Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүхийн Засгийн газарт хийсэн ажил, гийгүүлсэн гавьяа гэж алга

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Дүн өвлөөр Ардчилсан намынхан жагсаал зохион байгуулах шаардлага байсан юм уу. Зарим хүмүүс АН-ынхан өөрсдөө 2012-2016 онд ямар байсан билээ. Ичээсэй ч гэж байна. Жагсаал хийгээд юу өөрчлөгдөх юм бэ?

-2012-2016 онд Ардчилсан намын хийж бүтээсэн зүйлд ард түмэн эерэг дүн тавьж ирсэн. Харамсалтай нь нам дотроо эв нэгдэлгүй, хүлээн зөвшөөрч чаддаггүй байдлыг нь ард түмэн шүүмжилж 2016 оны сонгуульд хариуцлага тооцсон. Хариуцлага тооцсон учраас өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг есөн гишүүнтэй цөөнх болчихоод сууж байна.

Өнөөдөр нэг зүйлийг ярих цаг болсон. МАН төрийн эрхэнд гараад нэг жил долоон сар боллоо. Тэд энэ хугацаанд Ардчилсан намын 2012-2016 онд хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэн, харлуулж улс төр хийж ирсэн. Өнөөдөр ч гэсэн тийм л байна. Өөрсдийн түүхийг бүтээж чадахгүй бидэн рүү дэмий шүлсээ үсчүүлж байгаа л даа. Энэ хугацаанд тэд ямар ч сайн өөрчлөлтийг хийж болохоор байсан. Тэд иргэдийн амьдралыг сайжруулах зүйл юу хийсэн бэ. Үүнийгээ ярих цаг болсон.

2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай”, “Дим Сам” зэрэг бондыг босгож хоёр тэрбум орчим ам.доллар авсан. Гэтэл өр нэмэгдүүлэхгүй гэж хамгийн их хашхирч гарч ирсэн МАН-ынхан нэг жил долоон сарын хугацаанд 2.3 тэрбум ам.долларын зээл авчихсан байна. Гэсэн ч энэ хугацаанд ганц барилга ашиглалтанд оров уу. Нэг км зам тавигдсан уу. Энэ 2.3 тэрбум ам.доллараар тэд юу хийчихэв ээ. Газрын гаваар оруулсан энэ ам.долларынхаа асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ. Хариуцлагаа хүлээгээд цөөнх болчихсон намын асуудлыг ярихаа болиод нэг жил долоон сарын засаглалаа ярь.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Саяхан 100 хоногийн тайлангаа тавьж байна лээ. Засаг солигдсоноор асуудал нааштай шийдэгдсэн үү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн 30 ажил гээд тайлан гаргасан байна лээ. Энэ тайланд туссан гээд байгаа 30 ажлын дийлэнхийг нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хийчихсэн байсан. Шинэ засгийн тайлан дээр С.Зоригийн хэргийг илрүүлсэн гээд биччихсэн байна лээ. Энэ Засгийн газарт огт хамаагүй. Тэд 100 хоногт ямар ажил хийснийг хэлээд өгье.

Засгийн газар шинээр байгуулагдаад баахан томилгоо хийсэн. 2017 оны төсвийн тодотголыг хийж сайд нартаа 499 тэрбум төгрөгийг нэмж авсан. Мөн 2018 оны төсвийг батлуулсан. Ингэхдээ маш их үргүй зардлыг төсөвт суулгасан. Ард түмний төлсөн татварыг халамж хэлбэрээр үнэгүй цацаж эхэллээ. Үүнээс өөрөөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт хийсэн ажил, гийгүүлсэн гавьяа гэж алга.

-Шатахууны хомсдол, татварын нэмэгдэл гээд иргэдийн бухимдал дээр үнэтэй жийп машинаас эхлээд тос нэмэх зүйлс байх юм…

-Ардчилсан намын бүлгээс төсвийн үрэлгэн байдал дээр хяналт тавих, ямар асуудлууд тулгарсан байгааг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг нь би ахалж байгаа. Үргүй зардал асар их байгаа гэдгийн наад захын ганц жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн машинаас харагдана. 2018 оны Хууль зүй, дотоод хэргийн яам болон жийп худалдаж авсан гээд байгаа ШШГЕГ-ын төсөв дээр ч тэр 360 сая төгрөгөөр авто машин авах мөнгө огт суугаагүй. Үүнийг ямар эх үүсвэрээс авчихав, хаанаас энэ зарцуулалтыг хийсэн бэ гэдгийг шалгаж байна.

Татварын нэмэгдэл дотор приус машины татвар орсон. Жирийн бизнес эрхэлж, ажил хийдэг хүн приус аваад унъя гэтэл татварыг нь таван сая төгрөгөөр нэмчихсэн. Энэ чинь дарамт байхгүй юу. Харамсалтай нь тэдний төлсөн татварын мөнгө нэг сайдын тансаглал болж байна л даа. Тиймээс манай ажлын хэсэг үргүй зардлуудыг хянана. Бид нэг зүйлийг хатуу анхаарах ёстой.

-Юуг анхаарна гэж?

-УИХ-ын гишүүд шүүгч нар биш. УИХ-ын гишүүд хэн нэгний гэм буруутайг шүүдэггүй. Ажлын хэсгийн дүгнэлтээрээ бид хэн нэгнийг буруутгахгүй. Үнэхээр буруутай бол хуулийн байгууллагаар нь шалгуулна. Түүнээс биш УИХ-ын гишүүд ажлын хэсэг гаргаад Монголбанк руу орж дүгнэлт гаргаад түүнийгээ нууцалж байлгаад хүмүүсийг шантаажилдаг шиг тийм зүйл рүү явахгүй. Үүгээрээ бид МАН-ынхнаас ялгаатай.

-Засгийн газар А-80, АИ-92 бензиний онцгой албан татварыг тэглэсэн. Гэсэн ч автобус, портер, микроноос эхлээд иргэдийн ихээр зорчдог тээврийн хэрэгслийн “хоол” болох дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэнгүй хэмээн бухимдаад эхэллээ. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол зөв байсан бэ?

-Шатахууны зохиомол хомсдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл Засгийн газар өөрийн авах ёстой арга хэмжээгээ оройтуулан авснаас болж ийм нөхцөл байдал үүссэн. 2007 онд Их хурал тогтоол гаргаад нефтийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралтаас шалтгаалан онцгой албан татварыг зохицуулах эрхийг Засгийн газарт өгсөн. Гэсэн ч Засгийн газар уг онцгой эрхээ эдлэхгүй байсаар өдийг хүргэсэн. Гэхдээ ОУВС онцгой албан татварыг бууруулахыг дэмжихгүй байна гэдэг зүйл ярьж байсан. Маш олон хүний уур бухимдал дээр тоглосон. Бензиний үнийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Сая бензиний үнэ нэмэгдэнгүүт дэлгүүрүүд бараан дээрээ үнэ тавихаа больчихсон байсан. Өнөөдөр үнэ өсдгөөрөө өсчихсөн. Харамсалтай нь онцгой албан татварыг зохицуулах эрхээ Засгийн газар эдлэхгүй байсаар байгаад ОУВС-тай хэлэлцээр хийхийнхээ урд өдөр Засгийн газраа хуралдуулаад А-80, АИ-92 зэрэг бензиний онцгой албан татварыг буцаагаад тэглэсэн. Өөрсдөд нь байсан боломжийг ашиглахгүй байсаар байгаад нийгмийг бухимдалд автуулсан.

Засгийн газар дизель түлшний онцгой албан татварыг буулгаагүй. Гэтэл баруун аймаг руу очдог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг дизель хөдөлгүүртэй том ачааны машинаар тээвэрлэдэг. Тээвэрлэлтийн нэмэгдсэн зардал дээр нь бензиний үнийн нэмэгдэлтэй холбоотой бараа бүтээг-дэхүүнээ өндөр үнээр авч байна. Баруун аймагт амьдарч байгаа гээд тэр иргэд хохирох ёстой юу. Тээврийн үнэ нэмэгдэхээр барааны үнэ өсч байгаа. Дизель түлшийг иргэд ялгаагүй өргөн хэрэглэдэг. Үүнийгээ адилхан буулгах ёстой.

-Ер нь ард түмэн байнга хохирч үлдэх юм. Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газрын буруутай үйл ажиллагааны хохирогч нь яагаад ард иргэд байх ёстой юм бэ. Өнөөдөр (өчигдөр)-ийн жагсаал өргөн хүрээг хамарсан. Хэд хэдэн нам оролцлоо. Хэдэн арван ТББ, 30 иргэн жагсаалд оролцсон. Монгол Улсын 21 аймагт 30 мянган хүн мөн жагслаа. Ойрын үед ингэж олныг хамарсан жагсаал болоогүй. Цаашид бид буруутай бодлогын эсрэг явна. Жагсана.

Засгийн газарт гурван төрлийн шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоо. Хоёрдугаарт, утааны эсрэг арга хэмжээ ав. Гуравдугаарт, татварыг бууруул гэсэн юм. Гэтэл тэд ганц татварыг бууруулах тухай ярьж байна. Тэд бидний тавьсан шаардлагыг дордохын долоон хувиар биелүүллээ гэсэн үг. Тиймээс бидний шаардлага дуусахгүй, зогсохгүй. Бидний дараагийн шаардлага нь Засгийн газар яаралтай асуулга оруулж ээлжит бус чуулган зарлаж татварыг бууруулах асуудал. МАН-ыг анхны амлалт, мөрийн хөтөлбөрөө эргэж санатал нь явна. Ингэх юм бол тодорхой хэмжээний шаардлагын хариугаа авсан гэж үзнэ. Шаардлага биелүүлэхгүй, дордохын долоон хувьтай байх юм бол дараа дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэрт шилжинэ.

-МАН-ын 17 гишүүн Засгийн газраа огцруулахаар зэхэж байна гэдэг мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдээлэл байна уу…

-Одоогоор мэдээлэл алга. Гэхдээ ард түмэн “Ажил хийхгүй байгаа Засгийн газар огцрох ёстой”, “Хариуцлагагүй Их хурал тарах ёстой” гэдэг дээр иргэд байр сууриа нэгтгэсэн байна. Иргэд үнэхээр бухимдалтай байгаа. Тухайлбал, энэ Их хурлыг тараана. Ямар ч чадамж алга гээд гарын үсэг цуглуулах юм бол би хамгийн түрүүнд гарын үсгээ зурахад бэлэн байна. Бид өөрсдөөсөө эхэлж хариуцлага тооцож байж чадамжтай төрийг бий болгоно. Төр чадавхитай болсноор иргэдийн итгэлийг дааж эхэлнэ.

-Их хурлыг тараах эр зориг гарах уу, гишүүдээс. Их хурлын гишүүн болох гэж бас л зовдог шүү дээ…

-Надад тийм иргэний эр зориг бий. Намайг Гадаадын иргэн харьяат, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхад миний албан тушаалыг булааж авахыг тулд АТГ дээр зохиомол гомдол гаргаж түүний дагуу шалгаж байсан. Маргааш нь би өргөдлөө өгөөд ажлаа өгч байгаад шалгуулж байсан л даа. УИХ-ын гишүүн хэмээн өндөр нэр хүндээсээ татгалзаж, дахин сонгууль явуулахыг би дэмжинэ. Төрийн нэр хүнд ийм байхад, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байхад би Төрийн ордонд суугаад байх нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байна.

-Засгийн газрыг огцруулахаар 17 гишүүн байгаа гэсэн. Тэдэн дээр нэмэгдээд гишүүд чуулганы хуралдаанаар огцруулна гэх юм бол та дэмжих юм байна, тийм үү. Засаг солигдоод нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-У.Хүрэлсүх асар их хүлээлт дээр Ерөнхий сайд болсон. Засгийн газрын тэргүүнээр томилогдохдоо амиа алдахаас ч айхгүй энэ тэр гээд ард түмнийг сүржин үгээрээ татаж чадсан. Тэр өндөр хүлээлтэнд нийцэх ажлыг Хүрэлсүхийн Засгийн газар хийсэнгүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй.

Тиймээс Засгийн газрыг шахаж ажиллахын тулд гишүүд нэгдээд Засгийн газрыг огцруулна гэвэл би дэмжээд явна. Харамсалтай нь манай АН есөн гишүүнтэй. Засгийн газрыг огцруулах саналыг оруулахад 19 гишүүний гарын үсэг шаардлагатай. Тиймээс Ардын намынхан илүү эрч хүчтэй Засгийн газар хэрэгтэй гэж үзвэл бид дэмжихэд бэлэн байгаа.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *