хичээллэсэн хүн өөрөө айхгүй, хойшоо суухгүй байвал бүх зүйл болоод явчихдаг юм. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг үг эзэн өөрөө хичээчихвэл амжилтын үүд хаалга нээлттэй байдаг юм шүү гэсэн утгыг агуулдаг.

Аав ээжийнхээ хэлж байсан сургамжтай үгнүүдийг байнга бодож явдаг. Харин аав ээжийнхээ төрүүлж өсгөсөн ачийг юугаар ч хэмжиж болохгүй, мөн үр хүүхдэдээ хэлж, зааж өгсөн зүйлийг нь тоолж баршгүй байдаг шүү дээ. Миний эцэг эх байгаагүй бол би өдий зэрэгтэй явж байхгүй. Намайг тусалж, дэмсэн бүх хүмүүст талархаж явдаг шүү.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *