Categories
мэдээ цаг-үе

Б.Цэцэгмаа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр эмэгтэйд шийтгэл оногдуулсан

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ
ХОЛБООТОЙ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИХЭССЭН-

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалтыг “Premium” зочид буудалд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цэцэгмаатай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийллийн хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Танай дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага хэр их ирж байна. Ихэссэн үү, багассан уу?

-Манай улсад анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, улмаар 2017-оны хоёрдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр хаалттай хаалганы цаана үйлдэгддэг уг нуугдмал гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж, иргэдийн “эр эмийн хооронд илжиг бүү жороол. Айлын асуудал бидэнд ямар хамаатай юм бэ” гэсэн өрөөсгөл ойлголт үгүй болж энэ талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлдэг болж иргэний үүргээ биелүүлж эхэлсэн. Цагдаагийн хэлтэсээс шалтгаалан дуудлга мэдээлэл өөр өөр ирж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэ төрлийн дуудлага өдөрт 20 ирдэг. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн 2273 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй 2265 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг үйлдэгдсэн ба өнгөрсөн есөн сард хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Иймд Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах, байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, дуудлага мэдээлэл нэг бүрийг хуулийн хүрээнд шалгаж, шийдвэрлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

-Гэр бүлийн далд хүчирхийлэл яаж илэрдэг вэ. Далд хүчирхийлэлд өртсөн бол хэнд түрүүлж хандах ёстой вэ?

-Жишээ нь, нөхөр нь архи уучихаад шөнө ирээд унтуулахгүй байх, орилж чарлах юм авч шидэх нь бас нэгэн гэр бүлийн хүчрхийллийн далд хэлбэр болдог. бас эхнэр нь гэртээ шөлтэй хоол хийчихсэн байхад нөхөр нь орж ирээд “Би шөлтэй хоол идэхгүй, цуйван идэх ёстой байсан” гэдэг. Харин эхнэр нь нялх хүүхдэдээ хуурай хоолноос илүү шөлтэй устай шингэн хоол хийж өгөх шаардлагатай байсан. Нөхөртөө болон хүүхдэдээ давхар хоёр өөр хоол хийж өгөх цаг зав гардаггүй. Үүнээс болоод хэрүүл маргаан үүсдэг. Энэ бол сэтгэл зүйн дарамт, хүчирхийллийн нэг хэлбэр.

Иргэд хүчирхийллийг зодох, цохихоор илэрдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл зодохоос илүү гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүд байна. Сүүлийн үед ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийг тодорхой шторк болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсанаар гомдол мэдээлэл гаргах иргэдийн тоо ихэссэн.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хамгийн түрүүнд тухайн хорооныхоо хэсгийн байцаагчид хандах ёстой. Хэсгийн байцаагч болон нийгмийн ажилтанд хандаж болно. Энэ хүчирхийлэл өөрөө далд хэлбэртэй байдаг учраас хүчирхийлэгчийн гарт амь насаа алдах эрсдэл өндөртэй. Тийм учраас цаг тухайд нь гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллээ өгч байгаарай гэж хэлмээр байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг хамгийн түрүүнд шалгаж шийдвэрлэж ажиллаж байгаа.

-Ихэвчлэн юунаас болж гэр бүлийн хүчирхийлэл гараад байна?

-Гэр бүлийн буруу төлөвлөлт, ахуйн хүрээний архидалт, эцэг эх байх эрх үүргээ мэддэггүйгээс болон ажилгүйдэл их байгаагаас гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. үүнээс гадна эдийн засгийн хараат байдлаас болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч байгаа. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтөө сайн анхаарах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө авч болох бүхий л арга хэмжээг авах шаардлагатай. Яагаад гэвэл хүний амь настай холбоотой асуудал яригддаг учраас гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. дараа нь ойр дотны хүн, бусад хуулийн байгууллагад хандаж зөвлөгөө үйлчилгээ авах хэрэгтэй. Үүнийгээ иргэд өөрсдөө сайн мэдэж байх ёстой.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эрэгтэй хүнээс эмэгтэй хүн рүү чиглэсэн дарамт гэж ойлгох нь түгээмэл байдаг. Тэгвэл эмэгтэй хүний зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол хэр гардаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 98 хувь эмэгтэй хүмүүс байдаг. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр эмэгтэй шийтгэл авсан. энэ оны хувьд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тбб, нийгмийн халамжийн байгууллагуудад энэ төрлийн судалгаа байдаг. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол гэр бүл төлөвлөлт буруу хийснээс, эхнэр нөхрүүд хоорондоо ярилцдаггүй, ойлголцдоггүй, гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлийн орхигдуулчихсан учраас гэр бүлийн буруу хүмүүжил гэдэг зүйл өвлөгдөж, дахин дахин гараад байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан залууст гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хэрхэн зөв гэр бүл төлөвлөх вэ, эцэг эхийн үүрэг хариуцлагын тухай сургалтуудыг оруулж, мэдээлэл хүргэвэл дээрх зөрчлийг гаргахгүй байх, энэ хэрэгт хохирохгүй байх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Дээрх хэргийн бас нэгэн хохирогч нь хүүхэд байдаг. Аав ээж нь хоорондоо тэмцэлдэх, хүүхдийн дэргэд архидах тохиолдол байдаг. Үүнийг гэр бүлийн хүчирхийллийн хуулиар давхар авч үздэг үү?

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хүүхдийн эрхтэй холбоотой асуудал их гардаг.энэ тал дээр сурган хүмүүжүүлэгч, эцэг эх хариуцлага хүлээдэг. Хэрвээ хүүхдийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийн тухай хуулийн 6.20-д заасны дагуу торгох шийтгэл л оноодог. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ядуу, нэн ядуу орчинд үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хараат эсвэл санхүү эдийн засгийн хүртээмж дутмагаас үүдсэн хэрүүл маргаан, хүчирхийллүүд байдаг. Ийм байдлаас үүсч гардаг учраас тухайн хүчирхийлэгчийг хохирогчос тусгаарлахын тулд баричвлах шийтгэл эдлүүлдэг. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийг шалгаж шийдвэрлэхгүйгээр орхигдуулах тохиолдол эрх бүхий албан тушаалтнаас гардаг. Тиймээс энэ тал дээр өнөөдөр прокурорын байгууллагаас анхаарах асуудлаар оролцож байна.

-Тэтгэвэрт гарсан аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр зээл авахуулах нь гэр бүлийн хүчирхийлэлд орох уу?

-Орж болно. Өөртөө зарцуулах байсан тэтгэврийн мөнгө, эсвэл тэтгэврийн зээлийг нь өөрт нь хэрэгтэй зүйлд зарцуулдаггүй. үр хүүхэд нь өөрийнхөө хэрэгцээг хангадаг асуудал гомдол мэдээллээр болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар орж ирдэг. үүнийг цаг тухайд нь эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрлэдэг.

-Энэ тохиолдолд ямар ял шийтгэл өгдөг вэ?

-Хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах гэдэг зүйл ангиар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.Зөрчлийн тухай хуулинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд зөвхөн 7-30 хоногийн баривчлах шийтгэлтэй байдаг. Ямар нэгэн мөнгөн дүнгээр торгох ойлголт байхгүй.

-Тэгвэл 7-30 хоногийн дараа гарч ирээд давтан үйлдээд байвал яах вэ?

-Энэ тохиолдолд дээрх зөрчлөө давтан үйлдсэнд тооцож тухайн зөрчлөөрөө хоёр болон түүнээс дээш шийтгүүлсэн байх юм бол эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар ял шийтгэл оноодог.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *