ШИНЭ намын ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
-ШИНЭ намын дарга асан Ж.Батзанданг баривчлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Баривчлагдахынхаа урьд өдөр лайв хийсэн байдаг. Маргааш нь гэнэт хоригдчихсон. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?
-НҮБ-аас хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хүний эрхийг зөрчих явдал өндөр хувьтай байна гэж дүгнэснийг олон нийт сонссон байх. Яг л тэр үйл явдал болж өнгөрөөд байна. Хөгжлийн банктай холбоотой гэх хэргийн талаар мэдээлэл алга. Гол нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой баривчилгаа болчихов уу гэж харж байна.
Ж.Батзандантай энгийн хүмүүсийг бодвол ойр дотно явсан хамтран зүтгэгчийн хувьд баривчилгаа болсны дараа учир мэдэх хүмүүсээс асууж, тодруулсан л даа. Тэгэхэд Ж.Батзандан бол Хөгжлийн банктай холбоотой хэрэгт ямар ч хамааралгүй юм байна гэдэг итгэл үнэмшил төрсөн. Нэгдүгээрт, тэр хүн Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Нэр холбогдоод байгаа банк нь арилжааны банк. Аливаа банк бол эрсдэлээ тооцож зээл гаргадаг. Хоёрдугаарт, банкнаас зээл авсан гээд байгаа хүн нь Ж.Батзандангийн гэр бүл, хамаатан садан буюу хамаарал бүхий хүн биш. Ингээд харахаар хууль эрх зүйн талаасаа Хөгжлийн банкнаас 11 тэрбум төгрөг аваад завшчихсан юм шиг хэвлэлээр бичээд байгаа шиг зүйл огт байхгүй.
-Зээл авсан гэгдээд байгаа арилжааны банкны захирал өөрөө хэвлэлд ярьсан байсан шүү дээ. Олон нийт ч түүнд үнэмшиж таарна…?
-Нэг талын мэдээлэл хүч түрж гарч ирдэг. Нэг ёсондоо хонгилын технологи шүү дээ, энэ чинь. Эхлээд хэвлэлээр буруутгаж, олон нийтэд үзэн ядуулдаг. Тэгээд араас нь баривчилдаг, шалгаж эхэлдэг. Үүнд намын хамтран зүтгэгчийн хувьд эргэлзэхгүй байгаа.
Энэ улсын төсөв санхүү гэж сэтгэлээ чилээж уншиж судалж, дуу хоолой болохыг хичээж явдаг хүний хувьд би Хөгжлийн банктай холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд мэднэ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 онд босгосон шүү дээ. Түүнээс хойш Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлүүдээ зүгээр хэвтүүлж байхаар багахан ч атугай хүүтэй хадгалъя гэж арилжааны банкуудад 2014, 2015 онд байршуулж эхэлсэн.
Ингээд арилжааны банкууд зээл олгож эхэлсэн. Дээр хэлснээр банк өөрөө хариуцлагатай байх ёстой. Өөрсдийнхөө хариуцлагагүй үйлдлийг хувь хүнд тохож болохгүй.
-Та Ж.Батзандантай хамтран зүтгээд хэр удаж байна?
-Би ШИНЭ намын генсек байсан. Бид хамтарч ажилласан, 2020 оны сонгуулиар ялагдсан нь үнэн. Мэдээж манай сонгуулийн тогтолцоо ямар булхай, луйврынх болсон билээ. Олон хүчин зүйлээс шалтгаалж санал авч чадаагүй. Тиймээс хариуцлагаа үүрээд хоёулаа албан тушаалаа өгсөн. Гэхдээ бидний үзэл баримтлал хэвээрээ. Төрд тогтолцооны шинэчлэл хийж, МАНАН тогтолцоог бүрэн задлах ёстой.
Энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ зүй тогтлыг өөрчлөх нь ч дамжиггүй. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл дахиад 30 жил ужгирна. Гадаадын хөрөнгө оруулалт, шударга бизнес, шударга шүүх, баялгийн эзэн болох тухай ярих утгагүй. Улс төрийн тогтолцоог өөрчилж байж биеллээ олно. Үүн дээр манай нам хатуу байр суурьтай зогсдог.
-Ж.Батзандангийн сүүлд хийсэн лайв бичлэгийн агуулга ч энэ тухай байсан. Үүндээ Ерөнхийлөгчийг нэр цохсон нь өөртөө асуудал үүсгэчихэв үү?
-Яахав, манай хүн ярихдаа эмоци гаргасан байж магадгүй. Гэхдээ ерөнхий зарчим бол зөв. Ингэж ярих эрх хүн бүхэнд бий. Үндсэн хуулиас эхлээд Олон Улсын хүний эрхийн конвенц гээд бүх хууль эрх зүйн хүрээнд хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулаад өгчихсөн. Гэтэл хуулийн байгууллага хүний эрхийг зөрчсөн асуудал гарсан. Ж.Батзанданг хорих хугацааг сунгаад хугацаа нь амралтын өдөр дууссан байдаг. Шүүх үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрээ гаргаагүй. Хэрэв энэ тохиололд амралтын өдөр ч бай тухайн хүн суллагдах ёстой. Гэтэл прокурор маргаашийн ажлын өдрийг хүлээж бай, шүүхийн шийдвэр гарна гэж 20 гаруй цаг зөвшөөрөлгүй хорьсон юм билээ. Намын зүгээс энэ асуудлаар ХЭҮК-т гомдол гаргасан.
Бид мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгээд хэргийнх нь талаар хөндөхгүй байгаа. Ядаж хүний үндсэн эрхийг эдлүүлээч гэж хүсч байна. Ж.Батзандан бол өнөөдөр улс төрийн албан тушаалтай биш, намын дарга ч биш, энгийн иргэн.
Мэдээж лайв бичлэгтэй холбогдуулаад олон нийт янз бүрээр дүгнэж байгаа болов уу. Зарим нь Ж.Батзанданг албан тушаал авсан гэх мэтээр ч ярьдаг. Тэр бол тэр хүний өмнөх үйлдлүүд. Олон хатуу үйлдэл хийж ирсэн нь үнэн. Тэр бүртэй нь зууралдаад байх ёсгүй болов уу.