Categories
мэдээ цаг-үе

Б.Цолмон: Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ

“Соёл Эрдэнэ- хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цолмонтой ярилцлаа.


-Юуны түрүүн танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Та хэдэн жил хамтлагтаа бөмбөрчнөөр ажиллав?

-Би 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн цохиур хөгжмийн ангийг төгсөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимд хуваарилагдаж очсон. Тэндээ жил тоглоод 1979 онд дуу хөгжмийн “Соёл Эрдэнэ” хамтлагт бөмбөрчнөөр орсон. Түүнээс хойш энэ хамтлагтаа тасралтгүй ажиллаж байна даа.

-Сүүлийн үед “Соёл Эрдэнэ” хамтлаг тоглолт хийж байна уу?

-Бүрэлдэхүүний хувьд учир дутагдалтай учир дангаараа тоглоход хэцүү л дээ. Олон сайхан хөгжимчин, уран бүтээлч найз нар маань тэнгэрийн оронд очжээ. Манай одоогийн бүрэлдэхүүн гэвэл том Жагаа нэрээр олны танил болсон гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, Ч.Насантогтох, нэрт дуучин дуучин Б.Баяр агсны хүү Б.Хонгор нар байна. Манайхаас үе үеийн олон сайхан уран бүтээлчид төрсөн. Алдарт гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий, гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан байна. Тиймээс том хэмжээний тоглолтод оролцоход тэд маань хамтардаг. “Соёл Эрдэнэ” хамтлаг Монголын рок попын анхдагч гэдгээрээ өнгөрсөн жил “Алдрын од” хүртсэн. Ер нь манай хамтлаг гурваас дөрвөн үед хуваагддаг, мянга гаруй уран бүтээлтэй. “Хүүш Дамдин”, “Тэмээн жингийн цуваа” гээд л олны танил болсон олон бүтээл бий. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ятгын дөрвөл гэж байлаа. “Цэнхэр залаа” хэмээх аялгууг тоглосноор нь хүмүүс сайн мэддэг.

-“Цэнхэр залаа” гэж нөгөө цаг агаар гарахад явдаг ая мөн биз?

-Тийм. Монголын ард түмэн түүнийг цаг агаарын ая гэж нэрлэдэг. Манай нэрт хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин С.Баатарсүх зохиосон. “Соёл Эрдэнэ” хамтлаг маань Ардын дуу бүжгийн чуулгын дөрвөн ятгачнаас үндэслэн байгууулагдсан түүхтэй. Тэр үед буюу 1970-аад оны эхээр анх “Цэнхэр залаа” аялгууг тоглож Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг.

-Яагаад энэ аялгууг “Соёл-Эрдэнэ” хамтлагаар тоглуулсан юм бол?

-Хөгжмийн зохиолч С.Баатарсүх маань манай хамтлагийнхантай найз байсан. Тэгээд л энэ аялгууг ятгаар тоглоё гэж ярилцсан юм шиг байна лээ. Монголын радио, телевизэд тэр үед энэ аялгууг цаг агаар гарахад явуулъя гэж шийдсэн бололтой. Энэ аялгуугаар “Учралын уянга” кино концерт, одоогийнхоор клип хийсэн байдаг даа.

-Таныг тус хамтлагт хөгжимчнөөр очиход байгуулагдчихсан байсан уу?

-1970 онд анх Ардын дуу бүжгийн чуулга дээр байгуулагдаад 1971 онд Улсын филармони бий болоход харьяанд нь очсон. Одоо нөгөө бөөн юм болж нураадаг Ахмадын байранд байрлаж байлаа. Албан ёсоор бол 1971 оны намар “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан гэж үздэг. Тэр үеийн Соёлын яамны сайдын тушаал гарч байлаа. Би бол 1979 онд “Соёл-Эрдэнэ”-д орсон. Байгуулагдсанаас нь найман жилийн дараа гэсэн үг. Надаас өмнө Гавьяат жүжигчин Жаргалсайхан бөмбөрчин байсан. 3-4 жил тоглоод сургуульд явсны дараа Хүрэлчулуун гэдэг бөмбөрчинтэй болсон. Удалгүй тэр ч сургуульд явж би орж билээ.

-Хараад байхад бөмбөрчин гэдэг бол нэлээд хүнд ажил шиг санагддаг.

-Бөмбөрчин бол аргагүй хүнд ажил. Хүний дөрвөн мөч хөдөлдөг, дээр нь дуу, чимээ, гэрэл гээд бүгд орно. Дээр үед Мэргэжлээс шалтгаалах өвчний диспансер гэж байсан. Тэндээс ирж хэмжилт хийгээд эстрадын бөмбөрчин бол хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн акт тогтоож 20 жилээр тэтгэвэрт гардаг болж байлаа. Сүүлд 1996 онд Бага хурлын шийдвэрээр түүнийг нь болиулсан.

-Бөмбөр тоглоход хүч шаарддаг уу, эв илүү шаарддаг уу?

-Хүч, эв, мэдрэмж аль аль нь шаардана. Ер нь бөмбөрийг их хүчээр тоглохгүй шүү дээ, хамгийн гол нь гарны техник, маш их мэдрэмжтэй байх ёстой. Мөн хэмжээ сайтай байх хэрэгтэй.

-Гадаадын алдартай хамтлагийн нэртэй бөмбөрчид олон байдаг. Та тэднээс хэнийг биширдэг вэ?

-Ер нь бол тэд бүгдээрээ их мундаг. Бүр багаасаа сургалтаар нь явчихсан байдаг. Харамсалтай нь манайд эстрадын бөмбөрчний анги гэж байдаггүй. Хөгжмийн коллеж, СУИС-д цохиур хөгжмийн анги байдаг. Тэр нь оркестрын цохиур хөгжимчин бэлддэг.

Интернэтэд ороод харахад гадаадад бол гурав, дөрвөн настай хүүхэд бөмбөр тоглож сурч байдаг. Сургалт нь байж байдаг, түүнд нь сурсан болохоор хүн өөрийнхөө мэргэжилд эзэн болдог шигээ жинхэнэ мэргэжлийн бөмбөрчид болдог. Манай бөмбөрчид бол бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Гадныхан мэргэжилдээ бүх амьдралаа зориулдаг. Би бол 1975 оноос DEEP PURPLE гээд хамтлагийг сонсдог байсан. Тэдний бөмбөрчинг үнэхээр шүтдэг.

-Та цохиур хөгжмийн анги төгссөн гэсэн. Тэгэхээр өөрөө сурч бөмбөрчин болсон гэсэн үг үү?

-Эстрадын бөмбөрчин гэдгийг өөрөө л сурсан, ёстой дуртай болохоороо. Тэр үед чинь бүх юм хаалттай байсан. “Beatls”, “Rolling Stones”, “Pink Ployd” хамтлагийн пянзыг сонсоод ямар мундаг юм бэ гээд л бодно. Бүр 1975 онд Хөгжим бүжгийн сургуульд сурч байхдаа том Жагаа, би, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, Н.Болд бид хэд хамтлаг байгуулж нэрнүүдийнхээ эхний үсгээр “ЖБЭС” гэж нэрлэж байлаа. Байгууллага болгон нэг хамтлагтай байсан үе. Гадаад явдлын яам хөгжимтэй байсан бөгөөд АНУ-д Элчин сайд байсан Чойнхор гуай биднийг их дэмждэг, аваачиж хөгжим дээрээ сургууль хийлгэнэ. Хичээлээ тараад тэнд очоод л сургууль хийгээд суучихна. Тэр үед манай том Жагаа анхныхаа дуу “Хүлээлт”-ийг зохиосон. Яагаав нөгөө

“Үдшийн тэнгэрт одод түглээ

Үзэсгэлэн гоо чи минь ирээч” гэдэг. Анх энэ дууг дуулж байлаа.

-Цахилгаан бөмбөр тоглоход өөр биз?

-Би цахилгаан бөмбөрийг муулж байгаа юм биш. Гэхдээ өнөөдөр дэлхийн ямар ч алдартай хамтлаг цахилгаан бөмбөрөөр тоглодоггүй. Тэр чинь хүрэнгүүт дуугарчихдаг, гэтэл бөмбөр гэдэг чинь хөгжим. Нюанс гэж юм байна, дотоод сэтгэлээсээ гарч байгаа юмыг түүгээрээ гаргаж байгаа шүү дээ. Амьд хөгжим сонсоно гэж хүмүүс яриад байдаг даа. Амьдаар тоглож байгаа хүний биеэс энерги ялгарч тэрийг нь үзэгчид хүлээж авдаг. Түүгээрээ л амьд тоглолт гэдэг өөр. Түүнээс биш бичлэг тавиад л сонсоод байж болно шүү дээ. Үүн шиг л амьд бөмбөр, цахилгаан бөмбөрөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл, ердийн бөмбөр дээр сэтгэлийн гуниг, хөөрөл гээд бүгдийг гаргаж болно.

-Таны мэргэжлийг өвлөн авч байгаа хүүхэд байна уу?

-Миний хүүхдүүдээс байхгүй. Айлын хүүхдүүд бөмбөр суръя гэдэг. Сурч байгаад үзэж харах юм их болчихсон тул өөрсдөө хамтлагт ороод явчихдаг. Гэхдээ олны танил болсон ч намайг багш аа гэдэг бөмбөрчид байна. “Никитон” хамтлагийн Золбоо, Батпүрэв гээд.

-Та тоглолттой, зав муутай гэж байсан. Хуучин хамтлагийхантайгаа цугтаа тоглолт хийж байна уу?

-Бид чинь дутуугаа гүйцээгээд дундарснаа нөхөөд том Жагаа, гавьяат жүжигчин И.Болоож, Бархас, хөгжмийн зохиолч УГЗ Х.Энхбаяр бид тав нийлээд л тоглодог. Их сонин, бүгд нохой жилтэй. Болоож, Бархас хоёр маань “Өргөө” хамтлагийг байгуулсан, олон сайхан дууг нь хүмүүс андахгүй. Бид тав нийлээд “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийнхаа дуунуудыг дуулдаг, хэд хэдэн газартай гэрээ байгуулчихаад ажиллаж байна.

Хөгжимдөө дуртай болохоороо л ингэж явна даа. Гадаадын мундаг бөмбөрчид чинь 78 настай хэрнээ л тоглож байдаг. Бид ч гэсэн тоглоод явна гэж боддог. Хамгийн гол нь ард түмэн маань биднийг сонсож байна гэдэг бидний уран бүтээл олон түмэнд хүрсэн гэсэн үг. Одоо дөнгөж 20 настайгаас эхлүүлээд 70 нас гарчихсан хүмүүс тоглолт дээр маань дуунуудыг дагаад л дуулдаг болохоор их гоё санагддаг.

-Та нарын залуу байхдаа дуулж байсан дуунуудыг одоо ч хүмүүс сонсох дуртай шүү.

-Тийм ээ, яагаад ингэдэг юм бол гэж бид боддог. Минийхээр бол хамгийн гол нь маш том цензурыг давж гардаг байсан. Монголын зохиолчдын хороогоор орж шүлгийг нь батална.

Тэнд чинь Э.Оюун гээд л мундаг хүмүүс шүлгийг үзнэ. Хөгжмийг нь Соёлын яамны уран бүтээлийн хэлтэс сонсч байна гээд С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав гуай гээд л томчууд ирж үзнэ. Тэд чинь шүүмжилнэ. Маш их шүүлтүүрийг давж гарсан тул 30-40 жил дуулагдсаар байна гэж боддог. Манай “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Тэмээн жингийн цуваа” гээд олон сайхан дуу бий. Түүнийг зохиосон гавьяат жүжигчин агсан Д.Галсанбатыгаа дурсмаар байна. Биднийг хөнгөн хөгжмийнхөн, барууныг дуурайдаг, урт үстэй, өргөн өмдтэй гээд л хамгийн түрүүнд шүүмжилдэг мөртлөө, баяр үдэшлэг болоход хамгийн түрүүнд аваачиж тоглуулна. 1990-ээд он гараад энэ хөгжим чинь залуучуудад үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг зөвшөөрүүлж манай рок попоос хамгийн түрүүн Д.Галсанбатад гавьяат жүжигчин цол олгож байлаа. 1992 онд бид шагналын найрыг нь хийж бөөн юм болж байлаа. Тэр үед гудамжнаас хүмүүс архи барьчихсан орж ирээд л баяр хүргэнэ. Манай Галсанбат энэ шагналыг авч үнэхээр булган сүүлтэй байсан. Түүнээс хойш рок попын олон уран бүтээлчид энэ нэр хүндтэй шагналыг хүртлээ.

-Ерөнхийлөгчөөс гавьяат жүжигчин цолоо авахад танд юу гэж хэлж байв?

-Би мөнгөөр хийсэн хуучин сүлдээ ковой зангиан дээр зүүсэн байсан. Ерөнхийлөгч тэрийг хараад “Хөөх чи ямар гоё юм зүүчихсэн юм бэ?” гэсэн. Би энэ нэр хүндтэй шагналаа авлаа. Миний бүх амьдрал “Соёл Эрдэнэ” хамтлагтай салшгүй холбоотой. Манай рок попынхон, хүмүүс их баяр хүргэж байгаад би маш их баяртай байна. Хөгжимчид дотроосоо авч байгаадаа бүр их баяртай байгаа. Би бол жирийн бөмбөрчин хүн. Бөмбөрчин гэдэг арын фонд л байдаг. Хөгжимчдийг төр маань үнэлж байгаа нь сайхан санагдсан. Уг нь бол Би Бадамын Цолмон, гэхдээ намайг хүмүүс “Соёл-Эрдэнэ”-ийн Цолмон л гэдэг. Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ. 1991 онд манай хамтлаг “Ямаха”-гаас зохион байгуулдаг дэлхийн шилдэг хамтлагуудын уралдаанд оролцсон. Дэлхийн 17 орноос ирсэн хамтлагууд оролцож “Будакан” цэнгэлдэх хүрээлэнд бөмбөрчид нээлтийн тоглолт хийсэн. Би түүнд оролцож Америк, Германы гээд мундаг бөмбөрчидтэй хамтран амжилттай тоглож билээ. Тэр тайзан дээр 1960-аад онд алдарт “Битлз” хамтлагийн Ринг Стар тоглож байсан гэж бодоод ихэд бэлгэшээсэн. Харин манай “Соёл Эрдэнэ” тусгай шагнал хүртэж байлаа.

-Та түрүүн би нэг юм хэлмээр байна гэсэн?

-Тийм ээ, энэ завшааныг ашиглаад Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нар Улсын филармони, СТӨ-нийхөн болон рок попынхондоо бүгдэд нь баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *