Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Рок, попынхон асрамжийн газрын хүүхдүүд шиг л явж ирсэн

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 30 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр 16 хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлжээ. Түүний амжилтуудаас дурдвал: Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон, монголын хамгийн анхны цомгийг гаргасан, эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны 3 дугаар сарын 8-нд зохион байгуулжээ. Мөн “Зүүдний говь” анхны цомог нь гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан байна.

Түүний тухай: Сэтгүүлч Б.Ганчимэг: Би Сараатай хамгийн олон ярилцлагыг хийсэн байдаг. Дахин дахин уулзахад асуух асуулт олдохгүй хэцүү байдаг уу гэж байна. Мэдээж бэлдэх хэрэгтэй. Гэхдээ уулзах болгонд Сараа маань ямар нэг мессеж нийгэмд шидчихсэн байдаг. Дээр үед дуунууд их томоотой байсан. Үгийн хувьд их даруухан. Харин Сараа бол тэсрэлт хийж янз бүрийн дуу дуулж эхэлсэн. Жишээ нь: Сэхүүн салхи, Тэнэг ялааны дууль, Би жаргалтай ч гэх юм уу…

Сараа бол ярилцлага хийхэд асуудлаас хол байгаагүй, эрсдлээс айгаагүй баатар юм. Хэзээ ч ярилцлагад үгүй гэж хэлж байгаагүй. Бид хоёр ямар нэг уран бүтээлийн сурталчилгаанд зориулж ярьж байгаагүй. Би бас нохой жилтэй. Бие биендээ амархан буулт хийж өгөхөөргүй улсууд. Гэхдээ л ойлголцох түвшин байдаг юм. Асууж байгааг ч ойлгохгүй байгаад байдаг хүн байдаг шүү дээ. Тийм биш хамгийн сонирхолтой зочин учраас, амьдрал нь ард түмний нүдэн дээр байдаг учраас амар. Харин яаж сэтгэл санааных нь ньюанс дээр тааруулах уу, логикоо хаана байрлуулж хааш нь өрөх үү гэдэг бол сэтгүүлчдийн тактикийн асуудал шүү дээ.

С.Ононбат: Ааштайгийн хувьд ааштай. Соло карерь хийгээд эхэлсэн л бол хүний аманд багтаж болохгүй. Өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Ямар юм дуулах гэж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Энэ бол их авууштай чанар юм. Бид хоёулаа нохой жилтэй болохоор хоорондоо их арзалзана. Их олон юман дээр сайндаж муудна. Гэхдээ бүгд л уран бүтээлийн төлөө байдаг болохоор гомдох зүйл байхгүй.

Ингээд Б.Сарантуяатай ярилцсанаа хүргэе.

– Та гучин жилийнхээ тоглолтоо хийх гэж байна. 30 жил ер нь хэр хурдан өнгөрдөг юм болоо?

Нэг мэдэхэд л 30 жил болдог юм байна. Би ерөөсөө үүнийг төлөвлөж бодож байгаагүй. 10 жилийнхээ тоглолт дээр охин маань төрөөд дахин нэг үе уран бүтээлийн үе эхэлсэн гэж боддог. Тэр үед яаж хоёр дахь Сараагаа бүтээх вэ гэж бодож эрэл хайгуул хийж байтал Балхаа ах маань “Тэр намайг дурсдаг болов уу” дууг өгсөн. Дуучин хүн гэдэг шинэ дуу авахаараа даль жигүүр ургадаг. 1994 онд бие даасан тоглолтоо хийе гэж бодоогүй байсан. Ганцаараа юм хийнэ гэхээр сэтгэл нэг л дундуурхан гэртээ орж ирсэн. Гэтэл Бадарч ах арктай байрлуу орж ирээд “Сараа чамд дуу зохиочихлоо” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би удахгүй тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл энэ дуугаар чинь концертоо нэрлэчихье гээд “Сэтгэлийн үг” гэж анхны бие даасан тоглолтоо нэрлэж байсан. Манай рок попод мэдэхгүй явж байгаад 30 жилээ өнгөрөөчихсөн хүмүүс байна. Хүн чинь анзаарахгүй явтал нэг мэдэхэд 32, 35 жил болчихсон байдаг юм байна. Аз болж бид тоолоод 30 жил өнгөрөхөөс нь өмнө ойдоо бэлтгээд CD-гээ гаргаад тоглолтоо зохион байгуулж чадлаа. Энэ утгаараа 30 жил хурдан өнгөрөөгүй, мэдэгдэхгүй өнгөрсөн байж магадгүй.

Сүүлийн 10 жил надад их хүн байсан. Уран бүтээлийн зааг ч юм уу, хүлээн зөвшөөрөгдөөд тогтоно гэдэг маш хэцүү. Байнга дуулаад мундаг байж байдаг хүнийг чинь хүмүүс “Аа энэ нэг юм байж л байдаг юм” гэж боддог ч юм уу. Манайхан чинь сайхан болж байна, болж байна гэж дуулуулчихаад гараад явахаараа “Аа энэ нэг юм буугаасай” гэдэг үзэгчид ч байдаг, сэтгүүлчид ч байдаг. Би тийм байя гэж бодоогүй учир хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байя гэж бодсон. Эргээд харахад 30 жилд 21 цомог хийчихсэн байна. Энэ бол бахархалтай. Дайнд явсан дайчид медалиа шажигнуулдаг бол би CD-гээ шажигнуулмаар байна.

– Шинэ албан тушаалд томилогджээ. Цаашдаа яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

Манай рок попынхон эзэнгүй айл шиг л явлаа. Ер нь бол хатуухан хэлэхэд асрамжийн газрын хүүхдүүд шиг л явж ирлээ шүү дээ. Орох орон, ордон байхгүй. Манайхан өөрсдөө л том том хаус түрээсэлж уран бүтээлээ туурвиж байна. Бид 30 жил дээрээ даргагүй хэрнээ сайн дурааараа өглөө босоод л, өөрөө өөртөө ажил хийгээд л, өөртөө оффис гаргаад, төлөвлөгөө гаргаад явж ирсэн байна. Их сонин байгаам шүү. Төр засаг хөнгөн хөгжмийн салбараа анхаармаар байгаа юм. Хөнгөн хөгжим гэхээр л хөнгөхөн ханддаг юм шиг байгаа юм. Тэгэхээр бас даацтай, ул мөртэй хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

Урлагийн зах зээлийн бодлогыг төрөөс зохицуулах ёстой байтал зохицуулдаггүй. Тийм учраас хаостичиский буюу замбараагүй үйл ажиллагаа болчихоод байна. Энэ замбраагүй байдал бол маш хүнд байсан. Хөгжмийн менежмент, зах зээл судлаач нарыг төрийн тэтгэлгээр сургамаар байна. Би хүртэл явж сурмаар байна. Найруулагчаар ч юм уу. Ийм мэргэжилтнүүд маш их дутагдаж байна. Би үнэтэй машин худалдаж авахын оронд 35 мянган доллараар “Аргагүй амраг” цомгоо бичүүлсэн. Дараа нь зөндөө санхүүгийн асуудалд орсон хэрнээ одоо болтол ард түмний маань сэтгэл зүрхэнд энэ цомог байдаг гэхээр би зөв газраа оюуны хөрөнгө оруулалт хийж дээ гэж боддог. Би сүүлийн зоосоо ч уран бүтээлдээ зориулдаг. Бид өөрсдөө оюуны өмчийг үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй.

Өнөөдөр 30 жил дуулсан хүн санхүүгийн ямар ч баталгаагүй байхад гуравхан жил дуулсан хүн ямар байх вэ. Уран бүтээлчдийг маш их мөлжиж байна. Оюуны өмчийг үнэлэхгүй байна. Hi Tone дээр ийм их дуу нь бүртгэлтэй хүн элбэг амьдрах ёстой биз дээ. Гэтэл тэгж чадахгүй байна. Дээд, доод шатандаа уран бүтээлчдийг маш их мөлжиж байна. Миний уран бүтээлийг дэмжиж ирсэн бүх спонсорууддаа мөргөе. Төр засаг харахгүй байхад биднийг дэмжиж ирсэн тэдэндээ баярлалаа гэж хэлье. Тайзан дээрээ элдэв лед дэлгэц энэ тэр тавьж мөнгө зарж байхаар удирдаач даа өгмөөр байна шүү дээ. Тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хиймээр байна шүү дээ.

-Дараагийн 30 жилээ та яаж төсөөлж байна вэ? Таны дуунууд амьдралтай тань холбоотой байдаг уу?

-Бид олон жил дуулснаараа маш их хариуцлага хүлээж байгаа. Бид энэ үүргээ ухамсарлах ёстой. Дараагийн 30 жил гэдэг бол тэмцэл байна. Мөн тэвчээр, ухаарал, нигүүлсэл байна. Би хэдэн жил дуулна, дуулахгүй гэж ярихгүй. Дуулахаа хүрвэл дуулна. Болихоо хүрвэл болино. Энэ бол миний эрх. Ямар ч байсан энэ 30 жилээ бол нижгэр тэмдэглэнэ гэж бодож байгаа. Дуучныг хамгийн хэцүү үед нь дэмжиж байдаг хүмүүс бол үзэгчид шүү дээ. Жишээ нь тасалбарыг худалдаж авч байна. СD-г нь худалдаж авч байна. Бас нууцаар сонсож явдаг хүмүүс ч байдаг. Миний дууг сонсох дуртай хүмүүс маань тоглолтыг маань ивээн тэтгэдэг гэх мэтчилэн олон фенүүд байна. Урилгыг маань хүлээн авчихаад өөрсдөө ирэхгүй зарах тохиолдол гардаг. Тэгээд ирэхгүй болохоор хамгийн гоё суудлууд нь эзэнгүй торойгоод их муухай харагддаг. Мөн миний гаргасан дуунуудыг хүмүүс миний амьдралд тохиолдсон зүйл гэж боддог. Энэ бол маш буруу. Бид жүжигчин хүмүүс шиг л яруу найрагчийн зохиосон шүлгийг л дуулдаг. Тэр болгоныг надад тохиолдсон гэж үзэж болохгүй. Би нэг ч хүнд надад ийм зүйл тохиолдоод байна. Надад нэг дуу зохиогоод өгөөч гэж хэлж байгаагүй. Жишээ нь: “Би жаргалтай” дууг Цэнджав гуай Америкт байхдаа үгийг нь зохиосон гэдэг. Тэрийг хэнд зориулсан гэдгийг нь тэр хүнээс л асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн “Уучил” дууг маань Булган зохиосон. Тиймээс тэр дууг яагаад зохиосныг түүнээс асуух нь л зөв болов уу. “Уучил” дуугаа юу ч мэдэхгүй жоохон хүүхэд байхдаа дуулсан. Тэгэхээр надад ойлгоход их хэцүү байсан. Гэхдээ л дуулсан.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *