Categories
мэдээ цаг-үе

Б.Наранзуны эмээ, гавьяат эмч Х.Бадарчтай хөөрөлдсөн хугас өдөр

Х.Бадарч эмч нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч
нарын нэг

“Эрэвгэрхэн алаг нүд чинь энгийн ч биш дээ амраг минь, ай хө бүжиглэе дээ, алив бүжиглэе дээ, эрвээхэй эндүүрмээр ээ мөн ч хөөрхөн дөө” гэж ирээд сэтгэл хөвсөлзүүлдэг хуучны дуу бий дээ. “Энгийн биш нүд” гэдэг нэрнээс нь илүүтэй “Эрэвгэр алаг нүд” гэдгээрээ олны сэтгэлд үлдсэн сайхан дуу. Энэ дууны эзэнтэй хугас өдөр хууч хөөрлөө. Монголын урлагт нэртэй, мөртэй Жамцын Бадраа агсны гэргий, гавьяат эмч Х.Бадарч гуайтай. “Дэлхий ээж”, “Хайрын дурсамж”, “Зүүдэлснийг минь уучлаарай” гээд олон сайхан дууг түмэнд хүргэсэн Бадрууган агсны ээж, Наранзуны эмээ гээд яривал хуучлах түүх ихтэй буурай. Бадарч гуай ханьтайгаа галыг нь бадрааж орсон тавин мянгатын байрандаа даруухан аж төрж байна.

“Эрэвгэр алаг” нүд гэснээс ийм явдал болж. Наймдугаар ангид байхад нь сумын клуб шинээр байгуулагдаж үдэшлэг болж л дээ. Тухайн үед үдэшлэгийг олон нийт гэдэг байж. Найзынхаа ятгалгаар үдэшлэгт очсон сурагч охиныг улаан булангийн эрхлэгч үдэшлэгийн хөтлөгчөөр тодруулаатхаж. Нөгөө хөтлөгч нь хотоос ирсэн МУИСийн оюутан Бадраа. Тухайн үеийн үдэшлэг бүрийг эхлүүлдэг “Монголын залуучуудын марш”ыг клубт цугласан залуус босч зогсоод дуулсны дараа вальс эхэлж дээ. Улаанбулангийн эрхлэгчийн баянхуурын ая эгшиглэхэд босох хүн гарахгүй нэлээд юм болж. Хотын оюутан залуу сурагч охиныг урьснаар бүжиг эхэлжээ. Тэр тухай Ж.Бадраа агсан “Эргэн тойрноо харлаа. Уриад бүжиглэх хүүхэн нүдэнд туссангүй. Цуг үдэшлэг хөтлөхөөр болсон охин цаашаа хараад зогсч байна. Энэ охин бүжиглэх болов уу гэж бодоод ойртож очоод алив хоёулаа бүжиглэх үү гэлээ. Өнөө охин огцом эргээд дүрлийтэл ширтлээ. Тэр харц түүнээс хойш сэтгэлээс гараагүй шүү” хэмээн ярьж байжээ. Ж.Бадраа агсны үгийг нь зохиосон “Энгийн биш нүд”ний түүхийг гэргийтэй нь уулзаж байж сонссон нь энэ. Барууны ертөнцөд морин хуур, уртын дууны гайхамшгийг анхлан мэдрүүлсэн Ж.Бадраа агсныг “Халуун элгэн нутаг”, “Гайхмаараа”, “Гоёхон чимэг юм уу даа, “Жаргаах зүрхэн” -ээс эхлээд олон сайхан дууны үгийн зохиогч гэдгийг уншигчид андахгүй.

Гэр бүлээрээ

Биднийг очиход Бадарч гуай тос хайлж, ааруул хурууд таваглачихсан хүлээж байлаа. Наранзун лагер дээр байна гэнэ. Бадрууганы дүү Бадарсан ээжтэйгээ амьдардаг юм байна. Ач, гуч нар нь үе үе ирж бужигнуулдаг гэж гэрийн эзэгтэй ярилаа.

Бадарч эмч сүүтэй цай оочлонгоо “Би Хөвсгөлд төрж өссөн. Ижий аав минь ч тэр нутгийнх. Бид Хөвсгөлийн улс” хэмээн яриагаа эхлэв. 1933 онд Улаанбаатар хотод анхны төрөх эмнэлэгт төржээ. Нэгдүгээр төрөх бүр эхэндээ 15 ортой, жижигхэн дүнзэн байшин байж. Аав нь “Монгол транс”-ын анхны жолооч, авто сургуулийг анх төгссөн долоон жолоочийн нэг гэнэ. “Аав ээж маань хотгойдууд. Ээжийн нагац ах нь Ахай бэйсийн хошууны сүүлийн ноён Цэдэндорж. Мөрөнгийн төвийн хойд талд Хужиртын ам гэж бий. Цэдэндорж ноён Хужиртын аманд арваад хүүхэдтэй бага сургууль байгуулаад ээжийг сургуульд оруулсан юм билээ” гэж хуучлав. Радиогийн анхны нэвтрүүлэгч Л.Рагчаа, Хөвсгөлийн цэргийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Цэрэнжав хурандаа гээд сүүлд нэрээ гаргасан мундагууд ээжтэй нь нэг анги байжээ. Ээж нь анхны соёлын дотолгоогоор улаан гэрийн эрхлэгч болж Ховдын хязгаарыг зорьж байж. Тэндээсээ Улаанбаатарт ирээд Монгол банкны эрдэнэсийн тасагт ажиллажээ. Тухайн үед феодалуудын хөрөнгө гэж шуудай шуудайгаар алт, мөнгө, шүр, сувд ирж байсныг ялгаж бүртгэх үүрэгтэй ажилладаг байсан бололтой. Бадарч эмчээр ээжийнх нь түүхийг яриулаад байвал их л сонин содон зүйл хуучлах янзтай. Аавынх нь түүх ч сонин гэж жигтэйхэн юм. 1932 оны эсэргүү дарах хөдөлгөөнд Лхүмбийн жолоочоор ажилласнаас нь эхлээд яриулбал чих сортойлгосон хууч яриа хөврөх нь илт. Ээж, аав нь охиноо багад нь нутагтаа буцаж очиж, Бадарч эмч тэндээ аравдугаар ангиа төгсчээ.

Зүүн гараас төрийн соёрхолт Д.Лувсаншарав, Ж.Бадраа, Т.Насанбуян, урд
эгнээнд Б.Наранзун

Ж.Бадраа гуайтай дотноссон түүх нь гэгээхэн, дотно дулаан гэж. Хотын оюутан залуугийн “Гурван жилийн дараа чи аравдугаар ангиа төгсч, би их сургуулиа төгсөх юм байна. Би чамд итгэж болох уу” гэсэн асуултад “Сургуульдаа онц сурдаг юм чинь би итгэж болох сайн хүн байх. Итгэж болохгүй гэвэл муу хүн болж таарна” гэж гэнэхнээр бодоод толгой дохисноо ярьж хөгжилтэй инээх. Оюутан залуугаас захиа авчихаад “Бушуухан шатаах юмсан” гэж яаран уншдаг байснаа, кирилл бичгээр хичээл үздэг болохоор монгол үсгээр дурайтал бичсэн утга төгөлдөр захианы зарим утгыг ухаж амжилгүй шатааж сууснаа, хүлээсэн гэх гурван жилийнхээ зун нь л хальтхан тааралдаад өнгөрдөг байснаа, аравдугаар ангид орох жилээ Арбулаг сумын наадам дээр таарахдаа арай өөр нүдээр харснаа дурсав. Ингээд л сургуулиа төгсөцгөөгөөд гэр бүл болжээ.

Зургийн цомог сонирхуулах зуураа Бадарч эмч түүхээ ярив. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажиллаж байж. Тухайн цагт нэгдүгээр төрөхийн эмч нарын тал нь орос, тал нь монголчууд байсан гэнэ. Зөвлөлтийн эмч нар эрүүл мэндийн салбарын суурийг ганхахааргүй тавьж өгсөн гэж хуучны эмч нар ярьдаг. Бадарч эмч ч орос эмч нарын тухай олон сайхан дурсамж ярилаа. Эх барихын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Соловеев гэж хүн эмчийн дөртэй болгож байж. Эмчээр ажиллаж эхлэх үед нь нярай хүүхдүүд дутуу төрөлтөөс болж эндэх тохиолдол их гардаг байжээ. Дутуу төрөлтийг онцгойлж судалж, нярайн эндэгдлийг багасгаж чадсан хүн юм байна. Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх кабинет хүртэл байгуулж явжээ. Лаост ажилласан түүх нь их сонирхолтой юм. Эмнэлэггүй алслагдсан Сингхуанг мужид нь манай улсын Эдийн засгийн хорооноос 150 ортой эмнэлгийн цогцолбор барьж өгч байжээ. Монголоос явсан мэргэжилтнүүдийнх нь нэгээр Бадарч эмч явж. Төрөх тасагт нь ажиллаж, лаос эмч нарыг сургажээ. Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чулуунбат агсны аав Очирбат Монголын мэргэжилтнүүдийн багийг ахалж явжээ. Лаосчууд эмнэлэг гэж мэдэхгүй, ёстой нөгөө “Сэрэлт” кинонд гардаг шиг л юм болж. Тэнд ардын засаг тогтоод арав гаруйхан жил болж байсан үе аж. Эмнэлэг нээгдсэн хагас сард ямар ч хүн ирсэнгүй гэнэ. Мужийн хүн амын ерээд хувь нь шумуулаар дамждаг хумхаагаар өвчилчихсөн, архагшсан хэцүүхэн цаг байж. 14 хоногийн дараа өглөө эрт хулсан дээр нэг эмэгтэйг дамнаад ороод ирж. Ус нь гараад хоёр хонож байгаа 29 настай бүсгүйг аварснаас хойш хүмүүс олноороо ирэх болжээ. “Европ эм хэрэглэж үзээгүй улс учраас маш дуулгавартай. Антибиотек хэрэглэж, шөнөжингөө үзсэн дээ. Бид чинь эм тариагаа өөрсдөө авч явсан болохоор учиртай. Залуу хүн, эм хэрэглэдэггүй байсан улс учраас дороо тэнхэрсэн” гэж ярилаа. Бас нэг бүсгүйг үхлээс аварсан түүхээ ярив. Нөхөр нь баярласнаа илэрхийлж зөгийг үүртэй нь авчирч бэлэглэсэн гэнэ. Хагас жилийн дараа өнөө бүсгүй уулнаас дөрвөн хүүхдээ дагуулан алхаж ирээд уулын зэрлэг жимс бэлэглэж, уйлж баярлаад жигтэйхэн юм болж.

Зүүн гараас Б.Бадрууган аавын хамт

Бадарч гуайн өрөөнд орлоо. Хоймрынх нь ханаар дүүрэн ном. 2000 гаруй ном бий гэнэ. Хуучны, одоо бол нүдний гэм болсон толь бичиг, цувралууд голдуу харагдана. Номонд дуртай хүмүүсийн хорхой хөдөлгөхөөр ховор номнууд ч цөөнгүй үзэгдэнэ. 1800-гаад онд хэвлэгдсэн ном ч байгаа аж. Дийлэнх нь орос, англи хэлээр хэвлэгдсэн номнууд юм. Төвд, хятад хэлээр хэвлэгдсэн ном ч харагдана. Бадарч гуай ханийнхаа цуглуулсан сонгодог зохиолуудыг том хүүдээ өгчээ. Бадрууган агсанд. Мянгаад номыг нь Радио, телевизийн дээд сургуульд хандивлажээ. Номын сангийн дээхнэ Бямбын Ринчений идэр цагийн хөрөг зургийг залжээ. Садангийнх нь гавьяат Балдандорж гэж зураач зуржээ. Бадарч эмч “Ринчен гуай чинь манай хүний их сургуулийн анги даасан багш. Өөрөө захиж байж зуруулсан юм. Үлгэрийн маягтай ч юм шиг, их сайхан зураг” гэж байна. Инжинаш, Нацагдоржийн хөргийг ч энэ өрөөний хүндтэй хэсэгт залжээ.

Ж.Бадраа агсан сургууль төгссөн жилээ Хөвсгөлд багшаар ажиллажээ. Очсон эхний жилээ сайн ажилласан гэж Ю.Цэдэнбалд тоогдоод анхны нууц, шууд сонгуульд депутатаар нэр дэвшиж байж. Хөвсгөлийн Зүрх сумаас. Шууд сонгуулиар сонгогдсон анхны депутатаар ийм түүхтэйгээр сонгогдож байжээ. Дараа нь Радио хороонд ажиллуулахаар Хөвсгөлөөс хот руу татсан юм байна. Радиог редакцийн системтэй болгох зохион байгуулалтыг анх хийсэн хүн ажээ. Сүүлд үндэсний үзэлтэй гэж ажилгүй байх хугацаандаа уран бүтээлээ завсаргүй туурвидаг байж.

Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий, Б.Бадрууганы ээж, Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Бадарч. 2017.08.05

Номын сангийн дээхнэ Бадраа агсны хөвгүүддээ авчирсан бэлэгнүүд болох шаазан тоглоомууд өржээ. Бадарч гуай “Хүүхдүүдийнхээ зан аашинд тохируулж ийм хөөрхөн тоглоом авчирдаг байсан юм. Бар нь дунд хүү Бадарсангийнх. Тэр янзага нь Бадрууганых. Тахь нь Наранзуных. Морь нь бага хүү Баатарнарангийнх. Наранзунаас хойш ийм тоглоом олдохоо байсан. Оросууд хийхээ байчихсан юм” гэж байна. Чингүнжавын номнууд номын санд нь байдаг нь учиртай юм байна. Бадарч эмчийн уг гарлыг хөөвөл Чингүнжавын удмынх гэнэ. Номын сангийн нүүрэн хэсэгт өлгөсөн цаг их түүхтэй эд аж. Гэрийн эзэгтэй цагны түүхийг “Манай хүн 1987 онд Америкт ардын дуу бүжгийн долоо, найман уран бүтээлчтэй явсан юм. Найман хотын их сургуулиудаар явж, лекц тавьж, ардын урлагийг сонирхуулсан. Ардын урлагийг америкчуудад мэдрүүлсэн хамгийн анхны групп дээ. Тэр үед Нью-Жерсид амьдарч байсан Цорж ламын дурсгасан эд” хэмээн сонирхуулав.

Зочны өрөөнд гэрийн эзний төрсөн буйрны зургийг хүндэтгэн залжээ. Энэ өрөөний нэг хана бас битүү номоор дүүрчээ. Бурхан тахилын хэсэгт Жалханз хутагт Дамдинбазарын хөрөг байна. Гэрийн эзний ээжийнх нь аавын дүү гэдгийг уншигчид андахгүй байх. Ж.Бадраа агсны удмын энэ мундаг хүний зургийг Бадрууган агсан жаазалж залсан нь энэ ажээ. Бакула Ринбүүчи зургаа дурсгасан нь тахилын хэсэгт хүндтэй байр эзэлжээ. Зочны өрөөний ханын шүүгээнд зэс домбо гэх мэт түүх өгүүлсэн хуучны эд цөөнгүй юм. Найз нөхдийн дурсгасан дурсгалын эд зүйлээ ч өржээ.

Бадарч гуай цай аягалангаа “Манайх гурван сайхан хүүтэй. Бадрууган маань гурван хүү, нэг охинтой. Том хүү нь Наранзун. Удаах нь Лондонд сургууль төгсөөд ирсэн. Дараагийнх нь Гийгүүлэн. Кино оператор. Овоо нэртэй болж байгаа, миний хүү. Охин Болор нь Радио телевизийн сургууль төгссөн. Дунд хүү маань надтай хөгширч яваа хүн. Бага хүү Баатарнаран маань ганц охинтой. Охин нь МУИС-д багшилж байгаад Австрид судалгаа хийхээр явсан. Наранзуны маань том охин анагаахад эмч болохоор сурах гэж байна. Дараагийн хүү нь дунд сургуульд сурдаг. Бага нь гурван нас хүрч байгаа” хэмээн ярилаа. Бадарч эмч айлын том учраас цагаан сараар олны хөлд дарагддаг ажээ. Ж.Бадраа агсны үед гэрээр нь орж гарч явсан хүмүүсээс Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар одоо ч ирж хууч хөөрдөг гэнэ.

Гэрэл зургийг Б.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *