Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Оюунтуяатай ярилцлаа.
-Томуугийн идэвхжил эхэлж байна. Томуу, томуу төст өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэр нь гурван янз байдаг. Амьсгалын дээд замын халууралтгүй хөнгөн хэлбэр, халууралттай томуу, томуу төст өвчин, хүнд ба хүндрэлтэй томуу гэсэн гурван үндсэн хэв шинжээр илэрч байдаг. Амьсгалын дээд замын халууралтгүй хөнгөн хэлбэр нь халуурах, нус гоожих, ханиалгах, хоолой сөөх зэрэг амьсгалын дээд замын шинжүүд илэрнэ. Халууралттай томуу, томуу төст өвчний үед хүүхэд өндөр халуурна. Хүнд ба хүндрэлтэй томуу нь түргэн даамжрах явцдаа уушгины үрэвсэл амьсгалын цочмог дутагдлын хам шинж, хүчил олон эрхтний дутмагшил зэрэг шинж тэмдгүүдээр хүндэрч, илэрч байдаг. Бусад хүндрэл нь нянгийн хоёрдогч халдвар бөөрний дутмагшил, амьсгалын замын архаг өвчин сэдрэх зэрэг шинж тэмдгүүдтэй. Өвчин хүндэрч байгааг илтгэх шинжүүд нь хүчилтөрөгч хангамж муудаад зүрх, уушгины дутмагшлын шинжүүд, төв мэдрэлийн тогтолцооны шинжүүд буюу хүүхэд ухаан алдах, толгой эргэх, татах зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг. Хоёрдогч нянгийн халдвар усгүйжих, хүнд усгүйжих буюу шээсний гарц багасах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Аль үед нь гэрээр эмчилж болох, аль үед нь эмчид хандах ёстой вэ?
-Халууралтгүй хөнгөн хэлбэрийн үед түүнийг гэрээр эмчилж болно. Эхлээд өрхийн эмчдээ үзүүлээд эмчийн заавраар бичиж өгсөн эм эмчилгээг хийж болно. Харин хүнд болон хүндрэлтэй томууны үед хоёрдогч нянгийн халдвар илрэх үед эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх нь зүйтэй.
-Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
-Шингэн зүйл маш сайн уулгах хэрэгтэй. Томуугийн халдвар тусахаас сэргийлэх ганц найдвартай арга бол вакцин. Ялангуяа 2-5 нас хүртэлх хүүхдүүд, 65-аас дээш настай хүмүүс, жирэмсэн эхчүүд томуугаар хүндрэх эрсдэл өндөр. Тэгэхээр томуугийн вакциныг хийлгэвэл сайн. Амны хаалтыг заавал зүүж байх шаардлагатай. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар явахдаа байнга масктай байх. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой идэвхжил нэмэгдэх магадлалтай. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ явуулахгүй байх, ханиаж найтаахдаа амны цаас, алчуур заавал хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Мөн спиртэн суурьтай ариутгагчийг хэрэглэж байж болно. Улиралдаа тохируулан дулаахан хувцаслах нь зүйтэй. А, С амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх, сайн унтаж амрах, гэр ажлын өрөө тасалгаандаа зориулалтын агаар шүүгч хэрэглэж хэвших, чийгтэй цэвэрлэгээг ойр ойрхон хийж байх нь зүйтэй.
-Эцэг, эхчүүд хүүхдээ эмчид үзүүлээд эмч эмчилгээ бичиж өгөөд тэд хоногийн дараа давтан үзүүлээрэй гэдэг. Зарим эцэг, эхчүүд давтан үзлэгт хүүхдээ үзүүлдэггүй. Үүнээс болоод үүсэх эрсдэл нь юу вэ?
-Ерөнхийдөө эмч нар эмчилгээ бичиж өгөөд 3-5 хоногийн дараа давтан үзүүлээрэй гэдэг. Давтан үзлэгт сайн хамрагддаг. Гэхдээ зарим нэгэн эцэг эх ажил төрлийн байдлаас шалтгаалаад үзүүлж чаддаггүй. Томуу, томуу төст өвчний үед 3-5 хоногийн дараа давтан үзүүлэх ёстой байдаг. Давтан үзүүлээгүйн улмаас дээр хэлсэн хүндрэлийн шинжүүд илэрч байж болно. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой. Өвчин эхэлснээс хойш долоо хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй тусгаарлах ёстой. Амьсгалын замын өвчлөл гэдэг утгаараа нэг хүүхэд цэцэрлэгт өвчтэй очиход бусад бүх хүүхэд өвчлөх гээд байдаг. Тийм болохоор заавал тусгаарлаж эмчилнэ.
-Сүүлийн долоо хоногт Сүхбаатар дүүргийн хэмжээнд хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна уу?
-Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчний идэвхжил 4.2 хувьтай байна. Хүүхдийн кабинетээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 45 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлж байна. Хүүхдийн нэг эмчид ноогдох ачаалал 26-30 хүүхэд. Энэ бол ердийн хэмжээ гэж үзэж болно.