Categories
мэдээ нийгэм

Б.Одонхүү: Энэ сарын 28-аас ургац хураалтын ажил эхэлнэ

Намар болж, газар тариалангийн ажил ид явагдаж байна. ХХААХҮЯ-наас гаргасан урьдчилсан балансаар энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авах төлөвтэй байгаа ажээ. Үр тарианы болц, ургац хураалтын бэлтгэл ажил, цаг агаарын нөхцөл байдал ургац хураалтад хэрхэн нөлөөлсөн талаар холбогдох газрын мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ХХААХҮЯ-ны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү:

-Энэ жилийн үр тариа, ургац хураалтын баланс ямар үзүүлэлттэй гарсан бэ. Одоогийн байдлаар ургац хураалтын ажил эхэлсэн үү?

-Энэ жилийн ургац хураалт нийт нутгаар шууд эхлээгүй байгаа. Ерөнхийдөө ХХААХҮЯ-аас энэ намар 501 мянган тонн үр тариаг хураан авна гэсэн тооцоо гаргасан байгаа. Үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43 мянган тонн малын тэжээлийн ургамал байна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ургац хураалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Ургац хураалтын техник, хэрэгсэл, агуулах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн засвар үйлчилгээний ажил улсын хэмжээнд 90 орчим хувьтай хангагдаж байна. Ерөнхийдөө ургац хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар ургацын болц ихэнх нутгаар хэвийн үргэлжилж байна. Зүүн талын нутаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар, зун гандалттай байснаас тодорхой хэмжээний ургац алдсан. Зүүн бүсэд урьдчилсан балансаар 5-6 центнер ургац хураах тооцоо судалгаа гарсан байгаа. Харин төвийн бүс нутгаар ургац хураалт харьцангуй хэвийн түвшинд явагдаж байгаа. ХХААХҮЯ наймдугаар сарын 26-нд Монголын тариаланчдын холбоотой хамтран “Намрын ургац- 2016” сэдэвт үр, тариа, ургац хураалтын талаарх хурал болох гэж байна. Энэ хурлын үеэр намрын ургац хураалтын ажлын талаарх ерөнхий чиг үүрэг авч ажиллах байх.

-Улсын хэмжээнд ургац хураалтын ажил хэзээнээс явагдах вэ. Өнгөрсөн жилийн үлдэгдэл улаан буудай бий юу?

-Одоогийн байдлаар нийт нутгаар ургац хураалтын ажил эхлээгүй байна. Техник хэрэгслийн, агуулах байр савны бэлтгэл ажил явагдаж байна. Ерөнхийдөө энэ жилийн ургац хураалт наймдугаар сарын 28-аас явагдах юм. Цаашлаад есдүгээр сарын дундуур шууд хураалт явагдана. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан улаан буудайгаа энэ жил үйлдвэрт нийлүүлчихсэн. Харин гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайн нарийн тоо гаргаагүй байна.

-Энэ жилийн ургац хураалт өмнөх жилийнхтэй харьцуулахад ямар байх вэ. Өнгөрсөн жил буудайн чанар муу байна гэсэн шүүмжлэл их гарсан. Харин энэ жилийн бороо хур буудайн чанарт нөлөөлсөн тал бий юу?

-Өнгөрсөн жил ихэнх нутгаар цочир хүйтэрч хяруу унаснаас болж нийт ургацынхаа 60-70 хувийг хяруунд цохиулж байсан. Ингээд гүйцэд боловсроогүй буудай хяруунд цохиулснаар цавуулаг нь муудсан тал бий. Мөн цаг уурын байгууллага цаг уурын төлөв, мэдээллээ зөв өгөөгүй, үүл буудаагүй зэргээс болж тариаланчид их хэмжээний ургацаа алдсан. Харин энэ намар дээрх алдаагаа дахин давтахгүйн тулд ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж байна.


Есдүгээр сарын дундуур нойтон цас орно

Газар тариалан эрхлэгчдээ анхааруулж ЦУОШГ-ийн судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ч.Сарантуяагаас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх тодруулгыг авлаа

Тэрээр “Есдүгээр сарын агаарын дундаж хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9 мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30 мм, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм хур танадас орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын дунд үеэс сэрүүч, зарим газраар нойтон цас хаях хандлагатай байна. Харин есдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдал намрын ургац хураалтанд төдийлөн нөлөөлөхгүй хэмээн харж байна. Гэвч тариалан эрхлэгчид өдөр бүрийн цаг агаарын мэдээллийг хүлээн авч ажиллахыг анхааруулж байна” гэв.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *