Categories
мэдээ цаг-үе

Б.Оюу: Нэр дэвшигчийн тухай аливаа санал асуулгыг зургадугаар сарын 19-нөөс хойш явуулахыг хуулиар хориглосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зарим зүйлийг хуульч, өмгөөлөгч Б.Оюугаас тодрууллаа.


-Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид яг хэзээ сонгуулийн сурталчилгаагаа эхлэх ёстой вэ?

-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг 2017 оны зургадугаар сарын 06 өдөр эхлүүлж, зургадугаар сарын 24-ний өдрийг дуустал явуулахаар заасан. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааг зөвхөн дээрх 19 хоногт явуулах ба бусад хугацаанд сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон.

-Сонгуулийн хуулинд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийн далд хэлбэрийн сурталчилгаа, суртал ухуулга явуулж байна гэх маргаан сонгууль бүрээр гардаг. Ямар ямар тохиолдолд хуулийн заалт зөрчсөн болох вэ?

-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах үндсэн долоон хэлбэрийг тодорхойлон заасан ба эдгээрээс бусад хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Эдгээрт сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; намын далбааг гудамж талбайд байрлуулах; сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; ухуулах байр ажиллуулах; радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; цахим хуудас ашиглах гэсэн үндсэн үйл ажиллагаа хамаарна. Эдгээр үйл ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн явуулах талаар Сонгуулийн тухай хуульд нэгбүрчлэн нарийвчлан тодорхойлсон байдаг. Жишээлбэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна гэж заасан байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны зориулалтаар нээгдээгүй, өөр бусад цахим хуудсанд нийтлэгдсэн сонгуулийн сурталчилгаа нь хуульд заасан дээрх агуулгаас хэтэрч болохгүй гэж ойлгогдож байна. Ийнхүү хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг “хууль бус сурталчилгаа” гэж нэрлээд байгаа юм. Харин таны асууж буй далд хэлбэрийн сурталчилгаа, суртал ухуулга явуулж байна гэх маргаан нь хууль зөрчиж байна, эсвэл үгүй гэж шууд хариулахад хэцүү. Үүнийг зөвхөн шүүхээс эцсийн шийдвэр гарснаар тодорхойлно гэсэн үг юм.

-Цахим сошиал ертөнц орчин дахь сурталчилгааг хэрхэн дүгнэх вэ. Нэг хүнийг дэмжсэн групп, сэтгэгдэл зэргийг хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үү?

-Дээр дурдсанчлан цахим орчинд хэрхэн сурталчилгаа явуулах талаар хуульд заасан тодорхой шаардлагууд байгаа. Харин олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх болсон нэр дэвшигчтэй холбоотой бүх мэдээллийг шууд “хууль зөрчсөн” гэж үзэх боломжгүй. Тухайн мэдээллийг хэн, ямар зорилгоор эсвэл хэний даалгавраар нийтэлсэн байна вэ гэдгийг шүүхээс тогтоож байж сая “хууль зөрчсөн” гэж үзэж болно гэсэн үг юм.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад зарим төрийн бус байгууллага, клуб нэртэй газрууд нэр дэвшигчдийн судалгаа гээд санал асуулга маягийн юм явуулж байна.Дээр нь утасныхаа дугаарыг бич гэдэг ч юм уу. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Сонгуулийн тухай хуульд иргэдээс авах санал асуулгатай холбоотой байж болохуйц үндсэн хоёр хориглосон агуулга бий. Нэгдүгээрт, 2017 оны нэгдүгээр сарын 01 хойш зургадугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон. Тэгэхээр аливаа төрийн бус байгууллага нь нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулахдаа аль нэг нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилготой байсан уу, үгүй юу гэдэг асуулт хамгийн чухал болж таарах нь. Өөрөөр хэлбэл шалгаруулалтыг зохион байгуулсан нь тухайн нэг дэвшигчийг сурталчлах гэсэн үү, эсвэл эсрэгээр улс төрийн чансааг дор байгаагаар харагдуулж сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн үг юм. Хоёрдугаарт, аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглосон. Эндээс үзэхэд нам, нэр дэвшигчийн тухай аливаа санал асуулгыг 2017 оны зургадугаар сарын 19-ний өдрөөс хойш явуулахыг бүрмөсөн хориглосон байна.

-Ер нь нэр дэвшигчдийн болон хэвлэл мэдээллийнхний сонгуулийн тухай хууль зөрчих магадлалтай гэдэг юм уу энгийн хэлбэрүүдээс дурдаж болох уу?

-Юун түрүүнд аль ч “хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэсэн Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг баримталж ажиллаасай гэж хувь иргэн, хуульчийн зүгээс хүсмээр байна. Сурталчилгаатай холбоотой зөрчлийн тухайд 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд өмнөх хуульд байсан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалтууд бий. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглосон. Хэрэв ийм зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар байна. Үүнээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх хүртэл хариуцлагатай байдгийг анхаарах нь зүйтэй.

Мөн сүүлийн үед интернет орчинд мэдээлэл, сурталчилгаа эмх замбараагүй явагдаж байна. Гэвч сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдах үүрэгтэй байдаг. Мөн ийм төрлийн сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглосон. Энэ мэтчлэн Сонгуулийн тухай хуулийн талаар зөвхөн нам, нэр дэвшигчид зэрэг сурталчилгаа явуулах эрхтэй этгээдээр хязгаарлагдалгүй, тухайн сурталчилгааг хүртэх сонгогчид, түүнийг түгээх хэвлэл мэдээллийн байгууллагууд ч зөв мэдээлэл, мэдлэгтэй байх шаардлага нэн өндөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *