Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмар: Ажилтай ядуучуудын эгнээнд энэ салбарынхан шилжээд байна

Б.Мягмар Эмч сувилагчдын цалин зурган илэрцүүдЭмч сувилагчдын цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан жагсаал суулт болон үргэжилсэн. Хоёр дах өдрөө сууцгааж байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмараас тодрууллаа: “Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны таван сарын наймны өдөр 5000 гаруй хүн жагсаал цуглаан хийж, Эрүүл мэндийн яаманд шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцээрийн ширээний ард суусангүй. Дэвшилтэд хүрээгүй, үр дүн гараагүй. Тиймээс бид суултаа үргэлжлүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид ачааны хүндийг үүрч явдаг. Энэ тэмцэл бол шударга. Энэ тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгө явагдаж байна. Мөлжлөгийг халах ёстой. Шударга үнэлэмжийг тогтоох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт шаардлагын хариуг ирүүлсэн. Үнэхээр сайхан үгнүүд бичсэн байна лээ. Бид тэр хариуг нэгбүрчлэн уншиж танилцаад бүрэн үр дүн гарах хэмжээний хариу биш учраас суултаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариунд хувцас хоолоор хангана гэсэн сайдын тушаал гаргасан байна лээ. Хөрөнгө мөнгөгүйгээр эмч сувилагчдыг хооллох боломж байхгүй. Эмнэлгүүдийн хоолны зардал өвчтөний хоолондоо таардаг. Эмч сувилагч нар шөнө ихэнх нь хоолгүй хонодог. Ходоод нь хоосон, бэлэн гоймонд хиам хэрчиж иддэг. Заримдаа өглөө өлөн зэлмэн буудаг. Ямар ч хөрөнгө мөнгийг шийдэхгүйгээр энэ тушаал шийдвэр хэрэгжих боломжгүй. Тиймээс бид тэмцлээ үргэлжлүүлж байна. Ажил хаялт хийх хүртэл үргэлжилнэ. Хэлэлцээрт ороход бид бэлэн. Хэлэлцээрт ороод үр дүн гарах хүртэл суултаа хийнэ. Энэ тэмцэл минь зүгээр цаасан дээр бичсэн үсэг болоод өнгөрөх биш бодит үр дүн гаргах л хэрэгтэй. 2014 оноос хойш цалин хөлс нэг ч төгрөг нэмэгдээгүй. 2018 оны хоёрдугаар улиралдаа багтааж 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай. 2019 оныг бид хүлээж чадахгүй. Ажилтай ядуучуудын эгнээнд энэ салбарынхан шилжлээ. Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарынхан бүгд тийм” гэв.

Уриагаа барьсан суугчид төрийн ордны өмнө суултаа үргэлжлүүлсээр. Энэ талаар Нийгэм хөдөлмөр эрхлэлтийн ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа ярихдаа: “Бид цалинг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл амжиргааны түвшинг хангаж, хөдөлмөрлөсөн ур чавдарт тохирсон үнэлгээ гэж ойлгох ёстой. Шинэчлэл гэж ярьж буйг үгүйсгэхгүй. Энэ бол зөв эхлэл. Хэрэгжихгүй механизмыг ярих нь цаг үеэ олоогүй бол худлаа болдог. Тэгэхээр Монголд маш их төсвийн хомсдол нь томсгосон нормативаар цалин хөлсийг тогтоох асуудал руу яваад байна. Төрийн албаны хуулиар баталгаажуулсан цалингийн сүлжээ жишгийн асуудлыг доод, дээд итгэлцүүрийг зөв болгох хэрэгтэй. Шүүгчид өнөөдөр 5-6 сая төгрөгийн цалин авдаг. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан 500-600 мянган төгрөгийн цалин авна. 10 дахины зөрөө гарч байна. Тэгэхээр Хөдөлмөрийн хууль, Төрийн албан хаагчийн хуулинд заалт хийгээд тэдээс илүүг авна гээд гүрийхэд л цалингийн бодлого зөв болно. Түүнээс мэс ажилбар юмуу эмч нарын зэрэг дэвээр нь шатлалтай цалин бий болгоно гэдэг хэзээ ч хэрэгжихгүй. Ийм зүйлийг энэ хүмүүс цалингийн шинэчлэл гэж яриад цаг хугацаа алдах нөхцөл бүрдээд байгаа. Дөрвөн жил цалин нэмээгүй. Одоо улсын төсөв яриад Олон улсын вальютын сантай хэлэлцээр хийж, эдийн засгийн өсөлт байгаа үед тодорхой хэмжээний эх үүсвэр л дайчлахгүй бол нөгөө санг нь барьдаг Сангийн яам хэзээ ч эдний ажлыг ахиулахгүй. Өнөөдөр цалинг хэн тогтоож байгаа вэ. Уг нь Хөдөлмөрийн яам тогтоох ёстой ч бодлогоо алдсан. Тийм учраас Сангийн яам төсвийг ихэсгэж багасгах замаар тэр байгууллагын хүмүүсийн цалинг тогтоох ёстой. Бүсийг нь чангалаад төсвийг нь хянаад байхаар энэ бага цалин дээр унаад байна. Эрх мэдэлтэй шүүгчид, Үндсэн хуулийн цэцийнхэн, Прокурор, Авилгатай тэмцэх газрынхан бол Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж байгаад “Бид нарын цалинг Засгийн газар, Улсын их хурал мэдэхгүй, бид өөрсдөө тогтооно” гэж өөрчлөлт хийж байгаад өөрсдөө шийддэг. Тэгэхээр эрх мэдэл дагаж цалин өсдөг. Эсвэл УИХ-ын гишүүдийн лоббигоор юм явдаг болж. Хөдөлмөрийн ялгавар бий болж байна. Бага цалингийн цаана хөдөлмөрийн мөлжлөгө бий. Монгол Улсын нэгдэн орсон конвенциуд зөрчигдөөд ирсэн гэдгийг би баттай хэлье. Яагаад гэвэл би энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Би цагтаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн яамны нэгдүгээр газрын дарга, Сайдын зөвлөх гэх мэт цэргээс нь эхлээд дарга болтлоо олон ажил хийсэн. Тиймээс энэ хүмүүсийг дэмжихээс өөр арга алга, тэмэцхээс өөр арга алга” гэлээ.

Б.Мягмар Эмч сувилагчдын цалин зурган илэрцүүд

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *